Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Ухамсарын шанаа” аваад Бээжинг зорьсон У.Хүрэлсүх Өвөр Монголын аймгийн даргад бараалхаж доошоо орсоор буцаж ирлээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ руу төрийн айлчлал хийхийн урд өдөр ерөнхийлөгч Х.Баттулга гэрт нь очиж уулзжээ. Монгол орны 21 аймгаар тойрон ард иргэдтэй уулзаж, жаргал зовлонг нь сонсч ирсэн ерөнхийлөгч нэлээн ууртай очиж “Ерөнхий сайд болонгуутаа хамтдаа авилгал, луйвар, төрийн өмчийг худалдаж идэхийн эсрэг тууштай тэмцэнэ гэж амлаад байсан чинь яасан бэ. Хэлсэн ярьсандаа хүрсэнгүй чи” хэмээн загнаж, бүр ухамсарын шанаа өгсөн сураг ч дуулдаж байна. Ерөнхийлөгчөөс жавтий хүртсэндээ бухимдсан У.Хүрэлсүх тэр даруй Нийслэлийн МАН-ын хороон дээр очиж уураа гарган туйлж аваад бага зэрэг тайвшран БНХАУ-ыг зорин оджээ. Ерөнхий сайдын урд хөрштэй хийсэн гэрээ хэлцэлийн талаар бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа болохоор тэр талаар нуршаад яахав. Хамгийн гол нь энэ айлчлалаас өмнө Таван толгойн нүүрсийг аль болох боломжийн үнээр, ачаа тээврийг нь ахиухан нэвтрүүлэх тал дээр БНХАУ-ын томчуудтай хэлэлцэж тохиролцоно хэмээн Уул уурхайн сайд Д.Сумьяабазарааас эхлээд бүгд л сүрхий том амлацгааж байсан билээ. Тиймээс ерөнхий сайдын айлчлалаас бид их зүйл хүсэн хүлээж байсан. У.Хүрэлсүх ч ард түмнийхээ итгэл, горьдлогыг үгүй хийчихгүйг хичээж уг нь байдаг чадлаараа л мэрийжээ. Хятадын “хамаг бүдүүн” дарга Си Жин Пинтэй уулзахдаа мөн ерөнхий сайд Ли Кэц Ян болон БХАТХ-ын дарга нартай уулзахдаа “Таван толгойгоос аль болох ахиухан нүүрс авах арга чарга юу байна. Манай нүүрсний үнийг өсгөх тал дээр та бүхэн юу гэж бодож байна” хэмээн ам ангайх тоолондоо хэлсэн боловч нөгөөдүүл нь “Та нар наад асуудлаа хил залгаа Баяннуур аймгийн  удирдлагуудтайгаа ярь л даа” хэмээн үл тоосон байх юм. Уул уурхайн сайд Д.Сумьяабазар аль эрт Баяннуур аймгийн дэд дарга болон Ганц мод боомтын дарга нартай уулзсан ч нөгөөдүүл нь “Бид мэдэхгүй. Дээрээс ирсэн шийдвэрийн дагуу л ажиллаж байгаа” хэмээн Бээжин лүү заасан байсан юм. Гэтэл Бээжин нь Монгол улсын ерөнхий сайдыг очоод асуудал тавимагц “Баяннуур аймгийн дарга нартайгаа яриач” хэмээн даапаалсан нь манай улсыг ямархан зэрэгт үзэж байгааг илэрхийлсэн хэрэг бус уу. Хятадын том дарга нарт ингэж дээрэлхүүлэн “доошоо орсон” ерөнхий сайд У.Хүрэлсүх аргаа барсандаа хуучин цагт манай хөдөөгийн сумд руу нисдэг байсан “АН-24” онгоц шиг Хятадын “Айр Чайна” хэмээх орон нутгийн нислэгийн жижигхэн онгоцонд сайдуудтайгаа шахалдан суугаад Баяннуур аймагт ирсэн байгаа юм. Баяннуур аймгийнхантай уулзсаныхаа дараа машинаар Гашуун сухайт-Ганц модны боомтоор хил давж эх орондоо иржээ. Түүнд төрийн зангараг байсан бол ингэж жижигрэхгүй, Боаогийн чуулганд орчихоод л Монгол руугаа нисэх байлаа. Харин өөрийнхөө төлөөний хүн болгож Уул уурхайн сайд Д.Сумьяабазар ч юм уу эсвэл аль нэг зөвлөхөө Баяннуурын удирдлагатай уулзуулахаар явуулах ёстой байсан юм. Тэгсэн бол бүхэл бүтэн улсын ерөнхий сайд гэдгээ тодхон харуулах байсан даа гэсэн харуусал өөрийн эрхгүй төрж байна. Гэвч мань эр төрийн хэрэгт аргагүй л жулдаж БНХАУ-ын нэг жижиг аймгийн даргад бараалхах гэж явган нүцгэн шахуу явсаар ирсэн төдийгүй Баяннуур аймагт махны үйлдвэр сонирхсон шигээ амаа ангайлгаад явж байсан нь эмгэнэлтэй. Мэдээж Баяннуурын хятадууд ахиад л Бээжин рүүгээ заагаад явуулсан биз. Монгол улс маань Хятадын дарга нарын хувьд ингэтэл дорд үзэгдэж, нэг муу аймгийнх нь хэмжээнд очсоны бурууг хэн үүрэх вэ? Мэдээж сүүлийн арван жил монгол төрийн эрхийг барьсан хүмүүс үүрнэ. Монгол улсыг маань Хятадын эрх баригчид аль хэдийнэ улс гэж үзэхээ больсон гэдгээ далдуур харуулсан энэ явдлаас бид сэрэмж авч, олон юмыг бодох ёстой шүү та минь.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*