Ярилцлага

Г.Гантөмөр: Авлигын эсрэг олон улсын стандартыг нэвтрүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх зорилтын хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, бүхий л салбарт олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болгоход чиглэсэн олон ажлыг хийж байгаа билээ. Тиймээс энэ удаа нийгэмд гүйцэтгэх стандартын үүрэг, салбарын эрх зүйн орчны шинэчлэл, түүний ач холбогдлын талаар Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөртэй ярилцлаа. 
–“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл УИХ-аар батлагдсанаар үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?
-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийн төсөлд стандартыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд сонгон хэрэглэх болсноор хүнд суртал, дарамт багасах юм. Тухайлбал ААН-ийн өөрсдийн чадавхийн түвшинд олон улс, гадаад орны үндэсний стандартуудаас сонголт хийх нөхцөл бүрдэж байна. Гадаад худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьд маш олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, хил гааль дээр бараа бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулах, цаг хугацаа алдах гээд олон  бэрхшээл, хүндрэлүүд байхгүй болж, бизнесийн таатайг орчныг  бүрдүүлж байгаа юм. Худалдааг хялбаршуулах, хөнгөвчлөх зорилгоор гадаад худалдаанд  оролцогч бүх улс оронд бараанд дагалддаг тохирлын гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрч, хяналт, шалгалтад давтан хамруулж байгаа одоогийн тогтолцоо өөрчлөгдөнө.
–Стандартыг аж ахуйн нэгж, байгууллага сонгон хэрэглэдэг зарчимд шилжсэнээр бүтээгдэхүүний аюүлгүй байдлыг хэрхэн зохицуулах вэ?
-Техникийн зохицуулалтын баримт бичгийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд “аюулгүйн тэмдэг” хэрэглэх эрхийг энэ хуулийн холбогдох заалтын дагуу үйлдвэрлэгч нарт олгосноор тэдгээрийн бүтээгдэхүүнийг давтан сорилт, шинжилгээнд хамруулахгүй байх,хяналт, шалгалт илүү тодорхой зорилгод чиглэж үр дүн нь сайжрах, хэрэглэгч аюулгүй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхэд илүү хялбар болгож байгаа юм.
– Шинэчилсэн хуулийн төсөл батлагдсанаар танай салбарын үйл ажиллагаанд ямар өөрчлөлт, шинэчлэл бий болох вэ?
-Монгол Улсын Стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн тогтолцоо олон улсын зарчимд нийцэж, төвлөрлийг сааруулах, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ, менежментийн тогтолцооны чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн эрх ашгийг хамгаалах үйл ажиллагаанд ахиц дэвшил гарна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл, худалдаанд байгаа техникийн элдэв саад тотгор, хүндрэлийг багасгах замаар Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж, орчныг бий болгож байгаа юм.
–Шинэчилэн баталсан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар товч мэдээлэл өгөөч?
-Шинэчлэн батлагд­сан хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийгэмд шинэчилэн бат­лагд­сан хуулийн талаар тодорхой дэс дараатай мэдлэг, хандлага төлөв­шүү­лэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг өргөн далайцтай явуулах, маш олон дүрэм журам, зохицуулалтыг шинээр гаргах, батлуулах юуны түрүүнд Үндэсний стандартын шинжлэх ухаан, техникийн түвшний улсын үзлэгийг явуулах гээд маш олон ажил байна.
–Танай байгууллага Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежмен­тийн тогтолцооны стан­дар­тыг төрийн байгуул­лагуудаас анх түрүүнд нэвтрүүлсэн туршлагаасаа  хуваалцана уу?
-Юуны өмнө менежментийн тогтолцооны  ISO 9001 стандартын ач холбогдлын талаар маш товчхон зүйл хэлэхийг хүсч байна. Энэ стандарт нь шилдэг тогтолцоо,  байгууллагын үйл ажиллагааны тасралтгүй сайжралтыг  хангадаг удирдлагын арга хэрэгсэл юм. Менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлэх нь ажил, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах, хэрэглэгч, үйлчлэгчийн зүгээс гарах гомдол, шүүмжлэлийг багасгах, сэтгэл ханамжийг дээшлүүлэх, удирдлагын арга барилыг боловсронгуй болгох, байгууллагын ажилтан нарын мэдлэг, ур чадварыг дээшүүлэхэд чухал ач холбогдолтой  юм.  Манай агентлаг  2014 онд Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг шуурхай нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, үйлчүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийх, зорилгоор чиглэсэн чанарын бодлого, зорилтоо тодорхойлж, Менежментийн тогтолцоо­ны ISO 9001 стандартыг нэвтрүүлж  хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Францын баталгаажуулалтын байгууллага /АФНОР/-аас  гардан авсанаас хойш гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд магадлан аудитад хоёр удаа амжилттай хамрагдаж, үнэлгээгээр Стандарт, хэмжил зүйн газар /СХЗГ/-ын Менежментийн тогтолцоо тасралтгүй сайжирч байгаа, үр дүнтэй удирдлагын тогтолцоо гэж үнэлсэн байна.
–Танай байгууллага шинэчилсэн ISO 9001:2015 стандартын дагуу энэ онд үнэлгээнд орсон гэж сонслоо. Энэ талаар тодруулна уу?
-Энэ жил СХЗГ Менежментийн тогтолцооны олон улсын стандарт 9001:2015-ын шинэчилсэн хувилбарт шилжих зорилт дэвшүүлж, удирдлага, зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Францын баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-аар 2017 оны аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд үнэлүүлж, ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн тухай 2015/68385.2 тоот гэрчилгээг хүлээн авсан.
–Менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг бүх байгууллагууд нэвтрүүлэх шаардлагатай юу?
-Менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага нэвтрүүлж болно. Хэдийгээр стандарт нь сайн дурын, зөвлөмжийн шинжтэй боловч даяаршлагдсан өнөөгийн нийгэмд аль ч байгууллагын хувьд амжилт өөд тэмүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ зах зээлийг бий болгох, нэр хүндээ өсгөхөд тухайн стандартыг нэвтрүүлснийг батлах гэрчилгээ /сертификат/ зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм. Дашрамд дурьдахад гадаадын зарим орнуудад менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад тендер,  төрийн болон гадаад худалдан авалтад оролцоход илүү давуу тал олгодог жишээ байна. Нөгөө талаар аж ахуйн нэгж, байгууллагын хувьд  шинэ түншүүдийг бий болгох, хөрөнгө оруулагч нарыг татахад чухал түлхэц болдог.
–Танай байгууллагын хувьд менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлснээр ямар эерэг нөлөө бий болсон бэ?
-Менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн эерэг нөлөөг би хоёр талаар хариулья. Гадна талдаа олон улс, бүс нутгийн гишүүнчлэлтэй байгууллагуудын хэмжээнд манай агентлагийн нэр хүнд статус дээшилсэн, стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн чиглэлээр “Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-т нэгдэн орсон, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг олон улсад хүлээн зөвшөөрсөн, гадаад хамтын ажиллагааг өргөжин тэлсэн  гээд олон үр дүн байна. Дотооддоо байгууллагын үйл ажиллагаа илүү хяналттай, эмх цэгцтэй, хөнгөн шуурхай, баталгаа нотолгоотой болж, хэрэглэгч, үйлчүүлэгчийн сэтгэл ханамж дээшилсэн гээд олон давуу тал бий болсон. Бид Менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартын нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авилгын эсрэг олон улсын менежментийн ISO 37001 стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.
–Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сайтуудаар Стандарт, хэмжил зүйн газрын удирдлага, үйл ажиллагаатай холбоотой гараад байгаа сөрөг мэлээллийн талаарх таны байр суурь?
-Сүүлийн үед хэвлэл мэдээлэл, сайтуудаар цацагдсан мэдээллүүд ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд энэ талаар 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж энэ талаар тайлбар мэдээлэл хийсэн. Сайтууд дээр гараад байгаа мэдээллүүд илтэд гүжирдсэн иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл байсан. Иймд мэдээ тараасан үйдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаад байна.
Б.Туул

Related Articles

Back to top button
Close