Ходоодоо дурандуулснаар хорт хавдраас сэргийлэх боломжтой

ХСҮТ-ийн Онош зүйн тасгийн дурангийн эмч, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эмч Ч.Гэрэлмаатай ярилцлаа.
 
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ходоодоо дурандуулах нь ямар ач холбогдолтой байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юү?
-Манай Статистик, сургалт, бүртгэл, мэдээллийн албанаас гаргасан судалгаа байна. Өнгөрсөн оны байдлаар 5991 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс эрэгтэй 2885, эмэгтэй 2854 тохиолдол байна. Зонхилон тохиолдох хорт хавдрын таван байрлалыг авч судлахад Монголд элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолойн хавдар байна.
Үүний дотор ходоодны хорт хавдар II байрт буюу 14.7 хувийг эзэлж байна. Өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт, нас баралтаараа нэгдүгээрт ордог. Тиймээс энэ жилээс ходоодны хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг шинээр гаргаж боловсруулж мөрдөх ажлыг эхлүүлсэн. Ходоод дурандуулах нь дүрс оношилгооны шинжилгээнүүд дотроо хамгийн тодорхой шинжилгээ.
Рентген, эхо дүрсийн бүтцээр нь баримжаалж оношилдог бол дуран тодорхой оптик, гэрэл бүхий уян дуранг хүний залгиур улаан хоолойгоор дамжуулж ходоодноос нарийн гэдэс хүртэл хардаг. Тиймээс эрт үеийнхээс эхлээд үрэвслийн бүх оношийг нарийвчлан харах бүрэн боломжтой шинжилгээ юм. Хамгийн ач холбогдолтой шинжилгээ бол дуран.
-Ходоод шархтай үед ходоодоо дурандуулах дэмий гэсэн ойлголттой байдаг. Энэ үнэн үү?
-Энэ бол 100 хувь буруу ойлголт. Шарх гэдэг үнэхээр хүнд өвчин. Хүн бүрд байдаг юм биш. Тиймээс байна уу, үгүй юү гэдгийг нь нэгдүгээрт, заавал дурангаар мэддэг, дурандуулж байж шархыг мэддэг. Түүнээс хүн бүр би шархтай гэж ярьдаг, тийм байж болохгүй. Үнэхээр байгаа бол олон хүндрэлийг дагуулдаг. Тухайлбал, цус алдана, хорт хавдар руу шилжинэ, ходоод цоорч болно. Тэгэхээр ходоодоо шархтай үгүйг мэдэхийн тулд заавал дурандуулах хэрэгтэй. Дээрээс нь эмчилгээний хяналтыг дурангаар хийж эдгээдэг. Тиймээс дурандуулахаас айх шаардлагагүй.
Иргэд дүүрэг, аймгийн эмнэлэгт дурангийн оношилгоонд хамрагдаад тэндээсээ ямар нэг эргэлзээтэй, асуудалтай тохиолдолд манайд ирдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ. Гэрээтэй байгууллагуудынхаа ажилчдыг үзнэ. Хүмүүс өөрийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно. энэ үед хавдрын тохиолдлууд илэрдэг.
Мөн бид оношилгоо хийдэг байсан дурангаар хавдар дээр эмчилгээ хийдэг болсноороо давуу талтай. Хавдар  III үеийг дамждаг. Энэ нь хортой хавдар болтлоо хамгийн эрт үеийн хавдрыг байран өмөн гэдэг. Ийм болж хөгжтөлөө тодорхой шатуудыг дамждаг Хатангиршил, хоргүй хавдар ч юм уу ходоодны ямар нэгэн урьтал өвчтэй байж эсийн хувиралд орж байран өмөн үүсдэг. Түүнээс I-II шатны хортой хавдар болж төлждөг Тэгэхээр урьтал өвчнөөсөө байран өмөн хүртэлх тэр үед нь бид эсийн төвшинд оншилж, дурангийн хагалгаануудыг хийж байгаа. Энэ нь бидний ололттой тал болж байгаа юм.
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*