Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал нээгджээ

Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Арабын Нэгдсэн Эмирт Улсын /АНЭУ/ хамгийн том хот болох Дубайд нээгджээ.
“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, даваа гарагт буюу өчигдөр үүдээ нээсэн “Gevora” зочид буудал нь 356 метр өндөр, 75 давхар аж. Энэ нь өмнө нь “дэлхийн хамгийн өндөр зочид” буудал гэгдэж байсан “JW Marriott Marquis” зочид буудлаас 1 м, Парисын Эйфелийн цамхгаас 56 м-ээр өндөр бол Куала-Лумпурын ихэр цамхгаас 100 орчим м-ээр намхан аж. 500 гаруй өрөөтэй “Gevora” зочид буудлыг барихад 130 сая гаруй ам.доллар зарцуулсан гэнэ. Өрсөлдөгч зочид буудлуудаас ялгаатай нь тус тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөний үнэ харьцангуй хямд аж.
Энэхүү зочид буудал нь Дубай хотын аялал жуулчлалын салбарыг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
АНЭУ-д дэлхийн хамгийн өндөр 10 зочид буудлын долоо нь байдаг гэнэ.
Г.Доржханд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*