Боловсрол

Хүүхдийн хөгжлийг дэмжих хөтөлбөрүүдийн нээлт боллоо

“Хүүхдэд ээлтэй орон нутаг- Хүүхдэд ээлтэй дүүрэг”, Хүүхдийн насны онцлогт тохирсон хүүхдийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж, дүүргийн удирдлагуудын хичээл зүтгэл, дэмжлэгийг бий болгох, дүүргийн хүүхдүүдийн дуу хоолойг сонсож хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх зорилготойгоор Баянзүрх дүүргийн Засаг Даргын тамгын газрын чуулганы танхимд зохион байгууллаа.

Нийслэл хот нь Хүүхдэд ээлтэй хот болгохын тулд “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөрийг  Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас санаачлан боловсруулан  НИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурлаар 2015 онд батлуулан хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөр нь хүүхэд, гэр бүл, орчин, үйлчилгээ гэсэн томоохон дэд чиглэлүүдээс бүрдсэн хөтөлбөр тул дан ганц хүүхдийн өөрийнх нь насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр шаардлагатай гэж бид үзэн “Хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурлаар 2017 оны зургаадугаар сыарын 22-ны өдрийн 103 дугаар тогтоолоор батлуулаад байна.

Энэхүү хөтөлбөрийг 2017 оны 4 дүгээр улиралд туршин хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргийг сонгон аваад байна.

Нийслэлийн дүүргүүдээс хүн амын тоогоор 2-т ордог, хүн амаа дагаад үзүүлж буй үйлчилгээ, тулгамдаж буй асуудлууд ихтэй том дүүргийн хувьд энэ томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг алдаж боломгүй боломж, Аз жаргалтай Улаанбаатарыг бий болгох томоохон түлхэц болхуйц ажил гэж бодож байна.

Монгол улсын Засгийн газраас НҮБ-ын Хүүхдийн сантай 2017-2021 онуудад хамтран ажиллах улс орны хөтөлбөрийн хүрээнд ядуу, эмзэг бүлгийн хүүхдүүдийн эрүүл мэнд, хоол тэжээл, ус ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний хүртээмж, ашиглалт нь сайжруулах, хүүхдийн эсэн мэнд амьдрахуйд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах,  боловсролын үйлчилгээнд хүүхдийг тэгш хамруулах, эрүүл, чанартай сургалтын орчинг бүрдүүлэхэд болон хүүхдийн асуудлаарх бодлого, төсөвлөлт, тогтолцоо, түүний дотор хүүхэд хамгааллын тогтолцоог хөгжүүлэх зорилтууд дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтот дүүргээр Баянзүрх дүүргийг сонгон, 2015 онд баталсан “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар хөтөлбөр”-тэй уялдуулан  Хүүхдэд ээлтэй дүүрэг болоход техникийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэхээр хамтын ажиллагааны 2017-2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурж байна.

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг нь алслагдсан, хүн ам ихтэй дүүргүүдийн нэг бөгөөд гэр хороолол давамгайлсан, эмзэг бүлгийн хүн ам ихтэй, ажилгүйдэл, ядуурал болон бусад нийгэм, эдийн засгийн үзүүлэлт харьцангуй доогуур зэрэг үзүүлэлт нь хүүхдийн ядуурал, хүүхдийн гачигдалд шууд болон шууд бус нөлөө үзүүлж байдаг тул хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай юм.

Засаг дарга Т.Баясах, Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, дүүргийн удирдлагуудын хичээл зүтгэл, дэмжлэгийг бий болгон, хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, тэдний хэрэгцээ шаардлагыг хүндэтгэн шийдвэр гаргах, хүүхдийн асуудлыг нэн тэргүүнд тавьж бусад дүүрэгт үлгэр болохуйц хүүхдэд ээлтэй дүүрэг болгон ажиллах болно. Хүүхдэд ээлтэй дүүрэг болох зорилгод хүрч, дүүргийнхээ хүүхдийн аж байдалд тодорхой өөрчлөлтийг авчирна гэдэгт бид итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

“Хүүхдийн чанартай боловсрол, эрүүл мэндийн шаардлагад нийцсэн үйлчилгээг баталгаажуулах, усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалахад цаг алдалгүй хөрөнгө оруулалт хийснээр улс орон хөгждөг бөгөөд хөрөнгө оруулалт хийхэд цаг хугацаа алдсанаас гарах сөрөг үр дагаврыг арилгахад илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай болдгийг улс орнуудын туршлага, судалгаа шинжилгээ харуулдаг. Иймд Хүүхдэд ээлтэй засаглалыг хөгжүүлж, хүүхдийг асуудлыг чухалчилж үздэг байх хэрэгтэй” гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс нээж хэлсэн үгэндээ онцоллоо гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Related Articles

Back to top button
Close