Танин мэдэхүй

Бөхөн

Судлаачдын хэлж байгаагаар бол бөхөн маш эртний эрмэл амьтан аж. Эрмэл гэдэг нь эрт дээр үеэс өдийг хүртэл тэсч үлдсэн амьтныг хэлээд байгаа хэрэг. Дүр төрх нь яг л тэр үед байснаараа. Тиймдээ ч “муухай” харагдаж байгаа байх. Бөхөн ойролцоогоор 250 мянган жилийн өмнө амьдарч байжээ. Олон мянган бөхөн ноост хирс, арслан заан, бизонтой хөршлөн амьдарч байсан гэсэн үг. Эдгээр амьтад мөхөж алга болсон бол бөхөн эртний түүхээ ханхлуулан нутагтаа идээшилж явна. Монгол бөхөн их нууруудын хотгорт хязгаарлагдмал нутагт тархжээ. Тодруулбал, Ховдын Хар ус нуур, Дөргөн, Хяргас нуурын орчим түүнээс урагш Хүйс, Шаргын говьд байдаг. Монгол бөхөн нутгийнхаа “амьтан найз” нараасаа ялгарах нэг том онцлогтой. Тэр бол дэлхийд өөр хаана ч байхгүй Монголын уугуул амьтан юм. Монголчууд унаган адуу гэдэг дээ, яг л түүнтэй адил. 250 мянган жилийн өмнө Монголд л амьдарч байсан, одоо ч эндээ л бэлчиж байна. Азтай,бас азгүй амьтан. Тийм олон жил болоход мөхөлгүй төрөлх нутагтаа өдийг хүртэл амьдарсаар ирж бидэнд амьд “үзүүлэн” болж байгаа азтай. Харин ийм ховор амьтан гэдгээ “ойлгуулж” чадаагүй азгүй амьтан. Яагаад гэхээр монголчуудын олонхи нь бөхөнгийнхөө үнэ цэнийг мэддэггүй,ийм нэг амьтан явж л байдаг гэж ханддаг. Үнэ цэнэ гэдгийг мөнгөн утгаар нь биш харин маш ховор,нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах ёстой гэдгээр нь онцолж байгаа юм. Монголд олон мянган амьтан бий, харин бөхөн шиг эртний,унаган нутагтаа “насаараа” амьдарч байгаа нь байхгүй. Гэтэл бид дэлхийд өөр хаана ч байхгүй Монгол бөхөнгөөрөө бахархахын оронд бууны ам чиглүүлж байх юм.

Tags

Related Articles

Back to top button
Close