Ц.Ням-Осор: “Эрдэнэт” дэх оролцоог шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлчихсэн

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтьн газрын дарга Ц.Ням-Осортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсад төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчит хэдэн компани, үйлдвэрийн газар байдаг юм бэ. Тэд өнгөрсөн онд ашигтай ажиллаж чадсан уу?
-Төрийн өмчит 97 компани байдаг юм. Сангийн яамнаас удирдлага менежментийг нь хэрэгжүүлдэг тав, “Эрдэнэс МГЛ”-ын харьяаны найман компани байна. Үлдсэн 80 гаруй компанийн удирдлага, менежментийг манай газраас зохицуулж, үйл ажиллагааг нь хянадаг. Төрийн өмчит компаниуд 2016 оны дүнгээр 506 тэрбум төгрөгийн алдагдалтай, 4.5 их наядын орлоготой ажилласан. Өнгөрсөн жилийн тайлангийн дүн мэдээгээр төрийн өмчит нийт компани 7.0 их наяд төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оныхоос 55 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн 860 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ нь нийт компанийн 72 хувьд хамаарах тоо. Үлдсэн хувь буюу 16-17 компани алдагдалтай ажилласны арваад нь эрчим хүчний салбарынх юм. Үндсэн шалтгаан нь үйлдвэрлэл, үйлчилгээний үнийг төрөөс зохицуулдаг, орон нутагт хэрэглэгч цөөн байгаатай шууд холбоотой.”Баруун бүсийн цахилгаан түгээх сүлжээ”, Ховд, Хөвсгөл, Өмнөговь аймгийн ДЦС гэх мэт. Тэдэнд төрөөс татаас /дотац/ өгдөг. Бас шинээр үйл ажиллагаа эхлүүлсэн Замын-Үүд дэх шингэн түлш дамжуулах станц, Эгийн голын усан цахилгаан станцын болон газрын тосны төслийн ажил жигдэрч чадахгүйгээс алдагдал хүлээж байна. Үүнээс гадна нийслэлийн ойролцоо байдаг Налайх, Баянчандмань дахь замын жижиг хоёр компани байдаг юм. Эдгээрээс бусад нь ашигтай ажилласан.
-Энэ жил хувьчлалд хамруулах компаниудыг танай газраас Засгийн газарт танилцуулсан. Түүний дотор ТЭЦ-III-IV гээд улс орны стратегийн ач холбогдолтой эрчим хүчний компани оржээ. Үүнийг ямар байдлаар хувьчлах вэ?
-Хувьчлалын асуудлаар гол салбарын яамдаас саналыг авч, Засгийн газарт хүргүүлсэн. Хувьчлалыг гурван арга хэлбэрээр явуулах бодолтой байна. Дулааны цахилгаан станцууд болон нүүрсний зарим уурхайн 30 хүртэл хувийг хувьчилна гэж төлөвлөсөн байдаг юм. УИХ, Засгийн газрын тогтоол ч гарсан. Гэхдээ Эрчим хүчний яамныхан салбарын дээрх хувьчлалаас татгалзах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Бид ч үүнийг дэмжиж байна. Яагаад гэвэл, аймгуудын төвд байгаа уурын зуухыг хэдэн жилийн өмнө хувьчилсан. Гэтэл хувьчилж авсан нөхөд аманд орсон үнийг  Засаг даргад тулгадаг, аргагүйн эрхэнд зөвшөөрч төсвийн хэдэн төгрөгийг уурын зуух нь “залгидаг” дүр төрх цөөнгүй гарлаа. Энэ гашуун туршлагаас харвал эрчим хүчний салбарыг юу юуны туханд хүрэлгүй хувьчилж болохгүй гэж бодож байна. Яаж шийдэх нь УИХ-ын бүрэн эрх. Хоёрдугаарт, автозамын засвар, арчлалт хариуцсан 20 орчим компани бий. Баруун бүсийн даваа гүвээ ихтэй аймгуудаас бусад газрын “АЗЗА” компанийг хувьчлах боломжгой. Төрийн захиалгаар авто замын засвар, арчлалтыг хийгээд явах, тэнд өрсөлдөөн бий болгох зэрэг эерэг талыг нь харахад боломж байна. Гуравдугаарт, ХААБ, МИАТ, “Монгол шуудан”, “Цахилгаан холбоо” гээд хэдэн компани бий.Тэдгээрийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах саналтай байгаа юм. Мөнгө хөрөнгөтэй хэсэг, бүлэг хуний мэдэлд өгөх биш олон нийтийн хараа хяналтад байлгахын тулд хувьцааг нийтэд санал болгож арилжаалах хувилбарыг сонгож болохоор байна.
-Олон түмний анхааралд байж ихээхэн маргаан дагуулсан асуудал бол “Эрдэнэт үйлдвэр” компанийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэнтэй холбоотой. Үүнд ТӨБЗГ-аас ямар оролцоотой байна вэ?
-ТӨБЗГ 2017 оны хоёрдугаар сард Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, “Эрдэнэт үйлдвэр”компанийг Улсын бүртгэлд бүртгүүлэх, дүрмийг өөрчлөх, түүнийг үндэслэн ТУЗ-ийг сонгох ажлыг үүргийнхээ дагуу хийж, гүйцэтгэсэн. Гэтэл гуравдугаар сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэр гарч, улсын бүртгэлийн асуудлыг түдгэлзүүлснээр манай газрын оролцоо байхгүй болчихож байгаа юм. Мөн арванхоёрдугаар сард Тусгай ажлын хэсэг гарч, ОӨУБЕГ-т бүртгүүлсэн ч энэ оны эхээр Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Бид хэдийгээр хувь эзэмшигч боловч эрхээ түдгэлзүүлчихээд дараагийн шүүх хурлыг хүлээж байна. Энэ долоо хоногт хурал болох байх.
-Байгууллагын хувьд тийм байж. Хувь хүн талаасаа та өөрийн санал бодлыг хуваалцана уу?
-“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан нь нийгэмд асар их маргаан, хүндрэл авчирлаа. Сүүлдээ улстөржөөд явчихсан. Үүнийг нэг талаас 450 сая ам.доллар гаргасан гэх хэсэг бүлэг, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-аас асуулгүй хийсэн алдаа, энэ бүхнийг дотроо сайн ярилцаж, учраа ололцох хэрэгтэй байжээ гэж боддог. Үндсэн хуулийн Цэцээс “Захиргааны хэргийн шүүх нь Засгийн газрын шийдвэрийг цуцлах, түдгэлзүүлэх эрх байхгүй” гэсэн тайлбар өгч Улсын Дээд шүүхэд албан тоот явуулсан юм билээ. Тэндээс ямар тайлбар, шийдвэр гаргахыг л хүлээж байна.
-Нэгэнт төрийн өмчит компанийн хувьд “Эрдэнэт” танайд тайлан мэдээгээ ирүүлдэг байх. 100 хувь төрийн өмчийнх болсон мөртлөө улсын төсөвт төвлөрүүлдэг татвар хураамж нь 51-ийнхээрээ байна гэсэн яриа гарсан?
-Тийм байх ямар ч нөхцөлгүй, ташаа мэдээлэл байна. Нэг компанийг 51:49 хувиар нь салгаж, татвар хураамжийг тооцох боломжгүй. 2016 оны сүүлийн хагаст 49 хувийг авах үед 151 тэрбум төгрөгийг төсөвт төвлөруүлсэн байдаг. Өнгөрсөн онд 450 тэрбум орчим төгрөгийг төвлөрүүлсэн нь дотоод хяналт сайжирснаас гадна зэсийн үнэ ханш дэлхийн зах зээлд өндөр байсантай холбоотой. Тиймээс 320 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байгаа юм.
Д.Мөнх

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*