Хар домын аргаар хорт хавдар эмчилсэн хачин тохиолдлууд

Энэ хүн хорт хавдраас салж, эргэх хорвоогийн бүтэн долоон жилийг ардаа орхиод буй. Холын хол Ховд аймгийн Манхан сумын малчин нэгэн бөлгөө. Өөрөөс нь албан ёсны зөвшөөрөл аваагүй тул нэрийг бичсэнгүй.

Тэгэхдээ олны танил хүний төрсөн дүү гэдгээрээ түүхэн хийгээд бодит баримт болж байгаа юм. АТГ-ын дарга агсан Д-ийн эмэгтэй дүү нь билээ. Эл эмэгтэйн талаар түүний дүү Б.Д-ын ярьсныг уншигчиддаа хүргэе. Тэрбээр тун сонирхолтой хууч хөөрсөн билээ. “Миний эгчийн бие 2005 оны эхээр гэнэт муудаж, бид хот, хөдөөгийн бараг бүх эмнэлгээр явсан даа. Лам, хар очоогүй хүн ч байхгүй. Онош нь тодрохгүй олон зовлон тоочин, хоног хороосоор байтал нэг л өдөр Хавдар судлалын үндэсний төвд хэвтэв. Гэхдээ эхлээд онош тодруулахаар хэвтсэн хэрэг. Хэд хоноод эд эсийн шинжилгээ хийлгэсэн. Бид ч бас л олигтой хариу гарахгүй дээ гэж бодож байлаа. Гэтэл ходоодны хорт хавдартай гэдэг байгаа. Гэрт, гадаагүй л түргэн авахуулсан. Эмчилгээг ч эрчимтэй хийлгэлээ. Сэхэх янз алга. Эцэж тураад, яс арьс болон өдрөөс өдөрт муудсаар байв. Эргэлтээр надаас өөр хүн очдоггүй болсон. Аргагүй шүү дээ. Нүднээс гарч байгаа хүнийг хэн харахыг хүсэх билээ. Ах ажил ихтэй болохоор амжихгүй. Хагас, бүтэн сайнд амралтаараа л нэг эргэнэ. Ингээд хагас сар хэртэй болоод эмч нар нь уулзъя гэлээ. Халган байж орвол хамаг онош, эмчилгээ гээд халтай балтай бүгдийг ярилаа. Хавдар нь энэ байна. Хавийнхаа эрхтэнд нөлөөлсөн тул яах ч арга алга. Ердөө гурван сарын настай. Эгч тань өөрөө эмчилгээнд орохгүй гэсэн. Химийн эмчилгээ хийлгэх ёстой байсан юм.

Тэгэхээр та гомдолгүй гэсэн гарын үсэг зураад аваад гар даа гэсэн. Би ч ёсоор болголоо. Хамаагүй хөдөлгөж болохгүй гэсэн учраас Ховд руу аваад явах боломж байсангүй. Гэрээр хийх олигтой эмчилгээгүй болохоор яах билээ. Ингээд гэртээ гаргаад байж байтал манай нэг авга ах эмчлэх юм боллоо. Бид итгэх биш дээ. Ядаж сэтгэл санааг нь өргөг гэж санаад зөвшөөрсөн. Уг нь уламжлалт эмнэлгийн боловсролтой хүн л дээ. Нутаг усандаа нэртэй нэгэн болохоор бас ч гэж нууцхан горьдлого заримд маань байсан юм билээ. Хэд үзээд ахад /талийгч/ хэлж байна. Энэтхэгт нэг эм байдаг юм. “Хадагтай эм” гэхээр андахгүй. Маш яаралтай олуул гэсэн. Ах Дээд шүүхэд ажиллаж байсан тул амьтан хүн  танилгүй яах вэ. Тун удаалгүй тухайн үед нэлээд өндөр үнээр олж авлаа. Даавуун боодолтой, дээгүүр нь хадгаар ороосон дөрвөлжин эм ирсэн. Өнгө, үнэр амтыг нь мэдэх боломж байгаагүй. Хэрэглэх арга нь маш нарийн, хэн болгон хийгээд байхааргүй юм билээ. Шөнийн 00.00 цагт харанхуй өрөөнд халуун бүлээн усанд найруулж тавина. Гэрэл үзүүлэхгүй. Тэгээд үүр цайх үед оочиж уудаг ёстой. Уухдаа авга ахын хэлж өгсөн тарнийг уншаад л ууна даа. 20 үүрээр ууж, 20 хоног завсарлах маягаар хоёр удаа хэрэглэвэл нэг курс эмчилгээ болно гэсэн үг. Хэлснээр нь л болсон. Маань мэгзэмийг нь мань мэт сонирхох биш. Эгч л мэдэж байгаа. Ингээд эхний курс эмчилгээ дуусахад л сэхээд ирсэн дээ. Ёстой итгэмээргүй юм болсон. Хоолноос бүрэн гарсан хүн хоолонд бага багаар орж эхэлсэн. Хоёр өгзөг, тохой нь цоорч эхэлж байсан хүн өндийдөг болсон гэхээр үзээгүй хүмүүс итгэхгүй л дээ. Эдгэж буй хүн андашгүй юм билээ. Царай нь өдрөөс өдөрт дордсон шигээ эсрэгээрээ өдрөөс өдөрт засраад л ирсэн. Сүүлд цай, хоолоо суугаад идэж, уудаг болов. Нэг сэхэл авчихаараа хүн маш амархан засардгийг тэгэхэд л нүдээрээ харсан даа. Төдөлгүй дараагийн курс эмчилгээ эхэлснээр нойр, хоолонд бүрмөсөн орсон шүү. Ингээд үндсэндээ гараас гарч ёстой л үзээгүйгээ үзсэн. Эмчилгээ дуусангуут харьсан.

Түүнээс хойш долоон жил боллоо. Өнгөрсөн намар ирэхээр нь ХСҮТ-д аваачиж эмч нартай нь уулзууллаа. Гуравхан сарын нас өгч гарын үсэг зуруулж асан нөхөд жинхэнэ алмайрч байна лээ. “Танилгүй яах вэ. Ямар юм хэрэглэв?” гээд л байсан. Шинжилгээнд үнэгүй хамруулж сонирхоё гэсэн боловч эгч зөвшөөрөөгүй. Нэгэнт эдгэчихсэн хүн юугаа харуулах билээ гэсэн. Бид ч үнэн байх гэж санаад хүчлээгүй. Эгч нэг сонин зүйл ярьдаг. Хоёр дахь курс эмчилгээ хийлгэсний дараа хэдэн өдөр хачин өнгөтэй зүйлээр гүйлгэсэн. Хамаг хор нь тэгэхэд л гарсан байх гэдэг юм” хэмээсэн бөлгөө. Элэгний хорт хавдартай, эмчилгээгүй гэгдэж эх орондоо ирээд Хэнтийн хөвчид хэдэн жил амьдраад сэхсэн генерал Г.Жамсран гэдэг хүнийг хүмүүс мэдэх биз. Өөрийгөө хэрхэн эмчилсэн талаараа өргөн олонд зориулсан ном хүртэл бичсэн нь одоо ч гадуур гар дамжуулан уншдаг юм билээ. Хөвчийн бараг бүх гол горхины ус ууж, өвс ногоог нь идсэн гэдэг. Ингээд чухам ямар өвс, ургамал, ус, рашаан эм болсныг яг таг тогтоож чадаагүй гэсэн байна лээ. Хүн байгалийн амьтан болохоор байгалийн гаралтай эмээр л эмчлэгдэх ёстой гэдэг бурхны сургааль үнэн буй за. Энэхүү Г.Жамсран гуайн тухай элдэв сонин яриа байдгийг уншигчид бараг мэдэх тул энд дэлгэрэнгүй бичээд яах билээ. Харин бичсэн номыг нь олоод уншчихад гэмгүй байх. Монголын уламжлалт эмнэлэгт маш нарийн жор, эмчилгээ байдаг гэсэн. Энэ чиглэлийн эмч, судлаачид эрхбиш мэдэх биз. Ялангуяа Европ эмнэлэгтэй яс зохицуулан хэрэглэж чадвал ямар ч өвчнийг анагаадаг тухай яриа бий. Хоёр дахь жишээг одоо өгүүлье. Бас л зөвшөөрөл аваагүй болохоор нэр, усыг нь бичиж төдсөнгүй. СУИС-д олон жил багшилсан, хөгжмийн зохиолч нэгэн л дээ. Нэрнийх нь  эхний үсгийг М гэдэг бөлгөө.

Тэрбээр миний бараг хуурай ах тул ийнхүү зоримог өгүүлж буй хэрэг. Мөн л шинэ зууны эхээр буюу 2000-аад оноос бие нь нэг л явуургүй болсон. Бас л ХСҮТ-д хэвтэж эмчлүүлээд эмчилгээгүй гэгдэн гарсан юм. Энэ хоёр жишээг дурдахдаа ХСҮТ-ийг, тэндхийн эмч, мэргэжилтнүүдийг буруутгах гээгүй юм шүү.  Олон арван хүнийг оношлож эмчилсэн буянтай газрын нэг гэдгийг өгүүлэхгүй байж яахин болох билээ. Эрт оношлуулсан өчнөөн хүн эднийхээр эмчлүүлээд аюулт өвчнөөсөө салсан тохиолдол арваар бус хэдэн мянгаар тоологдох буй за. Тэдний амжилт, ололт  бүхэнд ил тул тоочоод яах билээ. Энд зөвхөн этгээд хачин ганц хоёр тохиолдлыг өгүүлж байгаа юм шүү гэдгийг хэлэх нь зүйтэй байх аа. М ах эмнэлгээс гараад нэгэн хөгшнөөр эмчлүүлсэн билээ. Элэгний хорт хавдартай нь бүр тодорхой болчихсон. Хэвлийд нь шингэн хуралдсан хүндхэн байсан хүн л дээ. Тийм хүн уддаггүйг та бүхэн мэдэх биз. Нөгөө хөгшин баараггүй эмнэсэн юм даа. Түүнээс хойш М ахын бие эдгэж, одоо эрүүл саруул хийгээд энд тэнд хааяа тоглолтоо ч хийж явдаг болсон юм. Хөгшний эмчилгээ маш энгийн.

Хятадын “Талын хар” хэмээх архи нэг шил  адууны туурайн дээхнүүр байдаг  хоёр ургацаг буюу “шивэр” хоёр ширхэгийг хэрэглэсэн байна. Жор нь ч их амархан ажээ. Дээрх “шивэр”-ийг хатааж нүдэн нунтаглаад 10 литр усанд буцалган хандалдаг юм байна. Хандыг самбайгаар шүүн авч зөвхөн усыг нь өдөрт нэг стакан буюу 200 граммаар уудаг ажээ. Ингэхдээ нөгөө “Талын хар” архиараа даруулах бөгөөд хэмжээ нь ердөө 10 грамм. Ийм эмчилгээг 20 өдөр хийгээд сар өнжин дахиад нэг курс эмчилгээ хийхэд хэвлий дэх ус нь шимэгдэн хатаж хоолонд ороод эхэлжээ. Бас л эм уухдаа элэгний өвчний эсрэг нэгэн “тарни” хэлж байснаа өгүүлсэн билээ. Ялангуяа хоёр дахь курс эмчилгээний дунд үеэс хэвтрийн шахуу хүн чинь босч яваад эхэлсэн байдаг. Эмчилгээ дууссаны дараа хөгшний зөвлөсөн хоолны дэглэмийг яс зургаан сар мөрджээ. Хайрсан, хуурсан юм огт идүүлээгүй нь орчин үеийн эмнэлгийн эмч нарын зөвлөдөгтэй ижил байгаа юм. Одоо юу дуртайгаа идэж, уудаг ердийн хүн болсон ажгуу. Энэхүү хоёр эмчилгээнд ёс юм шиг хэрэглэгдсэн хоёр “тарни”-ийг заавал унших ёстой гэнэ билээ. Эмчилгээний тарнийн тухай номд байдаг тухай ч хэлсэн билээ. Хар дом, уламжлалт эмнэлгийн аргаар хорт хавдрыг ялсан хоёрхон тохиолдлыг ийнхүү дурдахад хангалттай биз ээ.

Г.Мөнх

6 Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*