Налайхын уурхайн асуудлаар зөвлөлдөх санал асуулга явагдана

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт нүүрс олборлосны улмаас иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч, байгаль орчин бохирдож байгаа асуудлыг таслан зогсоох, хууль бус олборлолтын улмаас үүссэн ам, цооногуудыг дахин ашиглахгүй хаах чиглэлээр тус дүүргийн оршин суугч, иргэдийн дунд зөвлөлдөх уулзалт, санал асуулгыг зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар Зөвлөлдөх зөвлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Зөвлөл ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн доктор, профессор Б.Чинзориг, Үндсэн хууль судлаач, Улсын бага хурлын гишүүн асан Д.Лхамжав, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Налайх дүүргийн өндөр настан Т.Охолбал тэргүүтэй 9 гишүүнтэй.

Зөвлөлдөх санал асуулгын эхний үе энэ сарын 8-10ны өдрүүдэд Налайх дүүрэгт болно. Түүврийн аргаар сонгосон 940 иргэн санал асуулгад оролцоно. Дараагийн шатанд 470 иргэн оролцох юм.

Зөвлөлдөх санал асуулга хуулийн дагуу иргэдээс санал авч анх удаа орон нутгийн асуудлыг иргэдийн санал, оролцоотой шийдвэрлэх гэж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын Гавьяат уурхайчин, Налайх дүүргийн өндөр настан Л.Дамдинсүрэн “Налайхын уурхай 1995 онд хувьчлагдсанаас хойш их уурхайг хаах менежментийн бодлогын буруугаас олон уурхайчин ажилгүй болсон. Үүний уршгаар зарим нь зөвшөөрөлгүй, зарим зөвшөөрөлгүй хөдөлмөр хамгааллын ямар нэг дүрэм баримтлалгүй ажилласаар ирсэн. Энэ санал асуулга Налайх дүүргийн иргэдэд ихээхэн ач холбогдолтой. Налайхын уурхайн энэ сургамж бусад уурхайд давтагдах вий гэдэг үүднээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг дээр иргэдийн саналыг сонсож төр засгийн шийдвэрт тусгуулах юм” гэлээ.

Налайхын уурхайн ашиглалт, ил болон далд уурхайн асуудлаар хийгдэх энэ ажлыг иргэд уурхайг хааж, үйл ажиллагааг зогсоох нь гэж шууд ойлгож болохгүй юм. Иргэдийн саналд тулгуурлаж, шийдвэрлэх учраас энэ санал асуулгад оролцох нь чухал. Цаашдаа налайхын уурхайд хууль бусаар аюултай орчинд ажиллаж байгаа иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх, налайхчуудад нүүрлээд байгаа ажилгүйдлийн асуудлыг авч хэлэлцэх, уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх зэрэг олон цогц асуудал энэхүү санал асуулгын хүрээнд яригдах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*