Танин мэдэхүй

Өрнөдийн Мона Лиза

1675 онд Недерландын зураач Йоханнес Вермээр 43 насандаа эхнэр, арван нэгэн хүүхэддээ бөөн өр үлдээгээд нас барахдаа дөрвөн зуугаад жилийн дараа ингэтлээ алдаршихаа мэдэж байсан бол бага ч гэсэн сэтгэл амар явах байсан байх даа. Харамсалтай нь хэн түүнд хэлэх билээ. Өрөнд дарагдаж үлдсэн эхнэр нь зарим нэг зургийг зарахаас өөр аргагүйд хүрсэний нэг нь Сувдан ээмэгтэй бүсгүй юм.
Ингээд уг зурагны талаарх мэддэг зүйлээ сайхан хуваалцая.


Зурган дээрх бүсгүй хэн бэ гэвэл гурван таамаг байдаг гэнэ. Хамгийн боломжит хувилбар нь Вермээрийн ууган охин Мариа. Хоёрдохь нь Вермээрийн гол ивээн тэтгэгч Питер ван Руйжвений охин. Харин гуравдахь нь түүний гэрийн үйлчлэгч охидын нэг. Ихэнх хүмүүс гуравдахь хувилбар үнэн байгаасай гэж боддог байх. Яагаад гэвэл Скарлетт Йохансоноос болоод л. 2003 онд гарсан тэр кино нэлээн амжилт дагуулсан. Хэдий кино ч зураач үйлчлэгч хоёрын харилцааг ямар ч садар самуун явдалгүй нандин гэгээлэг байдлаар гаргасан болохоор хүмүүсийн сэтгэлд их хүрсэн байх. Олон хүний үзэх дуртай киноны нэг.
Мэдээж энэ гурван таамаг гурвуулаа 100% үнэн биш л дээ.

Арын фон түүний бусад зурагнаас өөр. Хэрвээ анзаарсан бол Вермээрийн зурагнуудын арын фон ямагт амьдрал буцалж байдаг. Хөгжмийн хэрэгсэл, гал тогоо, цэцэг жимс, гэр ахуйн жижиг хэрэглэлүүд, зарим тохиолдолд туслах дүрүүд болох зарц болон үйлчлэгчид. Зургийн арын фон хар бараан өнгөтэй байснаар үзэгчид бүсгүй руу бүх анхаарал төвлөрнө гэсэн үг. Бас мэдээж сувдыг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй.

Бүсгүй толгойдоо зүүсэн алчуур (Turban) тухайн үедээ маш үнэтэй байсан ба бүсгүйчүүд тэр болгон зүүгээд байх боломжгүй байв

Зургийг 1915, 1960 онд сэргээн засварлаж 1994 онд сүүлийн удаа сэргээн зассан бөгөөд дэвшилтэт технологийн ачаар бид илүү тодоор харах болсон юм. Зураг энэ үеэс л жинхэнэ утгаараа алдаршиж эхэлсэн. Зөвхөн мэргэжлийнхэн сонирхогчид биш бүх л хүмүүс цухас мэддэг болж эхэлсэн гэсэн үг.

1994 онд сэргээн зассаны дараа анхаарал татсан нэг зүйл нь бүсгүйн зүүсэн сувд жинхэнэ болох талаар маш олон судалгаа, нийтлэл, эрдэм шинжилгээний ажил бичигдсэн байна билээ. Сэргээн зассанаар зургийн жинхэнэ өнгө харагдаж метал шинж чанартай мэт харагдах энэ сувдны талаар олон таамаг дэвшүүлсэнээс тэр үед энгийн иргэд хэрэглэдэг байсан Венецээс гаралтай хямд шилэн сувд гэж дүгнэж. Сувдны хэмжээ маш том байгаа ч үнэндээ ийм хэмжээтэй сувд дэлхий дээр маш ховор, байгаа хэдхэн нь эзэн хаадын сан, баян хүмүүсийн эрдэнэсийн сан хөмрөгөд байдаг байсан байна. Тэгэхээр цөөн хэдэн судлаач сувдан дээрх гэрлийн ойлт , хэмжээ зэргээс болоод Вермээр сувдан ээмгийг төсөөллөөрөө зурсан гэж үздэг. Үнэхээр тийм бол зураачийн авъяас билэг бидний бодож байгаагаас ч агуу байсан байх нь. Хүмүүс зургийг энэ яг сувд мөн болов уу гэж эргэлздэг ч үгүй дээ энэ зургийн нэр чинь Сувдан ээмэгтэй бүсгүй шүү дээ, тэгэхээр сувд л байж таарна гэж бодоод л эргэлзээгээ тайлдаг байх гэж боддог шд хэхэ. Ийм учрааc гарчигаа Өрнөдийн МонаЛиза нэрээр нь өгөв.

Зураг Вермээрийг нас барсаны дараа худалдагдсанаасаа хойш хоёр зуун жил сураг тасраад байтал 1881 онд армийн офицер , уран зураг цуглуулагч Арнолдус Андрейс Томбе худалдан авсанаар сураг гарав. Тэр үедээ 2 гульдэн буюу 27$ р авч байсан байна. Томбе нас барсны дараа Недерландын Hague хоын Мауритус музей худалдан авч энэхүү зураг ингэж нэг юм аюул осолгүй хадгалагдсаар өнөөгийн бидний мэдмийг баясгаж байна даа.

Зурагны сураг гарахтай зэрэгцээд мартагдсан Вермээрийн нэр дахин сонсогдох болж түүний зургууд дахин анхааралд өртөж эхэлсэн билээ. Одоогоор судлаачид түүнийх гэж тогтоосон 33 зураг бий гэнэ. Бусад зураачидтай харьцуулвал маш бага гэхдээ нэр алдар нь хэдэн зуун жил дуурсахад хангалттай олон.

Зөвхөн Сувдан ээмэгтэй бүсгүй дээр ч биш нэлээд олон зурган дээр сувд гоёл чимэглэлийг зурсан байдаг. Сувд түүний зурах дуртай зүйл байсан бололтой.

Хамгийн анхаарал татах зүйл нь зурган дээрх бүсгүй хэн бэ, бас нүд унамаар том сувдан ээмэг. Энэ нууц олон хүнд гайгүй сайн өгүүлэл, судалгаа бичихэд маш их нэмэр түлхэц болсон байх аа.

1665 онд бүтээсэн.

Бас Ван Гог Вермээрийг үнэхээр биширдэг байсан бөгөөд зургуудад нь Вермээрийн нөлөө маш их байдаг шүү.

Надад энэ зураг хааяа хальт харахаар яг эргэж хараад нэг юм хэлчихээд цаашаа буцаад явах гэж яарч байгаа мөчийг эсвэл санаандгүй эргээд харчихсан тэр хормыг царцаачихсан юм шиг санагддаг.

Related Articles

Back to top button
Close