МН370 тоот нислэгийн тайлагдаагүй нууц

2014 онд Куала-Лампураас Бээжингийн чиглэл рүү нисч явсан Малайзын агаарын тээврийн МН370 тоот нислэгийн онгоцыг дөрвөн жил хайсны эцэст эрэл мухардаж, эрлийн ажиллагааг зогсоосон билээ. Энэ оны нэгдүгээр сард эрлээ эхлүүлсэн хувийн компани ч цаг агаарын таагүй үзэгдлээс болж эрэн хайх ажиллагаагаа дуусгасан байна.

“Бид зорьсон зорилгодоо ч хүрч чадалгүйгээр энэхүү эрлийн ажиллагаагаа зогсоож байгаагаа харамсалтайгаар мэдэгдэж байна” хэмээн Малайзын засаг захиргаатай гэрээ хийн ажилласан Ocean infinity компанийн тэргүүн мэдэгджээ.

“Бид ирээдүйд МН370-гийн эрлийн үйлчилгээгээ дахин явуулна гэдэгтээ чин сэтгэлээсээ найдаж байна” хэмээн тэрбээр нэмж хэлсэн байна. Гэвч Малайзын засаг захиргаа цаашид эрлийн ажиллагаа явуулахаас татгалзжээ.

Эхлээд Америкийн Ocean infinity 90 хоногийн эрлийн ажиллагаа явуулахаар болжээ. Гэвч уг гэрээг хэд дахин сунгасан аж. Тус компани 112 км.кв талбайд нэгжлэг судалгаа явуулахаар хэд хэдэн радар бүхий гүний усны шумбагч онгоц ашиглаж байлаа. Тэдний самналт хийсэн газар нь онгоц сүйрсэн байж магадгүй гэж шинжээчдийн таамаглаж буй талбайгаас дөрөв дахин том юм.

Ингэхдээ Ocean infinity компани эрлийн ажиллагаа амжилтгүй болсон тохиолдолд мөнгө авахгүй, харин онгоц сүйрсэн газар олдвол самналт хийсэн газрынхаа хэмжээнээс шалтгаалаад 20-70 сая ам.доллар авна гэж тохиролцжээ. Тус компаниас өмнөхөн Австралийн засаг захиргаанаас албан ёсны эрэл хайгуул хийж, 120 км.кв талбайд самналт хийсэн нь 150 сая ам.долларын өртөг гарч байсан юм.

Шинжээчид онгоцны олдсон хэлтэрхийд анализ шинжилгээ хийж үзээд сүйрэл болсон хамгийн өндөр магадлалтай газрыг эхний эрлийн бүсээс хойш 25 мянган км.кв талбай гэж тооцоолж байсан билээ.

ТӨРӨЛ ТӨРӨГСӨД НЬ СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

Малайзын засаг захиргааныхны мэдээлж буйгаар онгоцны эрлийн ажиллагааг шинээр явуулах төлөвлөгөө байхгүй гэнэ. Тус улсын Тээврийн шинэ сайд Энтони Лоук цаашид эрэл хайгуул явуулахаас татгалзах бодолтой байна гэж мэдэгджээ.

Харин Малайзын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Махатхир Мохамад эрлийн ажиллагаа явуулах шаардлагатай юу гэдгийг судалж үзээд ашиггүй бол зогсоох шаардлагатай хэмээсэн байна.

МН370 рейсээр зорчиж явсан зорчигч эмэгтэйн охин Грейс Нейтен Британийн Guardian сонинд мэдэгдэхдээ Малайзын төр засаг сонгуулийн өмнөх амлалтаа зөрчиж, эрлийн ажиллагаагаа зогсоосон шалтгаанаа тодруулахгүй байна гэжээ.

“Энэ талаар сонгуулийн өмнөх кампанит ажлаараа өчнөөн удаан ярьж байсан. Тээврийн сайд болмогцоо ч шууд л МН370-гийн эрлийн ажиллагаа хамгийн чухал нь гэж байлаа. Харин дараа нь буюу сайд нарын анхны хуралдаанаас 2-3 хоногийн дараа эрэл цаашид хийгдэхгүй гэж мэдэгдпээ. Би маш ихээр цочирдсон” хэмээн тэрбээр хэлжээ.

Амиа алдсан зорчигчийн өөр нэгэн төрөл болох Лоук “Яагаад гэвэл хэн нэгэн ядарсан болохоор эрлийн ажиллагааг шийдвэрлэлгүйгээр хэргийг хааж байна” хэмээн мэдэгджээ.

Малайз, Хятад, Австрали зэрэг улс өнгөрсөн онд л албан ёсоор эрлийн ажиллагааг зогсоосон юм. Харин амиа алдагсдын төрөл төрөгсөд онгоцыг олохоор уйгагүй оролдсоор байна.

Уг онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-ны шөнө радараас алга болсон билээ. Онгоцонд 239 хүн сууж явсан юм. Урьдчилсан байдлаар онгоц томоохон эргэлт хийгээд өмнө тийш Энэтхэгийн далайн зүг нисч яваад тэндээ сүйрсэн гэж үзэж байгаа юм.

ОНЬСОГО МЭТ НИСЛЭГИЙН ТУХАЙ

2014.03.08. МН370 нислэг Бээжинг чиглэжээ. Онгоц ниссэнээсээ хойш цаг хүрэхгүй хугацааны дараа ослын ямар нэгэн дохиогүйгээр холбоо тасарсан байна. Эрлийн ажиллагаа Өмнөд Хятадын тэнгист төвлөрч байв.

2015.03.15. Онгоц гэнэт урагш эргэсэн гэж тогтоож, эрэл Энэтхэгийн далайг чиглэсэн байна.

2015 оны 07 дугаар сар. Энэтхэгийн далай, Мадагаскараас зүүн тийш Реюньон арлын эргээс хэд хэдэн том хэлтэрхий олдсон.

2017 оны 01 дүгээр сар. Австрали, Малайз, Хятадын засагзахиргаа сүйрэл болсон байж болзошгүй гэсэн газраас юу ч олдоогүй тул албан ёсны эрлээ зогсоож байгаагаа мэдэгджээ.

2018 оны 01 дүгээр сар. Малайзад онгоцны сүйрэлд өртсөн хүмүүсийн ар гэрийнхний дарамт шахалтаар Ocean infinity хувийн компанитай эрлийн ажиллагааг сэргээх тухай гэрээ байгуулжээ. Компани онгоцны хэлтэрхий олдтол үнэгүй ажиллахаа зөвшөөрсөн байна. Харин хэлтэрхий олдсон тохиолдолд 70 сая хүртэлх ам.долларын шагнал авна гэжээ.

2018 оны 05 дугаар сар. Цаг агаар муудсаны улмаас эрлийн ажиллагаа хийх боломжгүй болж, ажиллагааг зогсоожээ. Малайз улс эрлийн ажиллагааг сэргээх зорилгогүй байна.

МН370 ЯАГААД УНАВ?

Энэ асуултад тодорхой хариулт алга. Үүнд хариулахын тулд зөвхөн онгоцны хэлтэрхий л олох хэрэгтэй байгаа юм. Харин одоогоор олдсон хэлтэрхийнүүд нь дүгнэлт гаргахад хэтэрхий бага баримт болж байгаа аж.

Түүнчлэн нисгэгчийн удирдлаган дор унасан уу, эсвэл жолоодлогоо алдсан уу гэдэг нь ч тодорхойгүй байна.

Мөн онгоцны нисгэгч онгоцоо зориуд сүйрүүлсэн гэсэн таамаглал бий. Гэвч үүнийг Австрапийн мөрдөгчид үгүйсгэж байна. Онгоцны нисгэгч сүйрлийн хэдэн минутад ухаангүй байсан гэж тэд үзжээ.

Техник доголдсон гэдэг нь ч байж болох бас нэг шалтгаанд орно.

ЦААШИД ЯАХ ВЭ?

Энтони Лоук онгоцыг алга болсон тухай бүрэн тайлан гаргана гэсэн байна. Гэхдээ тодорхой хугацааг нь хэлээгүй аж.

Австрали, Малайз, Хятад улс онгоцны байршлын үнэн бодит баримт гарч ирсэн тохиолдолд гурвуулаа эрлийн ажиллагааг албан ёсоор сэргээхээр тохиролцжээ.

Э.Мөнхзаяа

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*