Б.Ариунгэрэл: Зуслангийн төлбөр 28-30 мянган төгрөг байна

Зуслангийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Ариунгэрэлээс тодрууллаа.
-Энэ жил нийслэлийн хэмжээнд хэдэн зуслан үйл ажиллагаа явуулах вэ?
Нийслэлийн ногоон бүсэд 24 зуслан үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан.
Эхний ээлжийн хүүхдүүдээ энэ сарын 10-наас хүлээн авахад бэлэн боллоо. НЗДТГ, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийнхэн зуслангуудад хяналт шалгалт хийж, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь бататгаж байна. Зөрчил дутагдал гаргавал заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.
-Зуслангийн төлбөрийг танайхаас тогтоож байгаа юу?
– Зуслангийн эрхийн бичгийн үнийн саналыг манай байгууллагаас тогтоож өгсөн байгаа. Нэг өдрийн 28-30 мянган төгрөг байна. Хэрэв хэлний сургалт болон төрөлжсөн сургалттай бол тухайн зуслангийн үнэ бага зэрэг нэмэгдэх тохиолдол байдаг. Зусланд амрах эрхийн бичгийг Улаанбаатар чуулгын байрт худалдаж эхэлсэн.
-Хүүхдийн зуслангийн нэг ээлж хэд хоног байгаа вэ?
-Долоо хоног. 1-3 ээлжид бага насны хүүхдүүд амардаг учраас тухайн хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр боловсруулдаг. Өсвөр насныхан амардаг сүүлийн ээлжүүдэд илүү мэдээллийн чанартай сургалт, нөлөөллийн ажлуудыг хийх байдлаар хөгжлийн хөтөлбөрийг гаргадаг.
Т.Сайхан

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*