Улаанбаатар, Тежон хотуудын харилцааг шинэ шатанд гаргана

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү өнөөдөр БНСУ-ын Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чулыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл хөтөлбөрүүд болон хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлж, шинэ шатанд гаргах талаар ярилцав.

Тежон хотын Гадаад харилцааны элчин И Ин Чул “Манай хот Улаанбаатар хоттой найрамдалт харилцаа тогтоогоод 4 жил өнгөрч байна. Энэ хугацаанд хамтарч ажилласан, хийж хэрэгжүүлсэн тоймтой зүйл байхгүй нь харамсалтай. Хамтын ажиллагааныхаа эхлэл, суурийг тавих хэрэгтэй. Инэгэхийн тулд манай хотын туршлагад суурилж Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Ирэх 2019 онд Тежон хотын метрополис хот болсны 30 жилийн ой тохионо. Энэ үед та бүхнийг хүрэлцэн ирж, манай хотын хөгжил, цэцэглэлт зэрэгтэй танилцахыг урьж байна. Манай хот дэлхийн олон хотыг эгнээндээ нэгтгэсэн “WTA” холбоотой. Энэ холбооны хотууд шинжлэх ухаан, технологийн хөгжлийн туршлагаа хуваалцдаг, солилцдог. Үүнд Улаанбаатар хотыг ороосой гэж хүсч байна.” гэв.

Мөн “Манай хот эрүүл мэндийн салбартаа улсдаа тэргүүлэх зэргийн хөгжсөн. Монгол Улсын иргэд манай улсад ихээр очиж, эмчлүүлдэг. Ингэхдээ ихэвчлэн Сөүл хотын эмнэлгийг сонгон үйлчлүүлдэг. Манай хотын эмнэлэг чанартай, сайн үйлчилгээ үзүүлдэг ч бусад хотуудаасаа хямд өртөгтэй. Энэ утгаараа эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахад боломжтой гэдгийг хэлмээр байна” хэмээн тодотгож байв.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд хүрэлцэн ирсэнд тань талархал илэрхийлье. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын талаар санал солилцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа нь бидний хувьд их чухал. Бид “WTA” холбоонд орж, хамтран ажиллахад таатай байна. Дэлхийн шинжлэх ухаан технологийн хөгжлөөс тулд “WTA”-д элсэх нь зүйтэй гэж бодож байна. Шинжлэх ухаан, технологийн хөгжил эрчимтэй явж байгаа энэ үед бид хөл нийлүүлж, хоцролгүй алхахыг хичээн ажиллаж байна. Хоёр хотын хамтын ажиллагааг эрчимжүүлж шинэ шатанд гаргах боломжууд их харагдаж байна. Бид үйлдвэр, технологийн парк, арьс ширний үйлдвэр зэргийг барихад танай хоттой хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*