Зохицуулагчийн дохиогоор уулзвар, гарц нэвтрэх

Замын хөдөлгөөний ачаалал ихтэй үед болон зам тээврийн осол, зөрчил гарсан уулзвар гарцууд дээр зохицуулагч цагдаа хөдөлгөөн зохицуулах нь элбэг байдаг. Гэвч зохицуулагчийн дохиог тээврийн хэрэгслийн жолооч нар сайн ойлгоод явган зорчигчид тэр дундаа хүүхэд багачууд сайн мэдэхгүй, ойлголтгүйгээр хөдөлгөөнд оролцож байна.
Үүнээс болж зам тээврийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл ихтэй байхаас гадна зохицуулагчийн дохиогоор уулзвар нэвтэрч буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлж байна.
Тэгэхээр хөдөлгөөнд оролцогчид тэр дундаа явган зорчигч бүр зохицуулагчийн дохиог зөв ойлгож замын хөдөлгөөнд оролцох нь маш чухал юм.
Зохицуулагчийн үндсэн 3 дохио байдаг ба биеийн байрлалаар болон дохиурын заалтаар дохио өгдөг. Үүнд:

1.    Дохиурыг эгц дээш нь өргөсөн байх үед
Энэ үед бүх талаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглохоос гадна бүх талын явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.

2. Зохицуулагч гараа алдлах эсвэл гараа цээжиндээ авсан байх үед
Зохицуулагчийн урд, хойд талаас бүх чиглэлд явах болон зохицуулагчийн баруун зүүн гар талаас зүүн гар тийш эргэх, буцаж эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Мөн зохицуулагчийн баруун болон зүүн гар талаар зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.
Энэ үед зохицуулагчийн баруун зүүн гар талаас чигээрээ буюу баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэл болон зохицуулагчийн урд хойд талаар зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө.

3. Зохицуулагч дохиурыг урагш заасан байх үед
Зохицуулагчийн хойд талаас болон баруун гар талаас бүх чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг болон урд талаас чигээрээ буюу зүүн гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Мөн зохицуулагчийн баруун, зүүн гар талаар болон урд талаар зам хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно.
Энэ үед зохицуулагчийн зүүн гар талаас бүх чиглэлд явах болон урд талаас баруун гар тийш эргэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөх ба явган зорчигч зохицуулагчийн зөвхөн хойд талаар зам хөндлөн гарахыг зөвшөөрнө.
Эдгээр гурван байрлалаас гадна зохицуулагч ойлгогдохуйц дохиогоор хөдөлгөөнд оролцогчдод дохио өгж болдог байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*