Ярилцлага

Н.Учрал: Системээ өөрчилсөн тохиолдолд багш нарын нийгмийн баталгаа хуулиар хамгаалагдана

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам хамтран багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл” сэдэвт хуулийн хэлэлцүүлэг өчигдөр зохион байгуулсан юм. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.

-Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна. Энэ хуулийн төсөлд ямар асуудлууд тусгагдсан бэ. Өмнө нь хэлэлцүүлэг нэлээд хийсэн байх?

-Багшийн хөгжлийн тухай хууль энэ оны сүүлээр батлагдах хуваарьтай байгаа. Хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн. Анхны хэлэлцүүлгээ удахгүй хийнэ. Анхны хэлэлцүүлэг дээр өнөөдөр (өчигдөр) хэлэлцүүлэгт гарсан саналыг тусгана. Мөн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан дэд Ажлын хэсэг байгуулсан юм байна. Тиймээс яамнаас ирсэн холбогдох байгууллагын саналыг тусгана. УИХ-ын дэд дарга ажлын хэсгийг ахалж байгаа учир би хууль санаачлагчийн хувиар оролцож байгаа.

Мэдээж үзэл баримтлалын хувьд өөрчлөгдөхгүй ч тодорхой зохицуулалтад өөрчлөлт орох байх. Үүнийг нь нааштай хүлээж авна. Хэлэлцүүлэг бол хангалттай хийгдсэн. 2015 оноос хойш 1,000 багш нарын чуулга уулзалт, нийслэлийн зөвлөгөөн хийж, есөн дүүргийн багш нарын дунд хуулийн төслийн танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Түүнчлэн хамгийн сүүлд “Багшийн хөгжлийн форум” гээд маш их хэлэлцүүлэг хийсэн. Энэ хуулийн төсөлд ойролцоогоор найман мянган багшийн санал тусгагдсан байгаа.

-Эдгээрээс онцлох санал нь юу байв. Хэлэлцүүлгээс ямар үр дүн гарна гэж харж байгаа вэ?

-Өнөөдөр (өчигдөр)Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд оролцож байгаа учир хөдөлмөрийн зах зээл, боловсролын салбарын уялдаа холбоог сайжруулахад түлхэц болно. Мөн нийгэмд анхаарал татаж байгаа цалингийн системийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг өөрөө хэллээ.

Цалингийн урамшууллыг сар, улирал бүр олгох болсноор энэ асуудал шийдэгдэхгүй. Багшийн нэр хүндийг хамгаалсан хууль батлагдсан тохиолдолд, Засгийн газар цаашдаа хуулийн дагуу шийдвэр гаргаж цалинг нь нэмэгдүүлэх юм. Нэгэнт систем нь өөрчлөгдчихвөл багш нарын нийгмийн баталгаа нь хуулиар хамгаалагдах бололцоотой. Сая мөн ХНХ-ын сайд С.Чинзориг удаан жилийн нэмэгдэл олгох асуудлыг гаргаж байна.

Таван жил ажиллаж зэрэг ахидаг байсныг гурван жил болгож хуульчилж байна. Зэрэг ахина гэдэг нь цалин нэмэгдэнэ гэсэн үг. Улаанбаатар хотын багш найман сарын нэмэгдэл гэж авдаг. Харин хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нар авдаггүй байсныг зургаан cap болгох асуудлыг мөн тусгаж байгаа. Хөдөлмөрийн салбараас тодорхой салбарт багш хэрэгтэй болсон тохиолдолд тэр чиглэлийн мэргэжилтнийг босго оноо тогтоож, тэтгэлэг олгохоор тусгасан.

Мөн багш мэргэжлээр сурч байгаа оюутнууд төгсөх курсийнхээ үйлдвэрлэлийн дадлагыг бага ангийн туслах багшаар хийнэ. Ингэхдээ улсаас мөнгө гаргахгүйгээр кредит оноонд тооцуулах зарчмаар явуулах юм. Үүгээрээ мөн бага ангид туслах багшийн орон тоог оруулахаар энэ хуульд тусгаж өгсөн.

-Хууль хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах вэ?

-Уг хууль хэрэгжсэний дараа багшийн өөрөө хөгжих бололцоог Багшийн хөгжлийн төвөөр дамжуулж, сургалтын хэрэглэгдэхүүн, материалыг захирлын төсөвт суулгаж егдөг болно. Манай хөрш БНХАУ Багшийн хөгжлийн хуультай. Австрали, Шинэ Зеланд, Финланд зэрэг орнуудад багш мэргэжилтнийг хөгжүүлэх хуультай. Өнөөдөр хөгжлийг хуульчлахаас илүү дэмжих хуулийг бий болгоё гэдэг санал гарч байна.

Төрийн албаны хууль нь төрийн захиргааны албан хаагч болон бусад албыг нийтэд нь хуулиар зохицуулж байгаа бол үүнийг дагасан багшийн хөгжлийг төрөөс хэрхэн дэмжих хуультай болсноор багш нарын нийгмийн баталгаа, хөгжлийг дэмжих эрх зүйн орчин бий болно гэсэн хүлээлттэй байна.

Өнөөдөр Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институц, Боловсролын үнэлгээний төв, хотын болон аймаг нийслэлийн Боловсролын төв зэрэг байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож байна. Багшийн мэргэжил дээшлүүлэх институц гэдэг байгууллагыг бид сайн мэднэ. Энэ байгууллага сургалтын арга зүйгээр багш нараа хангадаг.

Урт, богино хэмжээний, ахисан төвшний, магистрт сурах сургалт гээд бүгдийг нь энэ байгууллага хариуцдаг болох юм. Түүнчлэн сургуулиудад байгуулагдсан багш хөгжлийн төвийг бүгдийг нь арга зүй, цахим мэдээллээр хангадаг болно. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нарын 12 хүрэхгүй хувь нь магистр зэрэгтэй байна. Доктор багш өнөөдөр дөрөвхөн байна. Энэ бол эмгэнэлтэй тоо.

Жишээ нь, Финланд, Сингапур Улсад бакалавр төвшний хүн багшлахыг зөвшөөрдөггүй. Бид цаашдаа магистр, докторуудыг энэ Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт багшлуулахад онцгойлон анхаарах хэрэгтэй. Үгүй бол бидний үр хүүхдийг бэлтгэж байгаа багш нарын чадвар чансаа хангалтгүй байна. Үүнийгээ дагаад нэр хүнд нь унасан. Арван жил төгсөж байгаа хүүхдүүдийн судалгаагаар хоёрхон хувь нь багш болъё гэж байгаа.

Өмнө нь өндөр оноотой хүүхдүүд багш болдог байсан бол хамгийн бага оноотой, сургууль олдоогүй, хуваарьгүй хүүхдүүд багшийн мэргэжил сонгодог болсон. Үүнийг өөрчлөхийн тулд багшийн нэр хүндийг нийтэд нь хамгаалъя гэж энэ хуулийг гаргаж байгаа.

-Хувийн сургуулийн эрх ашиг, тэдний чанарын асуудлыг ямар заалтаар оруулсан юм бол?

-Багш мэргэжлээр 41 их, дээд сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. Тэгсэн хэр нь оюутан алга. Энэ нь цалин хөлс, нийгмийн баталгаанаас болж энэ мэргэжлийг сонгох ханд-лага буурсан байна. Тиймээс хувийн, улсын ялгаагүй бүгд багшийн хөгжлийн төвтэй байна. Гэхдээ хувийн сургууль өөрийн хөрөнгөөр багшийн хөгжлийн төв байгуулан сургалтад хэрэглэгдэх материалаа хангах ёстой. Үүнийг хуульдаа үүрэг болгож байна.

Багшийн ёс зүйн зөвлөл мөн байгуулна. ёс зүйн зөвлөлд эцэг эх, оюутан, сурагч, багш нарын төлөөллүүд орно. Жишээ нь, их, дээд сургуульд багшийн ёс зүйн зөвлөл нь ажиллаж, ёс зүйн хороо нь БСШУСЯ-ны дэргэд, Ёс зүйн зөвлөл нь Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгтээ Ёс зүйн хороо нь аймаг нийслэлийн Боловсролын газрын дэргэд ажиллана гэсэн үг.

Аймаг нийслэлийн Боловсролын газар эцсийн байдлаар ёс зүйн асуудлаа шийдэхээс биш, захирал субьектив байдлаар ханддагаа болино. Нэг талаараа багшийг дэмжих, нөгөө талдаа ёс зүйн асуудлаа шаардах нь зүй ёсны хэрэг юм.

Б.Номин

Tags

Related Articles

Back to top button
Close