Хүүхдийн нулимс бус улстөрийн зорилго чухал…

Хүүхдийн мөнгөөр шоудаж олон нийтэд таалагдахыг хүсэгч улстөрчид  эцэстээ насанд хүрээгүй хүүхдийг олны өмнө гаргаж, нулимсыг нь үзэх ч гэж дээ.
Тодруулбал, Ардчилсан намаас зохион байгуулсан “Монголоо сонсъё” өдөрлөгийн үеэр хүүхдийн мөнгөний асуудлыг хөндөж, Орхон аймгийн 10 настай Л.Бранижал охиныг уйлуулан байж олны өмнө яриулсан бичлэгийг цахим сүлжээнд байршуулжээ. Ингэхдээ охин “Таван настайдаа хагас өнчин, найман настайдаа бүтэн өнчин болсон. Гэвч хүүхдийн мөнгө авдаггүй. Энэ талаар УИХ-ын гишүүдэд захиа бичсэн ч хариу ирээгүй” хэмээжээ.
Үнэн хэрэгтээ энэ нь тэр жаахан охин хэрхэн амьдарч, ямар ирээдүй түүнийг хүлээж байгаад бус улстөрчдийн ердөө хэдхэн цагийн шоунд зориулагдсан бичлэг байсан нь харамсмаар. Олон нийтийн хувьд дээрх бичлэгийг үзсэн хүмүүс охиныг өрөвдөж байхад улстөрчдийн хувьд “ХҮҮХДИЙН МӨНГӨӨ АВДАГГҮЙ” гэдэг нь чухал байсан бололтой.
Гэвч Л.Бранижал охины хувьд 2012 оны аравдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдаж, 2017 оны нэгдүгээр сараас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг гэдгийг оршин суугаа Орхон аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсээс мэдэгдээд байна.
Нэг үе улстөрчдийн хувьд өөрсдөө өрөвдүүлэх тактик баримталж байсан бол одоо өөрсдөө өрөвдөгчдийн дүрд хувирч, цаашлаад хүүхдийн гэнэ, итгэмтгий занг ашигладаг болсон нь энэ удаагийн үйлдлээр харагдав бололтой. Угтаа бол АН-ынхан “МАН-ынханыг хүүхдүүдээс хэдэн төгрөг харамлаад, харж, хандах эцэг, эхгүй бол энэ мэтчилэн хөсөр хаяж байна” л гэж харуулах гэсэн байх. Гэвч будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр бусдын булайг харуулах гэсэн биш харин ч өөрсдөө хуулийг гууль болгож байгаагаа илчиллээ.
Мэдээж хүүхдийн мөнгийг хүлээж буй өрх олон байдаг. Түүгээр ч зогсохгүй өнөөгийн Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар хүүхдийн мөнгийг хэнд олгох вэ гэдэг асуудлаа шийдэж чадахгүй шоу үсэргэж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлж, үүнийг нь АН-ынхан болон МАН-ын зарим гишүүн ч илэрхийлсэн. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хуулийн төсөл өргөн барьсан.
Гэтэл үүнтэй зэрэгцээд Засгийн газраас хүүхдийн мөнгөний хамрах хүрээг 80 хувьд хүргэх хуулийн төсөл өргөн бариад байгаа. Өдгөө УИХ-аар дээрх төслүүдийг хэлэлцүүлж байгаа. Харин үүндээ дэм тус болгох үүднээс хүүхэд ашигласан нь эргээд бусад хуулийн заалтаа буюу Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйлд “Хүүхдийг өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан хүнийг 100,000, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл боллоо.
Түүгээр ч зогсохгүй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө “Монголоо сонсъё” аянаа Монгол хүүхдээ уйлуулах аян болгож, олны дургүйцлийг ихэд хүргэв бололтой. Тиймдээ л хүүхдийн нулимс бус улстөрийн зорилгоо чухалчилсан болов уу.
Б.Төгөлдөр

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*