Ярилцлага

П.Доржпагма: Уралдаанд байр эзлэхдээ биш өөрийгөө нээх нь чухал

Сонсоход сэтгэлд таатай, сэтгэн бодоход далдын их хүчийг өгүүлдэг төгөлдөр хуур хэн хүний барьж авч тоглоод байдаггүй эрхэмсэг нандин хөгжим. Ийм албыг насан туршдаа эрхэмлэж, тийм л гоо сайхныг эзэмшиж, шавь нартаа өвлүүлэхээр 30 гаруй жил зүтгэж яваа төгөлдөр хуурч П.Доржпагматай хуучиллаа.
–Төгөлдөр хуурыг хөгжмийн Хаан хэмээн дээдэлдэг. Гэхдээ түүнийг тоглож, эзэмших чадварыг багш нар л бүрдүүлдэг байх. Та энэ мэргэжлийг хаана эзэмшив. Олон шавьтай юу? 
-Би ОХУ-ын Санкт-Петербургийн Консерваторийг төгсч, сүүлд магистр хамгаалсан. Эх орондоо Хөгжим бүжгийн коллежид 33 жил ажилласан.
Одоо миний шавь нараас Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуур, онолын багш, Завхан аймгийн  театрт төгөлдөр хуурч, УДБЭТ-т балетын концертмейстэр гээд улс эх орондоо мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Миний хувьд одоо Кубын Гавана хотод амьдарч байна.
–Таны багшлах арга, оюутнуудтай ажиллах болон сурган хүмүүжүүлэх онцлогийн талаар сонсмоор байна?
-ОХУ-ын Санкт-Петербургийн Консерваторийг төгсөж ирсэн цагаас хойш Хөгжим бүжгийн коллежийн Төгөлдөр хуурын тэнхимийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах талаар байнга ажиллаж, өөрийн уран бүтээлд тогтмол эрэл хайгуул хийж, урын сангаа өргөтгөн улирал бүр уран бүтээлийн концерт бэлтгэн тоглож оюутан сонсогчдодоо хүргэсэн. Энэ нь коллежийн сургалтын хөтөлбөр боловсруулах үйл явцад нөлөөлж, оюутан сурагчдаа олон улсын А ангиллын уралдаан, элсэлтэд амжилттай оролцуулах боломжийг нээж өгсөн. Монголдоо төгөлдөр хуурын урын санг баяжуулахад тодорхой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдсэн юм.
–Танд авьяаслаг шавь олон байгаа байх. Ойрын өдрүүдэд “Ирээдүйн төгөлдөр хуурчдын тоглолт”-ыг телевизээр үзэж суухдаа багшийн эрдэм хязгааргүй юм даа гэж бодож суулаа?
-Хөгжим бүжгийн коллежийн дээд сургуулийн курс 2003 онд нээгдэхэд шавь Т.Гэрэлцэцэг анхны элсэгч болж, С.Рахманиновын II концертыг төгсөлтийн шалгалт дээр тоглож, ДБУЭТ-ын тайзнаа тайлан тоглолтоо нэр төртэй толилуулж байлаа. Үүнээс хойш гурван ч оюутныг бакалавраар төгсгөсөн. Тэд Хөгжим бүжгийн коллеж, театрт концертмейстэрээр ажиллаж байна.
–Таны шавь нараас гадаад, дотоодод уран бүтээлээ толилуулж яваа удирдаач, пианистууд байдаг уу?
-Багш хүн шавь нараараа үргэлж бахархаж явдаг. Шавь нар маань ч тогтмол багштайгаа холбоо барьж хийсэн бүтээснээ тайлагнадаг. Олон шавь маань Монголдоо төдийгүй олон улсын тавцанд нэртэй удирдаач, хөгжимчид болж монгол түмнээ баярлуулж яваа. Тухайлбал, төгөлдөр хуурчаар төгсөөд дахин хоёр дахь мэргэжил удирдаачийн анги төгссөн Б.Лхагвасүрэн маань ОХУ, БНХАУ, АНУ , Шинэ Зеландад байнга уригдан удирдаачаар ажиллаж, олон сайхан концерт хийж дэлхий дахинд танигдсан удирдаач болж байна. Бас нэг шавь Т.Пүрэвсүх Хөгжим бүжгийн коллежийг төгсөхдөө П. Чайковскийн I концертыг сонгон тоглож онц нэмэх дүнтэй дипломоо хамгаалсан онцгой авьяастай шавь байлаа. Цаашид Казахстаны нийслэл Астанад консерватори төгсч ирээд Улсын филармонид өөрийн жааз хөгжмийн хамтлаг байгуулан түүнийгээ удирдан Монголдоо цоо шинэ чиглэлээр ажиллаж олон уран бүтээл амилуулж байна. Улсын цирк, филармонид мэргэжлээрээ ажиллаж буй До.Отгонбаатар, Завханы хөгжмийн сургуульд багшилж буй Б.Бодьгэрэл, Хөгжим бүжгийн коллежид онолын тэнхимд багшилж буй Э.Уранхүү, балетын тэнхимд 20 гаруй жил концертмейстэрээр ажиллаж балетын боловсон хүчин бэлтгэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Д.Одгэрэл, Хөгжим бүжгийн коллежид төгөлдөр хуурын тэнхимдээ ажиллаж буй шавь Д.Нямсүрэн нараа онцлон нэрлэмээр байна. Шавь Т.Гэрэлцэцэг маань Хөгжим бүжгийн коллежио төгөлдөр хуурын анхны бакалавр болж төгссөн. Одоо  симфони найрал хөгжмийн удирдаачаар сурч аавынхаа мэргэжлийг өвлөж байгаа.
–Төгөлдөр хуурын багшийн мэргэжлийн бахархал юу вэ?
-Бид заримдаа олон оюутан, шавь нар маань олон улсын дунд, дээд ангиллын уралдаан тэмцээнд оролцож шагналт байр эзэлж байвал бүх зүйл сайн сайхан мэтээр боддог тал бий. Одоо эргэн харахад олон улсын арга хэмжээнүүдэд оролцож байр эзлэх нь сайхан боловч шагналт байрнаас хамаарахгүйгээр хувь хүн хүссэн мэргэжлээ чадварлаг эзэмшиж, сонгосон мэргэжлээрээ консерваторид дэвшин суралцаж, улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болж чадсанд бидний бахархал оршино гэж бодох боллоо. Шавь нар маань уралдаанд оролцож, байр эзлэх нь туйлын зорилго биш. Харин урын сангаа баяжуулах сэтгэлээрээ гоё тоглож, бүтээлээ амилуулж, шинэ уран бүтээлийн байнгын эрэл хайгуул хийж, сэтгэлгээний тэнхээ, тэвчээртэй болж, байнга өөрийгөө хөгжүүлж, үзэгчид сонсогчдынхоо чих, сэтгэлийг мялааж алмайруулж байвал жинхэнэ хөгжимчин болж байна гэсэн үг.
–Та өөрөө сургалтын хөтөлбөрт үргэлж шинэ бүтээл нэмж, урын сангаа тогтмол баяжуулж ирсэн нь сурагчдын амжилтад шууд нөлөөлдөг гэж хэлж болох уу?
-Хөгжим бүжгийн коллежийн ахлах ангийн ур чадварын чадавхийг ахиулах үүднээс Роберт Шуманы “Карнавал” опус IX, Фредерик Шопены баллада, Ф. Шопены II  концертын I, II, III ангийг оюутныхаа тоглолтын хөтөлбөрт нэвтрүүлж, тэнхимийнхээ сургалтын хөтөлбөрийг баяжуулж, оюутнуудын тоглох концертын цар хүрээ, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсандаа баяртай байдаг. Түүнчлэн октавын техникийн оргил бүтээлийн нэг Сергей Прокофьевын төгөлдөр хуурын концертыг 2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сургалтын хөтөлбөрт анх нэвтрүүлж, шавь Т.Пүрэвсүх маань XI ангидаа С.Прокофьевын концертыг амжилттай эзэмшин  дипломын бүтээл болох П. И. Чайковскийн I концертыг сонгон авч олон талын авьяас, хөдөлмөр шаардсан концертыг гялалзтал эзэмшиж дипломоо онц нэмэх дүнтэй хамгаалж багш нараа баярлуулсныг мартахын аргагүй. Үүний зэрэгцээ сургалтад Шопены I, Рахманиновын I концерт, Сэн Санс, Гершвин нарын зохиолыг өөрөө бүрэн эзэмшиж оюутан сурагчиддаа өөрийн биеэр үлгэр болон зааж сургалтад нэвтрүүлж чадсандаа бахархдаг.
–Хөгжим бүжгийн коллежи консерватори болоход ямар хувь нэмэр оруулав?
-Хөгжим бүжгийн коллежи анх оюутан сурагчдаа Япон, Францын олон улсын уралдаан, элсэлтэд оролцуулж эхлэх үед дипломат ажилтай гэр бүлийн хүнийхээ дэмжлэгтэй олон чухал бэлтгэл ажлыг хийж, Хөгжим бүжгийн коллежийнхоо гадаад харилцааг өргөжүүлж тэлж байсан. Анх Японы уралдаанд сурагч маань А ангиллаар бичлэгээ явуулж тэнцсэн хариу авч Токио явсан нь тухайн үед залуу багш надад их сэтгэлийн урам өгсөн. Японы төгөлдөр хуурын уралдаан, Францын Милош Магины нэрэмжит төгөлдөр хуурын уралдаанд бусад багшийн хамт оюутан сурагчдаа авч очин удаа дараа оролцож, сурагчид маань бусад орны өсвөрийн төгөлдөр хуурчдаас их зүйл сурч авч байлаа. Мөн Сан Францискогийн Сан Хосед болдог уралдаанд Хөгжим бүжгийн коллежийн олон сурагч оролцсоноос миний шавь Х.Туяа амжилттай оролцсонд их баяртай байдаг. Нөхрөө даган урд хөрш БНХАУ-д ажиллаж байх хугацаанд Бээжингийн их театрын захиргаатай танилцан уйгагүй хөөцөлдөж, “Оюутолгой” компанид хандаж зардлыг нь ший­дүүлж, Хөгжим бүжгийн 41 хүний бүрэлдэхүүнтэй багш, сурагчдыг Бээжинд авчирч, дэлхийн томоохон театрын тайзнаа тоглолт хийлгэсэндээ сэтгэл ханга­луун, сургуулиа Кон­сер­ватори болон хөгжиж дэвжихэд нь тус болж чадсан гэж үргэлж сайн сайхнаар бодож явдаг.
Ч.Үл-Олдох
Tags

Related Articles

Back to top button
Close