Энэтхэгийн нэгэн мужид 13 цагийн хугацаанд 36749 удаа аянга цахилгаан цахижээ

Энэтхэгийн өмнөд нутгийн Андра Прадеш мужид энэ долоо хоногийн мягмар гарагт ердөө 13 цагийн хугацаанд 36749 удаа аянга цахилгаан цахисан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Тус мужийн холбогдох албаны хүмүүс хэлэхдээ “13-хан цагийн дотор 36749 удаа аянга цахилгаан буусан гэдэг бол ер бусын үзэгдэл, байгалийн онцгой үзэгдэл” гэжээ.

Мягмар гарагаас хойш тус мужид есөн хүн, тэдний дотор есөн настай охин аянганд цохиулан амиа алдсан байна.

Энэтхэгт борооны улирлын үеэр цахилгаан цахиж, аянга буух нь түгээмэл үзэгдэл юм. Гэхдээ борооны улирал эхлэх болоогүй байхад хэдхэн цагийн дотор маш олон удаа аянга бууж, цахилгаан  цахисныг мэргэжилтүүдийн зарим нь дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж, “гамшиг” гэж үзэж байна. Борооны улирал нь зургадугаар сараас есдүгээр сарын хооронд үргэлжилдэг билээ.

Тус мужид өнгөрсөн онд тавдугаар сард нийтдээ 30 мянган удаа аянга цахилгаан цахиж байжээ.

Энэтхэгийн Гэмт хэрэг бүртгэлийн газрын мэдэгдсэнээр, 2005 оноос хойш тус улсад жилд 2000 орчим хүн аянганд цохиулан амиа алджээ. Өнгөрсөн оны зургадугаар сард л гэхэд тус улсын Бихар, Жаркханд, Уттар-Прадеш болон Мадхья-Прадеш мужид 93 хүн аянганд цохиулан амиа алдаж байв.

Тус улсад аянганд цохиулан амиа алдагсдын тоог хөгжингүй улсууд, тэдгээрийн дотор АНУ-ынхтай харьцуулахад эрс өндөр байгаа юм. АНУ-д жилд дунджаар 27 хүн аянганд цохиулсны улмаас амиа алддаг байна.

Энэтхэгт аянганд цохиулан амиа алдагсдын тоо өндөр байгаа нь аянга цахилгаанаас сэрэмжлүүлэх найдвартай систем дутмаг болон дэлхийн бусад улс оронтой харьцуулахад маш олон тооны хүн гадаа ажилладаг зэрэг хүчин зүйлтэй холбоотой гэнэ.

Г.Доржханд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*