Боловсрол

Төрийн албан хаагчийн сургалтын төвтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сургалтын төв”-ийн нээлтийн ажиллагаа өнөөдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлагийн дарга, удирдлагууд оролцов.

Энэхүү “Төрийн албан хаагчийн сургалтын төв”-ийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн хөгжлийн банктай хамтран байгуулсан юм. Тус төвд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилчин, албан хаагчдад зориулсан богино хугацааны мэргэшүүлсэн сургалт зохион байгуулах аж.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Тус төвийн сургалтын үндсэн агуулга нь туршлагаас мэдлэг, мэдлэгийг чадвар болгох зарчимд тулгуурлана. Мөн нийгмийн хэрэгцээ шаардлагыг мэдэрч дэлхийн хөгжилтэй зэрэгцэн, чадвартай мэргэжилтнийг хөгжүүлэн төрөлх хотоо хөгжүүлэх мэргэжил эзэмшүүлэх зорилготой юм. Нийслэлийнхээ иргэдийн төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёсзүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангарагласан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн албан хаагч та нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтын хөдөлгөгч хүч нь болж, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр мэдлэг, боловсролтой, ёс зүйтэй, өрсөлдөх чадвартай, мэргэшсэн албан хаагч болгохын тулд хичээнгүйлэн суралцах, сурч мэдсэн зүйлээ өөрийн байгууллага, хамт олондоо түгээн, хуваалцах гэсэн хоёр чухал үүрэг ногдож байгааг анхаарах нь зүйтэй” хэмээн онцолж байлаа.

Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал хатагтай Габриэла Спирли “Швейцарын хөгжлийн агентлагийн хувьд хотжилтоос үүдэлтэй тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Хоёр жил гаруй хугацаанд хэрэгжиж буй хотын засаглалыг сайжруулах төсөл нь бидний хувьд НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа хамгийн чухал төслийн нэг. Энэ төслийн хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх замаар нийслэлд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг сайжруулахыг зорьж байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Related Articles

Back to top button
Close