Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 24156 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1598, зөрчлийн шинжтэй 18482, зам тээврийн 4075 дуудлага мэдээлэл байна. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлага, мэдээлэл 87, хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага, мэдээлэл 54 нэгжээр тус тус буурсан байна. “Аз жаргалтай хот”, “Эргүүл дэд” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх зорилгоор 40 оюутанг сонгон шалгаруулж “Оюутан цагдаа-2018” арга хэмжээг энэ оны 06 сарын 01-ний өдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2746 дуудлага мэдээлэл хүлээн авч 815 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 128 бүртгэгдсэн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 135 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 128 бүртгэгдэж 5.2 хувиар буурсан дүнтэй байна” гэж Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөнийг зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Батболд мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө 22-24 хэм, шөнөдөө  11-13 хэм дулаан, салхины хурд 7-8 м/с байх төлөвтэй байна. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 147 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 134, аврах ажиллагааны 13 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой ослоос 23 иргэний амь бие, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 810 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Баавгайт уулын Шарлангийн гол гэдэг газар гарсан ойн түймрийн голомтод нийслэлийн Онцгой байдлын газраас 71 албан хаагч, 6 автомашинтайгаар тавдугаар сарын 19-ний өдрөөс одоог хүртэл гал түймрийг цурманд нь оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул гол дагуу амарч, аялал зугаалгаар явж байгаа иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран зохион байгуулдаг “завьт эргүүл” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлээд байна” гэж танилцуулав.

“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөх болохтой холбогдуулан сарын хугацаанд хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 252 иргэн, 741 аж ахуй нэгжид эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналт, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр 150 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллаж, нийт 368 зөрчил илрүүлснээс 297 зөрчлийг газар дээр нь арилгуулсан. Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулах 12 зуслангийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 77 заалт бүхий 10 албан шаардлагаар хугацаатай үүрэг өглөө. Зуслангуудын ундны уснаас дээж авч Төв лабораторит хими, нян судлалын шинжилгээнд хамруулахад Монгол Улсад мөрдөгдөх “Ундны ус“ Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS0900:2005 стандартын шаардлагыг хангаж байна. Төвийн 6 дүүрэгт баригдаж буй барилгуудын хөдөлмөр аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, нийт 408 зөрчил илрүүлж, газар дээр нь 210 зөрчлийг арилгуулж, 15 ААНБ-д 16.5сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулсан. Илэрсэн зөрчлийг арилгуулахаар 39 ААНБ-д улсын /ахлах/ байцаагчийн 198 заалттай албан шаардлага хүргүүлж биелэлт 74 хувьтай байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.

Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан Нийслэлийн Татварын газар болон бусад байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ  сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх шаардлагатай байна” гээд “Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө, бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх барилга, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг улирлын шинж чанартай төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулж, удаашралтай байгаа ажлуудын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжуудын усалгаа, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, Инженер, хангамжийн байгууллагууд энэ онд хөрөнгө оруулалт, болон урсгал засвараар хийгдэж байгаа барилга, зам, шугам, сүлжээний ажлуудаа графикт хугацаанд хийж гүйцэтгэх, засварын ажлуудын талаар иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж, Захирагчийн ажлын албанаас гүйцэтгэлд тогтмол хяналт тавих, зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, машрут, чиглэл, цагийн хуваарийг тодорхой гаргах, иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар мэдээлэх, зуслангийн чиглэл болон засварын ажлын хүрээнд хаагдаж байгаа авто замуудын хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалтыг сайтар хийж ажиллах, нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж дуусаагүй байгаа болон баригдаагүй зогссон барилгын нарийвчилсан судалгааг гаргаж нийслэлийн удирдлагуудад танилцуулах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*