Танин мэдэхүй

Диян бясалгалын тухай товчхон

Диян хэмээх үг нь Монгол хэлнээ Нямба хийх Диян-д суух гэх бөгөөд Санкрит хэлнээ चणक chanakah Балба хэлнээ चना chana, Төвд хэлнээ хөрвүүлбээс tsa na хэмээх сунжирсан үгийн дуудлагаар дууддаг байна. Диян нь аглаг сэлүүнд сууж анхаарлаа төвлөрүүлэх замаар оюун санааг орчлонгийн хүлээснээс ангижруулж, улмаар гэгээрлийг олох Бурханы шашны нэгэн гол аргын нэг юм.

Амьдрах ухаан нь нэгэн төрлийн урлаг бол диян нь хүмүүний амьдралын утга учрыг таньж мэдэх эрхэм дээд билиг оюун аж. Утгыг онож танихуй нь нэн бэрхтэй орчлонгийн тоосон дунд хүмүүс хоорондын нарийн төвөгтэй харьцаанд түүртэхгүй амьдарна гэдэг нэн амаргүй. Харин хувь хүн дияны аргыг эзэмшсэнээр гадаад орчны хүлээсэнд автахгүй уснаа хөвөх загас, агаарт дүүлэх шувуу лугаа адил чөлөөтэй тааваараа амьдарч амьдралын гэрэл гэгээг цацруулж байдаг аж.

Дия хийх нь бидэнд сэтгэлээс алдууран одсон цэнгэлийн орныг эргүүлэн олж авахад туслаж чадна. Эдийн шунал хүсэлд аалзны тор мэт хэрэгдсэн өнөөгийн нийгэмд, оюуны хоосролд орж, сэтгэлийн дарамтанд хүлэгдсэн хүн цөөнгүй байдаг. Түүнийг дагалдан хүмүүний сэтгэл цэвдэгшин зэрлэгшиж, нэр ашгийг эрхэмлэх үзэл сэтгэлийн орон зайг зугуухан эзэлсээр байнам бус уу. Тэр хэрээр хүмүүс амьдралын үнэ цэнэ, утга учрыг эрэлхийлэх зав чөлөөгүй болж, аажмаар эд материалын боол болон хувирч байна. Харин диян нь цэнгэг салхи, шүүдрийн дусал мэтээр бидний амьдралыг тэтгэн ундаалж, төөрөгдлөөс гэтэлгэн, сэтгэлийг маань илүү эрх чөлөөтэй орон зайд аваачин хүмүүний ёсоор амьдрахад тусладаг юм.

Диян хүмүүс бидэнд билиг оюуны хурц нүдийг хайрладаг. Хариуцлагын хариуд сэтгэл ханамжтай байж, шударга журмын хүчинд амар амгаланг эдлэн, бусдын төлөө гэсэн сэтгэлийн жаргал эдлэснээр амьдралын алхам тутамдаа дияаны нарийн ёсыг ойлгож мэдэрч болдог ажээ. Диян хэмээгч нь бодит байдлаас ухрахгүй түүнийг гэтлэн давж, орчлонгоос хэтийдэн ангижирч, эргэж түүндээ хутгалдан орохын нэр ажгуу. Дорно дахины билиг оюуны сор болсон диян нь хувь хүний амьдрал, сэтгэл санааг ажиглах, жинхэнэ утга учиртай амьдралыг эрэлхийлэх зэрэг онцлог шинжээрээ дэлхийн улам олон улс орны хүн ардын сонирхлыг ихээр татаж байна.
Дияны ёс нь хэдийгээр ойлгохуйяа нэн бэрх мэт атлаа хэлбэрийн тал дээр туйлын энгийн хялбар байдаг.

Tags

Related Articles

Back to top button
Close