“ХАР АЛТ”-аа хаашаа экспортлох вэ

Нүүрс гэх ганц үг ардаа асар олон асуултын тэмдэг дагуулаад олон жил боллоо. Нүүрсний тухай яриа өрнөхөд өргөн, нарийн царигийн талаар төмөр замын асуудал, цаашлаад урд, хойд хөршийн тухай улс дамнасан том маргаан дэгддэг. Хэсэгтээ л нам жим байсан “хар алт”-ны хэрүүл дахин өндрөө авлаа.

Өнгөрсөн долоо хоногт хойд хөршийн Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалт болсон билээ.

Уг уулзалтад манай улсаас Ерөнхийлөгч Х.Баттулга, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, ОХУ-ын талаас ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Левитин, тус улсын Байгалийн нөөц, экологийн сайд С.Донской, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.Азизов, Оросын төмөр замууд хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхийлөгч О.Белозёров нарын албаны хүмүүс болон хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон.

Уг арга хэмжээний хүрээнд Монгол, Оросын бизнес форум болсон бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Саяхан бид “Восточный” боомтод очоод ирлээ. Тэр боомтод Монгол Улсын нүүрсийг Зүүн Азид нийлүүлэх боломж байгааг харлаа. Тэнд Монголоос хол оршдог Хакасын нүүрсийг 8,000 гаруй км тээвэрлэж авч ирээд зарж байна. Энэ нь Монгол Улсын Тавантолгойн сайн чанарын нүүрсийг төмөр замаар дамжуулж борлуулах боломж байгааг харуулж байна. Дэлхийн үнэ цэнэ рүү ойртуулах боломжийг өөрийн нүдээр төлөөлөгчдийн хамт очиж харлаа’’ гэв.

Мөн Ерөнхийлөгч “Уул уурхайн бүтээгдэхүүнийг далайд гаргахын тулд дэд бүтэц хэрэгтэй. УИХ-аар 2010 онд 5,000 орчим км төмөр зам бүтээн байгуулах төсөл оруулж батлуулсан. Үүний Тавантолгойгоос Сайншанд хүртэлх эхний хэсгийн 458 км төмөр замын ажлыг ирэх жилээс эхлэх талаах ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовт таниулахад найрсгаар хүлээж авсан” тухай ярьсан.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулгыг Находка дахь “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцах үеэр ОХУ-ын талаас Монгол Улсад тус боомтоос газар өгье. Тус боомт шиг боом байгуулаад Тавантолгойн нүүрсээ дэлхийн зах зээл рүү гаргах боломжтой хэмээн албан ёсоор санал тавьжээ.

Цаг хугацааны хувьд дээрх үйл явдалтай нэгэн зэрэг “Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор нүүрсний салбарын “Coal Mongolia-2017” чуулган Улаанбаатар хотод долоо дахь жилдээ зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтийн үеэр “Фэнвэй энержи информэйшн сервисез” компанийн ТУЗ-ийн орлогч дарга Чан Вай Күэн “Урд хөршийн импортын 40 орчим хувийг Монголоос нийлүүлж байна. Мөн Бээжингээс аюулгүй байдлын үүднээс нүүрсний уурхайнуудаа хаасан учир манайхаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэх боломжтой” гэдгийг хэлсэн.

Мөн Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Засгийн газрын 400 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон. Ирэх жилээс барилгын ажлыг эхлэх болсон” гэсэн.

Нүүрсний салбарын чуулганы үеэр сэтгүүлчдийн асуултад Монголын нүүрсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Наран “Тавантолгойн нүүрсийг “Восточный” боомтоор БНСУ, Япон руу гаргах асуудлыг өмнө судалж, эдийн засгийн хувьд ашиггүй гэдгийг тогтоосон” гэдгийг хэлсэн бол Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Улсын эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед эдийн засгийн ашигтай буюу зардлаа нөхөж чадах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг түрүүлж барих хэрэгтэй” талаар хэлж байсан.

Ийн өнгөрсөн долоо хоногт Засгийн газраа огцруулна, огцруулахгүй хэмээн хоёр хуваагдаад байсан монголчууд үргэлжлүүлэн “хар алт”-ны хэрүүлээ хийх нь. Гэтэл дэлхийн тэргүүн нүүрс экспортлогч Австрали Улс нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихаа зогсоож магадгүй болоод бай-а Мөн өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзах талаар санал дэвшүүлээд, өөр байгальд ээлтэй түлшийг судалж эхэлсэн. Xapин Монгол Улс нүүрсний экспортын тал дээр хэзээ нэгдсэн нэг шийдэлд хүрэх вэ.

Т.Болор-Эрдэнэ

Сэтгэгдэл:

Please enter your comment!
Please enter your name here