Ярилцлага

Д.Гансүрэн: Цөмийн энергийн салбарын хөгжилд саад хийж байгаа хүмүүсийг гайхаж байна

“Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн Д.Гансүрэнтэй ярилцлаа.

-Үндэсний үзэлтэй гэх хөдөлгөөнүүд Монголд атомын цахилгаан станц барих тал дээр эсрэг тэсрэг байр суурьтай байдаг?

-Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Би үндэсний үзэлтэн. Үндэсний үзэлтэй, эх оронч залуучуудын хувьд дээр үеэсээ ярьж ирсэн үндсэн хэдэн зарчим байдаг юм. Нэгдүгээрт манай улс хүчирхэг тусгаар улс болох. Үндэстэн бүгд нэг зүг рүү харах. Дэлхийн хөгжилтэй эн тэнцэх. Өөрсдийнхөө үнэт өвийг хадгалж авч үлдэх. Үндэсний эв нэгдэл гэсэн ийм олон зүйл бий. Бидний үндсэн зорилго бол Монгол Улсыг хүчирхэг болгож, гаднаас аль болох хараат бус байлгах. Энэ бол Монгол хүн болгоны зүрхэнд байгаа хүсэл. Гэтэл бид өнөөдөр нефтийн бүтээгдэхүүн, цахилгаанаар яалтгүй ч үгүй хараат байна.

ОХУ-аас бид цахилгаанаа импортолж авдаг. Гэтэл тэр тогийг атомын цахилгаан станцаасаа манайд өгч байна. “Хөх Монгол бүлгэм”, “Даяар Монгол”, “Цагаан хас” зэрэг үндэсний үзэлтэй олон хөдөлгөөнүүд энэ эрчим хүчийг хөгжүүлэх ёстой гэдэг дээр нэгдсэн байр суурьтай байгаа. Тийм учраас ч энэ бүхнийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцохгүй байгаа. Эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож байгаа ганц үндэсний үзэлтэй хөдөлгөөн байгаа нь нондин байгуулагдсан “Босоо хөх Монгол”. Энэ хөдөлгөөнийхөн ингээд яваад байгаад гайхаж байна.

Тус хөдөлгөөнд байгаа залуус анх манай бүлгэмд байсан залуучууд. Тэд “Бид тусдаа хөдөлгөөн байгууллаа” гээд гарсан хүмүүс. Манай бүлгэмээс гарчихаад ийм үйл ажиллагаа явуулаад байгаад гайхаад байгаа юм. Тэднийг манай бүлгэмд байхад би “Монгол Улс тог цахилгаанаараа хараат бус байх ёстой. Нефтийн бүтээгдэхүүнээ өөрсдөө боловсруулах ёстой. Монголд хүнд үйлдвэрүүд байгуулах ёстой” гэж байнга хэлдэг байсан шүү. Энэ бүхэн эхнээсээ биеллээ олж байгаад баяртай байгаа. Эхлэл нь тавигдаж эхлэнгүүт зарим нь улс эх орны хөгжлөөс чаргууцалдаад байгааг ойлгохгүй байна.

-Цөмийн инерги, атомын цахилгаан станцыг эсэргүүцээд буй хүмүүс үүнийг мөхөл рүү хөтлөх эрсдэлтэй зам гэж яриад байдаг?

-Эрсдэл бол бүх юманд байдаг. Хөдөлгөөн хийж л байгаа бол хүн эрсдэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр энэ эрсдлийг тийм аймаар, хадны мангаа шиггэж бодохгүй байна. Яагаад гэвэл энэ талаар тодорхой хэмжээний материалуудтай уншиж танилцаж байсан. Цөмийн энерги Монголд хөгжих ёстой гэдгийг 1990-ээд оноос хойш л ярьж байгаа. 2006 онд “Хөх Монгол бүлгэм”-ийн тэргүүн болчихоод ч энэ тухай ярьдаг байсан. Энэ бол ганц миний биш үндэсний үзэлтнүүдийн мөрөөдөл байсан.

-Аливаа нэг хөдөлгөөн, бүлгэмийг хэн нэгэн нөлөө бүхий хүний аясаар хөдөлдөг. Мөнгө өгсөн хэний ч талд зогсдог гэж ойлгох нь бий?

-Тийм хар ард түмний дунд байдаг. “Хөх Монгол бүлгэм” ер нь жагсч, жагсаал зохион байгуулаад байдаггүй. Манайх бол үндэсний эв нэгдлийг эрхэмлэдэг бүлгэм. Шуу хугарсан ч ханцуйндаа, ходоод хагарсан ч тогоондоо гэдэг. Үүн шиг бид дотоодынхоо асуудлыг гадаадад яриад гайхуулаад шившиг болоод жагсацгаагаад байх шаардлагагүй. Муу төр гэж байдаггүй. Төрд ажиллаж байгаа муу хүмүүс гэж бий. Төрд шургалсан зальтай, хомхой этгээдүүд байгаа. Түүнээс биш муу төр гэж байхгүй. Төрөө муучилж болохгүй.

Эх орон маань хөгжихөд юу нутагших гээд байна вэ гэдгийг харах ёстой. Дэлхийд 439 цөмийн реактор ажиллаж байна. Ураныг олборлож эхэлж байна гэдэг чинь үүний эхлэл байхгүй юу. Ураны салбарыг Монголд хөл дээрээ босох гэж байна гэж харж байна. Хөлд орох гэж байгаа хүүхдийн дух руу нь түлхэж унагаад, хөлд нь дэгээ тавиад байх хэрэггүй. Үүнийг бид анзаарах ёстой.

-Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гээд эхлэхээр эсэргүүцэгчид гарч ирээд байгаа. Эдгээр эсэргүүцэгчдийн ард талд хэн байгаа вэ гэдэг асуулт олны анхаарлыг татдаг?

-Яагаад Монгол Улсыг энхийн зорилгоор цөмийн эрчим хүчийг хэрэглэх гээд үе шаттай ажлуудаа хийгээд эхлэхээр тэрийг нь таслан зогсоох гээд байгаа юм бэ. Та худалдагч байлаа гэж бодъё. Таны худалдан авагч танаас бараа худалдаж авахаа болиод өөр газартай харьцаад эхлэх буюу эсвэл өөрөө тэр бараагаа үйлдвэрлээд эхэлбэл та дургүй л байна. Ийм л гадны бодлого яваад байгаа юм биш байгаа даа. Монголыг өөрөөсөө хараат байлгах гэсэн гүрнүүдийн бодлого явж байж мэднэ. Бид хоёр том гүрний дунд байгаа болохоор аль болох бүхнийг өөрсдөө чаддаг байх ёстой.

Гэхдээ уранаа олборлочих дотоодын компани байхгүй л дээ. Магадгүй намайг “Арева”-г өмөөрлөө гэж бодох байх. Энэ компанийг судалсан. Дэлхийд үнэхээр тэргүүлдэг компани. Үндэсний аюулгүй байдал талаасаа харахад л “Арева”-г хөөж гаргалаа гэхэд араас нь хэн нэгэн орж ирэх нь ойлгомжтой. Тэд орж ирэх гээд хаалганы цаана хүлээгээд зогсч байна. Тийм болохоор бид гуравдагч орноос хөндлөн шугам татах нь зөв.

Монгол Улс хүчирхэг байж, хүн нь эрүүл байх ёстой. Уранд хордсон малын тухай яриад байгаа байхгүй юу. Тэгтэл утаанд хордож байгаа Улаанбаатарын сая гаруй хүний асуудал яагаад яригдахгүй байгаа юм бэ. Хэрвээ цөмийн станцтай болбол цахилгааны үнэ арав дахин хямдарна. Зургаан тонн нүүрснээс гаргадаг цахилгааныг нэг грамм уранаас гаргана. Ингэхээр тогны үнэ яаж хямдрахыг үүнээс харж болно. Өнөөдөр Монголд тог нь үнэтэй болохоор үйлдвэрлэл хөгжихгүй байгаа юм.

-Цөмийн станцтай болохыг эсэргүүцэгчдийг хэн нэгнээс асар их хэмжээний санхүүжилт авч хариуд нь жагсаал цуглаан хийдэг гэх юм?

-Үндэстэн өөрсдөө арчаагүй, эв нэгдэлгүйгээсээ болж бусдын идэш болдог. Үүнийг эдийн засгийн алуурчид хийдэг. Манайд ч энэ бодлого хэрэгжээд байна. Бид өөрсдөө өнөөдөр хоорондоо эв нэгдэлтэй байж, авч үлдэх ёстой юмаа авч үлдэх хэрэгтэй байна. Дэлхийгээс хэрэглэх ёстой технологио хэрэглэх ёстой. ОХУ, БНАСАУ, БНХАУ, Япон гээд бүгд л цөмийн эрчим хүчийг хэрэглэж байна шүү дээ. Хойд Солонгос батлан хамгаалах салбартаа үүнийг ашиглачихсан, бэлдчихсэн зүйлс нь ч байгаа болохоор хүчирхэг байгаа юм, хэнээс ч айхгүй. Үүн дээр бид дэлхийгээс хоцроод байна. Гадагшаа зарахаа байг гэхэд дотоодынхоо хэрэгцээг хангах хэмжээний цөмийн реактор яагаад ажиллуулж болохгүй гэж. Тог цахилгаан хямдарвал өнөө халуун, хүйтэн усны шугам,сүлжээ гэх юмгүй болно. Утас татаад л боллоо. Гэр хорооллынхон гал түлэхгүй, цахилгаанаар дулаанаа шийднэ. Бид асар өргөн уудам нутагтай ч дэд бүтцийн шугамандаа баригдаад хөгжихгүй байна. Нүүрс түлж, үнстэйгээ хутгалдсан амьдралаар амьдрахаа больчихно. Ингэж амьдармаар байна шүү дээ.

-Ураныг олборлох, цөмийн станц байгуулах тал дээр хүмүүс айдастай байдаг нь бас нэг хүлээс болдог гэдэг?

-Атомын бөмбөг биш шүү дээ. Уран олборлох нь алт олборлохоос бага хор хохиролтой, байгальд. Алт олборлоход уулыг нурааж, усыг эргүүлдэг. Харин ураныг өрөмдөөд л олборлочихдог юм билээ. Энэ бүхнийг Монголд ашигтай салбар гэдгээр нь хараасай гэж хүсч байна.

Хүний эрх гэж ярьдаг АНУ өнөөдөр олон тооны цөмийн станц ажиллуулж байна. Монгол Улсын хилийг дагаад БНХАУ-ын дөрөв таван цөмийн станц ажиллаж байгаа юм. ОХУ-д ч мөн адил. Казахстан улс шинээр хүүхэд мэндлэхэд дансанд нь 10 мянган ам.доллартай тэнцэхүйц хэмжээний мөнгө хийдэг гэж дуулсан. Атомын олон цахилгаан станцтай, үйлдвэрлэгч орон болчихсон болохоор аргагүй юм.

Манай цахилгаан станцууд чинь бараг тавин хувийн алдагдалтай ажиллаж байгаа шүү дээ. Тэр алдагдлыг төр нөхдөг, тогтой байхын тулд.

Цөмийн салбар Монголд нутагшаасай, хөгжөөсэй гэж олон жил хүсч ирсэн болохоор эхлэл нь тавигдаж байгаад талархан хүлээж авсан. Ямар ч л байсан Монгол Улс тэр зам руугаа орж байна. Гэтэл үүнд тээг, садаа дэгээ тавьсан хүмүүс гарч ирээд байна. Тэр хүмүүс тийм сүрхий байсан бол өмнө нь уул уурхайтай холбоотой олон асуудал үүсэхэд дуугарах нь яасан юм бэ. Чив чимээгүй байж байснаа гэнэт л Монголд хэрэгтэй юм хийх гээд эхэлтэл хориг тавиад байгаа нь сонин байгаа байхгүй юу. Бид хөгжил дорой байсан учраас Манжид эзлэгдсэн. 1913-1915 оны хэлэлцээрт зэвсэггүй байсан болохоор газар нутаг, ахан дүүсээ алдсан шүү дээ. Тэмцэх чадваргүй, дэлхийн технологиос хол хаягдчихсан байсан байхгүй юу. Өнөөдөр дэлхий цөмийн инергийг ашиглаад хөгжөөд байхад бид нүүрсээ түлээд дундад зуунаараа амьдраад байна. Энэ байдлаас аврах гарц бол цөмийн цахилгаан станцтай болох.

Д.Саруул

Tags

Related Articles

Back to top button
Close