Ярилцлага

Д.Содном: Хэрүүл хийдэг биш ажил хийдэг эрх мэдэлтэн, баялаг бүтээгчид улсаа хөгжүүлнэ

Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содномтой улс төрийн нөхцөл байдал болон Монгол Улсын эдийн засагт өөрчлөлт, ахиц авчирч болох олон сэдвүүдийг хөндөж ярилцлаа.

-Төрийн эрх барьж байгаа МАН өнгөрсөн хугацаанд Засгийн газраа шинэчилж байгууллаа. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-УИХ дахь МАН-ын нөхөд  хоёр хэсэг болж мэтгэлцэж байгаад Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг өөрчиллөө.  Сахилга хариуцлагатай болцгооё, шударга байцгаая, авлига ашиглалттай хатуу тэмцье гэдэгт бүгд санал нэгдэж, тэдгээрийг  зоригтой шийдэхгүй  алгуурлавал улсын хөгжил, тусгаар тогтнол аюулгүй байдалд сөрөг нөлөөлөхийг  анхаарч байгаа нь ажиглагдаж байлаа.

Ардчилал, хүний эрх эрх чөлөө гэх үзлийг туйлшруулсны харгайгаар  сахилга, дэг журам суларч, шударга бус үйлдэл газар авч  улс нийгмийг дампуурал, ядууралд хүргэх аюул нүүрлэж байгааг ухаарч байна даа  гэж  бодогдсон. Энэ нь онцлог байх. Шинэчлэгдсэн Засгийн газар бодит байдлыг зөв дүгнэж чаддаг, буруу үйлдлээрээ улс төр, эдийн засгийг хямрахад хүргэсэн эрх мэдэлтнүүд, авлигачид, ашиглаж завшигчдад үнэ-хээр хариуцлага хүлээлгэдэг байх, сахилга дэг журмыг эрхэмлэх, худал амлахгүй ажиллан хямрал хүндрэлийг багасгах зорилтууд нь хэрэгжихийг хүсэж байна.  Нам засагт иргэдийн итгэл сэргээсэй гэж хүсэж байна.

Шинэчлэгдсэн Засгийн газарт иргэдийн зүгээс дээрх асуудлаар тавих  шаардлага улам өндөр байх болно. Иргэд эрс зоригтой өөрчлөлт, тодорхой үр дүнг хүлээж байгаа. Шинэ томилогдсон сайд нар нам болон хувийн ашиг сонирхлыг мартаж улс нийгмийн ашиг сонирхлын үүднээс тулгамдсан асуудлыг шийдэх сэтгэлтэй, хариуцсан  ажлаа аргацаах биш чанартай гүйцэтгэх чадвартай байвал энэ засгийн газар  тогтвортой ажиллах болно.

-Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Засгийн газар эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлуудыг ойрын хоёр гурван жилд шийдэж чадах болов уу?

-Шинэ  Засгийн газар ойрын 2-3 жилдээ санхүү эдийн засгийн салбарт дорвитой өсөлт гаргаж,  хүн амын гуравны нэг ядуу байгаа  хүндрэлээс гаргаж амжихгүй. Энэ гашуун үнэнийг ил хэлэх, төр болон  иргэд хамтын  зүтгэлээр хямралаас гарах ёстойг  ард түмэндээ  хэлж ойлгуулах хэрэгтэй болсон. Урьдах Засгийн газрууд хөгжлийн ухаалаг бодлоготой тогтвортой ажиллаагүйн уршгаар ДНБ-ээсээ хоёр дахин их хэмжээний өртэй, валютын нөөц хомс, инфляц өргөн хэрэгцээний барааны үнэ нэмэгдэх эрсдэлтэй, эдийн засаг өөдлөх уруудах нь нүүрсний экспортоос хамаардаг, экспорт нэмэгдүүлэхэд нөлөөлөх шинээр бий болгосон үндэсний үйлдвэрлэлгүй улс болчихлоо.

Эдийн засаг 2012-2016 онд эрс уруудсан, 2016 оны сүүлчээс өсөлт ажиглагдаж эхэлсэн боловч энэ оны гуравдугаар улирлаас саарч эхэлсэн. Энэ бол  тогтвортой хөгжлийн суурь нөхцөл бүрдээгүйн илрэл. Шинэ Засгийн газар шинэ арга барилаар ажиллах шаардлагатай байна

Тогтвортой өсөлттэй эдийн засагтай байх гол нөхцөл бол үр ашигтай үйлдвэрлэлийн  хөгжил. Гэтэл үйлдвэрлэл хөгжүүлэхэд хүч анхаарал  төвлөрүүлж байсангүй. Энэ бол нийгмийн тулгамдсан асуудлууд хуримтлагдаж, шийдэх чадваргүй болоод буйн шалтгаан. Улсын төсвийг хэлэлцэж  байгааг зурагтаар ажиглахад түүний-хээ алдагдлын хэмжээг хэдээр батлах, хамгийн чухал асуудал буюу төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх суурь  нөхцөлийг өргөжүүлэх буюу үр ашигтай ямар үйлдвэрлэлийг  хэрхэн хөгжүүлэх, ямар төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх асуудал яригдахгүй байна.

Сангийн яам нь энэ чухал асуудлаар санал төсөл боловсруулдаггүй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн ерөнхий юм ярьж байх юм.  Тийм учраас энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ  богино хугацаанд улсынхаа эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх, санхүүгийн нөөцийг бүрдүүлэх зорилготой 15-20 жилийн  урт, 4-5 жилийн дунд хугацаанд хэрэгжүүлэх тодорхой төсөл арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, ард иргэддээ танилцуулж ойлгуулаад дэмжлэгийг нь авч хэрэгжүүлэх эхлэлийг хийвэл ажлын зөв эхлэл болно.

Үүнийг би шинэ арга барилаар ажиллах гэж хэлж  байгаа юм. Засгийн газрын  урьд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хянаж үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого болгож өөрчлөх шаардлагатай болсон гэж бодож байна.

-Өнгөрсөн онд батлагдаж байсан Засгийн газрын  мөрийн хөтөлбөрийг өөрчлөх санал уу?

-Хэрэгжүүлэх боломжгүй амлалтуудаасаа татгалзаж, эдийн засаг санхүүгийн боломжоо нэмэгдүүлэхэд  гол анхаарлаа төвлөрүүлж ажиллахгүй бол хүндрэл хямралаас гарч чадахгүйг ОУВС хэлж өгөөд байгаа биз дээ. Бодит үнэнийг хэлж чаддаг, хөгжих оновчтой арга замыг тодорхойлж ард түмэндээ таниулж тэднийхээ дэмжлэг авч хэрэгжүүлдэг төр засагтай болохын төлөө ажиллахаас өөр чухал юм алга.

Хорь гаруй жил бид бүхэн ардчилалтай, агуу их түүхтэй, асар их баялагтай, хөгжих боломж ирээдүйтэй, боловсролтой чадвартай гэж чээжээ дэлдлээ. Тэр их боломжоо ашиглаж, иргэдээ ядуурлаас гаргаж чадахгүй хэт их цаг өнгөрөөлөө.

Төр засгийн эрхэнд гарах зорилгоор улс төрийн намуудын санал цуглуулах зорилгоор боловсруулсан үндэслэл тооцоо муутай, хэрэгжих баталгаагүй амлалтуудтай, дөрвөн жилээс цаашхыг хараагүй мөрийн хөтөлбөртэй Засгийн газрууд  байсны хар гай их. Одоо улсаа ухаалаг бодлогоор хөгжүүлж, ард иргэдээ ядуурлаас ангижруулж тэднийхээ итгэл хүндэтгэлийг хүлээж чадах  засгийг  бүрдүүлэхийн төлөө шинэ Засгийн газар зориг гаргаж ажиллах хэрэгтэй.

Иргэддээ, хоёр хөрш, гуравдах хөрш гэдэг улсуудад үнэлэгдэж тоогддог, итгэлийг нь хүлээдэг, амлалтаа биелүүлж чаддаг төр засагтай улс болохын төлөө ажиллах цаг болсон. Ийм учраас Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрийг хянаж өөрчлөх хэрэгтэй. Юуны өмнө өндөр үр ашигтай үйлдвэрлэл хөгжүүлэх тодорхой төсөл төлөвлөгөөтэй, түүнийг нь ард иргэд мэддэг дэмждэг  Засгийн газар болохын төлөө  ажиллах ёстой.

-Хөгжлийн ухаалаг бодлоготой болох зорилгоор Засгийн газар ямар ажлыг тэргүүн ээлжид зохион байгуулах хэрэгтэй вэ?

-Хамгийн чухал нь, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд хугацааны бодлого төлөвлөгөөг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлэлтээр дүгнэлт санал гаргаж байх асуудлыг хариуцсан Засгийн газрын Шадар сайд удирддаг яамыг засгийн газрын бүтцэд  бий болгож, аппаратыг нь шилдэг мэргэжилтэн, эрдэмтдээс сонгон бүрдүүлж тогтвортой ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцсан яамтай  болно гэсэн үг.

-Бусад улсуудад ийм асуудал хариуцсан яам байдаг юм уу. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам ямар үндсэн үүрэгтэй байх вэ?

-Засгийн газрынхаа бүтцэд улс орныхоо эдийн засаг нийгмийн  хөгжлийн бодлого төлөвлөгөөг хариуцсан нэгж ажиллуулдаггүй улс манайхаас өөр байхгүй. Жижиг зах зээлтэй манай улс гадаад харилцааг өргөжүүлж, ялангуяа хөрш хоёр улсын том зээлд гарч байж   хөгжинө.  Хөрш улсууд, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчид бүгдээрээ манай  улсын төр засгийн удирдагчдад хөгжлийн цэгцтэй бодлого төлөвлөгөөтэй бол, бодлогоо хэрэгжүүлэх төсөл арга хэмжээгээ эрэмбэл, тогтвортой ажилладаг

Засгийн газартай бол, тэгвэл танай улстай хамтарч хэрэгжүүлж болох ажлыг төлөвлөх боломж гарна гэдгийг хэлсээр байна.

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамны үндсэн үүрэг бол, улсын эдийн засаг нийгмийг урт хугацаанд буюу арван тав хорин жилд хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг, дунд хугацааны буюу  тав таван жилийн хуваарьтайгаар боловсруулж төрийн эрх барих байгууллагаар хуульчлан батлуулах, урт, дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг биелүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой тодорхой төсөл арга хэмжээнүүдийг үндэслэл тооцооны үндсэн дээр тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хууль эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулж байх, яам тусгай газруудын боловсруулдаг хариуцсан салбараа хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг салбар хоорондын уялдаа холбоог хангах үүднээс хянаж зохицуулах, эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөөний дагуу тэргүүн ээлжид хэрэгжүүлэх ёстой төсөл арга хэмжээг эрэмбэлж, санхүүжүүлэх эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэж байх, төр хувийн хэвшлийн түншлэлийг   хувийн хэвшлийн ашиг сонирхол улс нийгмийн ашиг сонирхолтой  зохицсон байх чиглэлээр  хөгжүүлэх бодлогыг тодорхойлж зохицуулах, гадаадын хөрөнгө оруулагч нартай хийх хөрөнгө оруулалтын холбогдолтой гэрээний нөхцөлийг Монгол Улсад ашигтай байхаар боловсруулан тохиролцож байх үүргийг хүлээлгэх хэрэгтэй.

Тус яаманд гадаад эдийн засгийн харилцаа, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцах асуудлыг хариуцсан тусгай газар хэлтсийг байгуулж, мэргэшил чадвартай бөгөөд авлига ашиглалд автагдахгүй найдвар хүлээсэн хүмүүсийг сонгон авч ажиллуулах. Энэ нөхцөлд түр хугацаагаар томилогдож ажилладаг сайд дарга  мэргэшил туршлагагүйн улмаас гэрээний алдагдалтай нөхцөлийг зөвшөөрөх, авлига ашиглалын хэрэгт холбогдохоос сэргийлэх болно.

-Шинэ яам бий болж, хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсрогдож батлагдах, хэрэгжиж эхлэх хүртэл их хугацаа байх биз?

-Яам байгуулж тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулах ажлын зэрэг-цээ, Санхүүгийн нөөц, эдийн засгийн боломжийг  бүрдүүлж байх зорилгоор үр ашигтай үйлдвэрлэл, ялангуяа экспортын бүтээгдэхүүн нэмэгдүүлэхэд дорвитой нөлөө үзүүлэх төсөл арга хэмжээг боловсруулж хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэхэд цаг алдахгүй байхыг хичээх нь чухал.

Одоогийн чухал асуудал бол нүүрсний экспорт. Салбарын сайд, шаардлагатай бол Ерөнхий сайд БНХАУ-ын удирдлагатай уулзаж нүүрсний авто тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг яаралтай байгуулж ашиглахад хамтарч ажиллах хэлэлцээр хийх нь зүйтэй. Экспорт нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой зарим төслийг ойрын 2-3 жилийн хугацаанд ажил хэрэг болгоход хөрөнгө хүчээ төвлөрүүлмээр байна.

Жишээ нь, миний бодлоор ойрын 2-3 жилд нэг зуу хүртэл суманд, цааших хугацаанд бүх сумдад мал нядлах, мах боловсруулах  үйлдвэр байгуулмаар байна. Ийм төслийг хэрэгжүүлснээр малын гаралтай бүтээгдэхүүний асар их нөөц ашиглагдаж экспортын орлого нэмэгдэнэ. Бэлчээрийн даацаас хэтэрч 60 гаруй сая болтол нэмэгдсэн малын тоо улам өсвөл бэлчээргүй болох аюул нүүрлэнэ. Одоо жилд 20 орчим сая төл бойжуулж байгаа.

Жилдээ ийм тооны малыг нядалж хэрэглэж байхгүй бол  малын тоо улам өснө. Манай жилийн дотоод хэрэгцээнд 10 сая малын мах  хангалттай. Тэгэхээр жилд дотоод хэрэгцээнээс илүү гарч байгаа арван сая малыг үйлдвэрийн аргаар нядалж махыг нь зохих стандартын дагуу боловсруулж экспортод гаргах шаардлага байгаа юм. Сумдад мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүд бий болгосноор экспортод 200 мянга орчим тонн мах гаргаж байх боломж бүрдэнэ. Гар нядалгааны  мах экспортын шаардлагад тэнцэхгүй.

Хэрэв улсынхаа төв, зүүн, баруун гэсэн гурван бүс нутагт арьс шир боловсруулах сайн технологи бүхий үйлдвэрүүдийг байгуулбал 20 орчим сая ширхэг малын арьс ширийн нөөц ашиглагдах болно. Сумдад ажлын байр бий болох, малчдын орлого нэмэгдэх, мал аж ахуй эрхлэх хүмүүс олшрох  зэрэг олон талын ач холбогдолтой учраас мах, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулахад цаг алдмааргүй.

Дорноговь аймгийн Мандах сумын Цагаансуваргын зэсийн ордод Монголын Алт компанийн барьж байгаа үйлдвэрийг ашиглалтад оруулахад Засгийн газар  анхаарч туслах хэрэгтэй. Дэд бүтцийг нь бүрдүүлсэн, уулын үйлдвэрийг ажиллуулахад бэлэн болгоод байгаа энэ орд дээр баяжуулах үйлдвэр барих санхүүжүүлэлтийн асуудлыг шийдэхэд Засгийн газар дэмжлэг үзүүлбэл Эрдэнэтийн үйлдвэрийн хүч чадлын 60 орчим хувийн үйлдвэр ашиглалтад орж экспорт, улсын төсвийн ор-лого эрс нэмэгдэх бололцоо байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч Тавантолгойн орд Гашуунсухайт хилийн боомт хооронд төмөр зам барих, шүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх боломж байгаа байх.

Дээр дурдсан мах арьс шир боловсруулах үйлдвэрүүд, Цагаансуваргын баяжуулах үйлдвэр, төмөр зам, усан цахилгаан станц төслүүд хөрөнгө оруулалтын зардлаа богино хугацаанд нөхөх  үр ашигтай байх нь тодорхой учраас санхүүжүүлэх эх үүсвэрийн асуудлыг ОУВС-гийн шугамаар орж ирэх валютын эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой бөгөөд цаашдаа гадаад өрийг багасгахад дээрх төслүүдээс гарах үр ашиг тус болох ач холбог-долтой. Хэтийн тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлж эхлэх цагийг хүлээхгүйгээр үр ашигтай үйлдвэрлэл нэмэгдүүлэхийн тулд цаг алдалгүй хэрэгжүүлж болох зарим шинэ төслөөр санал бодлоо хэлэхэд ийм байна. Оюутолгой төслийн үр ашгийн талаарх маргаан олон жил үргэлжилж байна.

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын болоод үйл ажиллагааны зардал, борлуулалтын орлого болон  ашгийн хэмжээг үнэн зөв тодорхойлж, Монголын талд оногдох ёстой татвар болон оногдол ашгийг борлуулалтын орлогоос нь шууд төлүүлдэг болох аргачлалыг тогтоох, тохиролцох нь зүйтэй. Энэ асуудлаар тооцоо үндэслэл бүхий санал боловсруулах, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж тохиролцох үүрэг бүхий мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн тусгай ажлын хэсэг юм уу, тусгай газар бий болгож ажиллуулах нь зүйтэй юм.

Зэс алтны их нөөцтэй Оюутолгойн ордыг одоогийн гэрээний нөхцөлөөр ашиглах явдал Монгол Улсын ашиг сонирхолд нийцэхгүйг  эдийн засагчид хэлээд байгаа, цаашид гэрээний нөхцөлийг өөрчлөх шаардлага улам хурцаар тавигдаж байх  болно. Харилцан итгэлцэл бий болгохыг хөрөнгө оруулагч ба монголын эрх баригчид анхаарахгүй байх аргагүй.

-Өрийн асуудлыг яаж шийдвэл зохих талаар санал бодлоо хэлж болох уу?

-Одоогоор аргагүйн эрхэнд өрийг өрөөр дарж байна.  Өр бол хор гэж ярьдаг болж. Монголчууд өртэй бол өөдөлдөггүй гэж ярьдаг. Өрийг багасгах хэрэгтэй. Энэ зорилгоор экспортын нөөц, гадаад худалдааныхаа ашгийг нэмэгдүүлж  валютын нөөцтэй болоход тус болох  үйлдвэрлэл хөгжүүлэх хэрэгтэй. Боломж бий. Миний санал болгож байгаа дээрх төслүүд хэрэг болно. Цаашдаа, гарах ашиг  нь зээлээ төлөхөд хүрэлцэх нь үндэслэл тооцоогоор баталгаажсан үр ашигтай төслийг боловсруулсан, түүнийгээ хэрэгжүүлэхэд зориулж зээ-лийг авах ашиглах асуудлыг шийддэг байх хатуу хуультай болох хэрэгтэй.

-Таны санал болгож байгаагаас гадна өөр төслүүд  яригддаг. Жишээлбэл, газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлах үйлдвэр, нүүрсний шинэ ордууд ашиглах, нүүрс химийн үйлдвэр, газрын ховор металлын болон ураны орд ашиглах, ОХУ-ын Владивосток орчмоор далайн боомттой болох, Тувагаас төмөр зам барих гэх мэт?

-Дурдсан төслүүд бол зохих стандартаар боловсрогдсон техник эдийн засгийн үндэслэлээр  эдийн засгийн үр ашигтай байх нь баталгаажаагүй ерөнхий  саналууд. Хөгжлийн бодлого хариуцсан яамтай болж санал нэг бүрээр олон хувилбарын ТЭЗҮ боловсруулж хамгийн зохистой гэсэн хувилбарыг сонгох хэрэгтэй. Дурдсан төслүүдээр өөрийн санаа бодлоо тухай бүрээр нь хэлье л дээ.

Жишээ нь,  газрын тос боловсруулах үйлдвэрийг Монголдоо олборлож байгаа газрын тосыг боловсруулахаар барих, эсвэл ОХУ-аас газрын  тос импортолж боловсруулахаар барих гэсэн хоёр хувилбараар тооцож, хэрэгжих боломж үр ашгийг нь харьцуулан судалж шийдэх хэрэгтэй. ОХУ-аас газрын тос импортолж боловсруулах үйлдвэр баривал үр ашиг, ирээдүй нь илүү гэж би боддог. Оросын талтай тохиролцох, түүнд Ерөнхийлөгч санаачилга гаргаж тусалбал сайн сан.

Мөн зэс хайлуулах үйлдвэрийг Эрдэнэт хотын орчимд барих нь зөв гэж боддог. Тус хотын ирээдүйд хэрэгтэйгээс гадна, хүхрийн хүчлийг ашиглаж фосфорын бордоо үйлдвэрлэх боломжтой байхыг анхаарах хэрэгтэй. Мөн эрчим хүчний нүүрсийг  экспортын зориулалтаар олборлохыг ирээдүйгүй, харин уурхай дээрээ цахилгаан станц байгуулж цахилгаан экспортлох нь ирээдүйтэй.

Нүүрс, химийн үйлдвэрээр  үр ашигтай үйлдвэрлэл байх нөхцөл бүрдүүлэхүйц дэвшилтэй технологи гарахыг хүлээх хэрэгтэй, газрын ховор металл, ураны ордын эрэл хайгуул, олборлолтоор ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох, хамтран ажиллах нөхцөлийг Монголдоо хохиролгүй, ашигтай байхаар тохиролцох асуудалд анхаарах, алс дорнотод далайн боомттой болж Тавантолгойн нүүрсийг экспортлох санал яригддаг.
Монгол Улсын нутагт 1,500 орчим км төмөр зам болон ОХУ-ын нутагт далайн эрэгт боомт барихад, мөн хоёр улсын нутгаар олон мянган км төмөр замаар нүүрс тээвэрлэхэд гарах өртөг зардлыг нүүрсний экспортоос ашиг гаргаж нөхөх магадлал байхгүй учраас хэрэгжих боломжгүй  төсөл гэж боддог, ОХУ-ын Тувагийн нүүрсийг Монгол Улсын нутгаар тээвэрлэж БНХАУ-ын зах зээлд   борлуулахыг  зөвшөөрч өрсөлдөгч нэмэгдүүлж  болно.

Манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, нэмэлт төмөр зам барих болон тээврийн үйлчилгээ үзүүлэх өртөг зардлыг нөхөх эх үүсвэр байх эсэхийг  тооцох биз. ОХУ-ыг зүгээс онц сонирхож байгаа бол  энэ асуудлыг Алтанбулаг-Замын-Үүдийн төмөр замыг хоёр урсгалтай болгож ачаа тээврийн хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд хамтран хөрөнгө оруулах асуудалтай уялдаатай авч үзэх нь зүйтэй.

-Танд ер нь эдгээрээс өөр хувилбарууд хэр олон байна вэ?

-Дээр дурдсанаас гадна хэрэгжүүлээсэй гэж боддог зарим төсөл бий. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордод цахилгаан станц барих асуудлыг Гадаадын хөрөнгө оруулагчтай барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр тохиролцож ойрын хугацаанд шийдэх. Нүүрсээ станцад нийлүүлж байх үнэ нөхцөл, цахилгааны үнэ тариф, станцыг ашиглах шилжүүлэх хугацааг яаж тохиролцох саналаа сайн бэлтгэх хэрэгтэй байна.

Мөн Улаанбаатар хотод тавдугаар цахилгаан станц барихаас татгалзаж Багануурын нүүрсний ордын дэргэд цахилгаан станц барих, Улаанбаатар хотын шаардлагатай байгаа дүүргүүдэд  дулааны (Амгалангийн утааны шүүлтүүр сайтай дэд станцтай адил) дэд станцууд барих, Орхон, Хэрлэн голоос Өмнөговь Дорноговь аймгийн хэрэгцээний усыг хангах хоолой татаж, газрын гүний ус ашиглахыг зогсоох. Энэ бүхэн бол миний санал болгож байгаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яамыг байгуулж, нарийн судалж шийдэх асуудал юм.

-Та Монгол Улсыг хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй болгох, эдийн засаг санхүүгийн нөөцийг өсгөх төслийн асуудлаар тодорхой саналтай байдаг юм байна. Тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой өөр асуудлууд байж таарна?

-Байлгүй яах вэ. Төр засгийн эрх мэдэлтэн нарын хэлэх үг, асуудалд хандах хандлага  хариуцлагатай байхад анхаарах хэрэгтэй байна. Эрх баригчдын ааш араншин эдийн засаг нийгмийг хөгжилд нөлөөлдөг гэж ярьдаг. Үнэн байна. Энэ үүднээс зарим зүйл хэлье. Баялаг бүтээж, ажлын байр бий болгож, улсын төсвийн орлогын  ихээхэн хэсгийг бүрдүүлж өгч байдаг хувийн хэвшлийн үндэсний хэдэн компанийг адалж үйл ажиллагаанд нь саад хийж болохгүй, харин дэмжиж ажиллах ёстойг Засгийн газар онц анхаарах учиртайг хэлмээр байна. Сүүлийн үед ард түмэнд очих ёстой орлого ашгийг завшиж байгаа 30 гэр бүл бий, тэр нь 300-1,000 болох байх гэж ярьдаг боллоо.

Зарим сонинд ашигт малтмалын ордуудад ашиглалт явуулж байгаа компаниудыг иргэдэд очих ёстой ашгийг завшигч 30 компанийн жагсаалтад хамааруулж бичиж байна. Баялаг бүтээгч үндэснийхээ хэдэн компанийг  үзэн ядах адлах явдлыг дэвэргэхийг  санаархаж байгаа атаачдын  аюултай үр дагавартай  ийм үзэл үйлдлийг таслан зогсоох хэрэгтэйг хэлэхгүй байх аргагүй. Харин хайгуул олборлолтын ажил явуулах зөвшөөрлийн лицензийг худалдаалдаг, олборлолтоос олсон орлого ашгаа нуудаг, татвар хураамжаа төлдөггүй  хууль зөрчигч  компанийг илрүүлж   хариуцлага хүлээлгэх гэж  байгаа бол тэр санаа нь тодорхой байх хэрэгтэй.

Концессоор баялаг бүтээх ажилд зөвшөөрөл олгосон болон гүйцэтгэсэн хүмүүсийг гэмт хэрэгтэн гэж үзэх туйлшрал анзаарагдаж байна. Эдийн засаг нийгмийн хөгжилд чухал ач холбогдолтой төслийг цаг алдахгүй хэрэгжүүлэхэд улсын төсвөөс санхүүжүүлэх бололцоогүй нөхцөлд хувийн буюу төрийн өмчийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэх нь хуулиар зөвшөөрөгдсөн зөв ажил.

Концессоор хэрэгжиж байгаа тухайн төсөл чухал ач холбогдолтой эсэх, үнэлгээ нь бодитой эсэх, нөхцөлийг нь хууль журмын дагуу тогтоосон эсэхийг хянаж зөрчил байгаа бол засаж ажиллах ёстой. Хэн нэгийгээ буруутгах зорилготой  тэнэг санаагаар энэ ажилд хандаж болохгүй.  Хэрүүл хийдэг биш, ажил хийдэг, асуудал шийддэг эрх мэдэлтэн, баялаг бүтээгч нар  улсаа хөгжүүлнэ.

-Та олон жилийн өмнөөс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал бичиж ярьж байгаа. УИХ-ын ажлын хэсгийн боловсруулж байгаа одоогийн төслийг мэдэх үү. Дэмжиж байгаа юу?

-УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар нарынхаа боловсруулж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн саналыг мэдэж байгаа, харин дэмжихгүй байгаа. Өөрсдөд нь хэлж байгаа. Тэд нарынхаа боловсруулсан төслөөр өөрчлөлт оруулснаар засгийн хямрал буюу тогтворгүй байдлыг засах, иргэдийн итгэл алдарч байгаа нам төвтэй засаглалыг итгэж болох төр төвтэй засаглалыг бий болгох асуудал шийдэгдэхгүй гэж үзэж байгаа.

Манай улс төрийн намууд төр засгийн эрхийг авах сонирхолтой боловч эрхийг аваад үүргээ хэрэгжүүлэх чадвартай биш буюу төлөвшөөгүй байгаа нь тодорхой. Намуудад Монголын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөгөө  байхгүй, тийм бодлого төлөвлөгөө боловсруулж ажиллах чадвар сонирхол байхгүй.

Хөгжлийн бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлж чадах боловсон хүчний нөөцийг бэлтгэсэн нам байхгүй. Хөгжлийн бодлогогүй, боловсон хүчний буюу хүний бэлтгэгдсэн нөөцгүй улс төрийн намууд төр засгийн эрхийг барьж байгаа явдал засгийн хямралт байдлаас салж чадахгүй байгаа үндсэн шалтгаан. Дээрх нөхдийн боловсруулаад байгаа төсөл бол засаг тогтворгүй, хямралтай байх нөхцөлийг хадгалах төсөл  болж шүүмжлэгдэх байх.

Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах миний саналын гол агуулга бол дараах гурван асуудлыг шийдэхэд оршино. Ингэхдээ улс төрийн намуудад тавих шаардлагыг өндөржүүлэх, энэ зорилгоор улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх, Үндсэн хуулийн “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх” суурь заалтыг хэрэгжүүлэх. Энэ зорилгоор парламентыг хоёр танхимтай болгох, дээд танхим буюу төрийн эрх барих Ардын Их Хурлыг бүх сум дүүргээс сонгогдсон гишүүдээр бүрдүүлэн байгуулах, хууль боловсруулж баталж байх байнгын ажиллагаатай Улсын бага хурлыг цөөвтөр бүрэлдэхүүнтэй байгуулж Ардын Их Хурлын хараа хяналтын дор ажиллуулах.

Сонгуулийн хуулийг боловсронгуй болгож Ардын Их Хурал, аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүнд сонгох хүний нэрийг дэвшүүлэх эрхийг иргэдэд олгох гэсэн гурван хувилбараар харж байгаа.

Эдгээр гол асуудлыг Үндсэн хуульд оруулах өөрчлөлтөөр шийдэх зайлшгүй шаардлагатай. Зөвхөн энэ нөхцөлд нам төвтэй засаглал бий болж хямарч байгаа зовлонгоос сална, төр төвтэй засаглал бий болно, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх суурь зарчим амьдралд хэрэгжихэд алхам хийгдэнэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар иргэдийн санал авах ажлыг шинээр зохион байгуулах шаардлагатай, дээрх гурван асуудлаар л санал авах нь зүйтэй гэж боддог. Шинэчлэгдсэн бүрэлдэхүүнтэй Засгийн газраас Монголынхоо ирээдүйн төлөө санаачлах чухал ажлын нэг бол Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг зөв асуудлаар зөв зохион байгуулах ажил  баймаар.

Б.Hомин

Tags

Related Articles

Back to top button
Close