Дэлхийн анир

Бурунди улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүнчлэлээс татгалзлаа

Зүүн Африкийн Бурунди улс нь Олон улсын эрүүгийн шүүхийн  /ОУЭШ/ гишүүнчлэлээс татгалзсан анхны орон боллоо.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, африкчуудыг зориуд онилон яллаж байна гэж ОУЭШ-ийг тус улс шүүмжилж, гишүүнчлэлээсээ татгалзах шийдвэрийг баасан гарагт гаргасан байна.

Харин Бурундигийн Засгийн газрыг “хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг” үйлдэж, хүмүүсийг эрүүдэн шүүж, хөнөөж байна гэж НҮБ болон олон улсын ТББ-ууд шүүмжилж байгаа юм. Тус улсад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхийг НҮБ-ын Мөрдөн шалгах хороо ОУЭШ-д уриалж байна.

Гишүүнчлэлээс татгалзсан нь Бурунди улсыг ОУЭШ шалгахад нөлөөлөхгүй аж.

122 гишүүн улстай тус шүүхээс гарна гэдгээ Бурунди нэг жилийн өмнө анхааруулж байжээ. Тус шүүхийн гишүүдийн 34 нь Африкийн улс гэнэ.

2015 онд Бурунди улсын Ерөнхийлөгч Пьер Нкурунзизе гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдсэнтэй холбоотойгоор тус улсын ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж, аюулаас хамгаалах хүчнийхэнтэй мөргөлдсөн байна. Энэ эсэргүүцлийн жагсаалын үеэр баривчлагдсан хүмүүсийг өнөө хэр нь суллаагүй байгаа бөгөөд тэднийг эрүүдэн шүүж байна гэж олон орон Бурунди улсын Засгийн газрыг зэмлэн буруушааж байгаа юм.

Кени болон ӨАБНУ мөн ОУЭШ-ийн гишүүнчлэлээс татгалзах асуудлыг авч хэлэлцэж байгаа аж.

Г.Доржханд

Related Articles

Back to top button
Close