Усаа хайрлан хамгаалдаг Монгол ёс

Монголчууд эрт дээр үеээс “Ус-Чандмань эрдэнэ”, “Усыг нь уувал ёсыг нь дагана”, “Уул савдагтай ус эзэнтэй” гэх зэрэг сайхан зүйр, цэцэн үгс хэлэн усаа хайрлан хамгаалж ирсэн заншилтай билээ. Усыг амьдрал тэтгэгч ариун зүйлийн нэг гэж үзэж ихэд эрхэмлэнэ. Хэрэв гол мөрөн, булаг шанд, рашаан нуур цөөрмийн усыг бузартуулбал Лус эзэн хилэгнэж муу юм болно гэж ихэд айн болгоомжилно. Монголчуудын олон зуун жилийн амьдралд энэ нь байнгын дадал заншил болсон тул усаа хамгаалах нэгэн сайн арга болсон юм. Одоо хүртэл уламжлан буй эдгээр ёс заншлаас дурьдвал:

  • Гол мөрөн, булаг шанд, нуур цөөрөм,худгийн усанд сүү цагаан идээ, цус зэргийг хийх, дусаахыг хориглоно.
  • Сүү цагаан идээтэй шанага, халбагаар булаг, шанд, гол, горхи, худгийн уснаас хутган авдаггүй.
  • Булаг, шанд, рашааны тулах эхэнд айл буухыг хориглоно.
  • Рашаан булаг, шандны эхний мод, бутыг авах, гэмтээхийг цээрлэж хадаг яндар зүүн дархлана.
  • Аливаа усны эхийг ухаж төнхөхгүй.
  • Булаг шанд, рашааны эхэнд байгаа хад чулууг хөндөдгүй.
  • Гол ус, булаг шандны эхэнд болон ойр орчинд бие засах, нулимах зэрэг элдэв ялгадсаа хаяхыг цээрлэнэ.
  • Усны эхийг булингартуулахаас болгоомжилно.
  • Рашааны загас, жараахай, хорхой шавьжийг хөнөөхийг хориглоно.
  • Голын ус, нуур цөөрөмд унаж үхсэн мал, амьтны сэг зэмийг заавал цэвэрлэнэ.
  • Голын ус булаг шанданд үнс нурам хийхийг цээрлэнэ.
  • Тогтмол усанд биеэ болон хувцасаа угаахыг цээрлэнэ.
  • Үнс, хог, угаадасыг гол булгын эхэнд асгадаггүй.
  • Ус гатлахдаа мориноосоо бууж духаа усаар шавшин гол гаталдаг.
  • Голын усыг гатлахдаа дух, бугуйгаа усаар норгож байж гол туулдаг.
  • Давс хужиртай, ус тогтдог тойромд хог хаядаггүй.
  • Тал хээр, говийн малчид малаа услахдаа худгийн усыг аль болхоор хямгатай зарцуулахад ихээхэн анхаардаг.
  • Хүйтний улиралд онгоцондоо ус үлдээж хөлдөөхийг ч цээрлэж ирсэн байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*