Шар мэдээ

“Яг түүн шиг” шоуны Л.Ган-Эрдэнэ арай л биш ээ

Дэлхийн оддыг дэргэдээс нь харах боломжийг “Боловсрол суваг”-ийн хамт олон бидэнд өгч байгаа билээ. Монголынхоо салбар бүрт манлайлж яваа уран бүтээлчдээс шоу нэвтрүүлгийн оролцогчдыг бүрдүүлж, хүмүүст инээд хөөр бэлэглэж байгаа тэдэнд талархах хүн олон. Гэхдээ үүний зэрэгцээ шүүмжлэх зүйл ч бас байна. “Яг түүн шиг” шоунд мэргэжлийн дуучдаас гадна өмнө нь тайзан дээр дуулж байгаагүй хүмүүс ч оролцдог. Тиймээс тэдэнд туслахаар мэргэжлийн дуучин, бүжигчид тайзан дээр биеэ хэрхэн авч явахаас эхлээд яаж дуулахыг нь ч зөвлөдөг.
Ийнхүү оролцогчдод анхаарах шаардлагатай зүйлийг нь сануулж өгдөг билээ. Шоуны өмнөх дугаарын оролцогчдод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох дуулах арга барилд нь үнэтэй зөвлөгөө өгч байсан. Амны хайрцгаа хэрхэн зөв авахаас эхлээд жижиг гэлтгүй зүйлсэд нь ч анхаарч байсныг үзэгчид мэднэ. Харин энэ удаагийн дугаарт оролцогчдын зөвлөхөөр ажиллаж байгаа “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнийн туршлага дутав уу яав, оролцогчидтой маазарч, загнахаас өөрийг хийхгүй байгаа харагдах юм. Уг нь тэрбээр оролцогчдын хамгийн дотнын зөвлөх байх учиртай. Гэтэл түүнийгээ ойлгохгүйгээр хэдэн дугаарыг үдэж байна. “Номыг нь үзэж ногоотой шөлийг нь уугаагүй” болохоор зарим оролцогч бусдыгаа гүйцэхгүй. Гэхдээ оролцогчийг “Яг түүн шиг” дуулахад Л.Ган-Эрдэнэ л анхаарах ёстой. Хэрвээ мэдэхгүй, чадахгүй зүйл байгаа бол ядаж шоуны өмнөх дугаарыг үзээд санаа авч болно шүү дээ. Шоунд оролцогч сайн дуулдаггүй байж болно. Гэхдээ дуурайх гэж байгаа хүн шигээ дуулахад туслах нь таны үүрэг шүү, Л.Ган-Эрдэнэ ээ.
Б.Номуун
Tags

Related Articles

Back to top button
Close