Улсын гарьд Ө.Бат-Орших “допинг” хэрэглэсэн тухайгаа тайлбарлалаа

Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир Спортын Газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингийн эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд 2017 оны 12 дугаар сард 31 бөхөөс Допингийн шинжилгээ авч БНСУ-ын лабораторид шилжүүлсэн байна.
БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд 5 бөхөөс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодис илэрсэн гэжээ. Эдгээр бөхчүүдийн нэг нь “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ явуулаад байгаа бөгөөд Б.Номиндалай, С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгааг албан ёсоор мэдэгджээ.  Үүнтэй холбогдуулж Улсын гарьд Ө.Бат-Орших өөрийн фэйсбүүк хуудсандаа байр сууриа илэрхийлсэн байна.

Тайлбар
Миний бие 2012 оноос эхлэн гарын алганы, хурууны арьс хуулардаг, хагардаг, нуралт өгдөг, цэврүүтдэг зовиуртайгаар өнөөдрийг хүрсэн.
Үүнийгээ Арьсны төв болон бусад эмнэлгийн байгууллагуудаар тогтмол үзүүлж, оношлуулж, эмчлүүлж байсан ч тусыг олоогүй.
Учир нь бэлтгэл, барилдааны үед хөлсөнд норох, зодог шуудагны ширээсэнд авагдах зэргээр сэдэрдэг юм.
Тиймээс байнга лент, боолт хэрэглэж бэлтгэл, барилдаанд оролцдог байсныг бөхчүүд, бөх сонирхогч, үзэгчидийн олонх нь мэдэх болсон.
Үүндээ сайн гэсэн бүхнийг хэрэглэж, арга хэмжээ авсаар ирсэн.
Хамгийн сүүлд өнгөрсөн 12-р сард бодисын солилцоо сайжруулж, шархны эдгэрэлтэд сайн гэж сонсоод ТАМОКСИФЕН гэдэг эмийг эмийн сангаас авч уусан.
Гэтэл 12-р сард өгсөн шинжилгээгээр хориотой эмийн бодис гэж гарлаа.
Өнөөдөр ДЭҮТ-өөс албан ёсны мэдэгдэл гарсан учир та бүхэнд мэдээлэл өгөх үүднээс энэ тайлбарыг хийж байна.
Дашрамд дурдахад ПАРАЦЕТАМОЛ гэх мэтийн халуун бууруулах, өвчин намдаах эмүүд нь хориотой юм байна шүү.
Шинжилгээний хариу болон хэрэглэсэн эмийн зургийг орууллаа.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*