Ж.Чулуунхүү: “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулсан түүх одоо ч стратегийн ордод загвар болж чадна

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч, “саалийн ганц үнээ” хэмээн олондоо хүндлэгдсэн “Эрдэнэт үйлдвэр” компанийн 40 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Өнөөгийн нийгэм, эдийн засгийн ээдрээтэй цаг үед зах зээл жам ёсны хөгжлийн замыг туулж буй “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалтын талаар Монголын дипломат ажилтнуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Чулуунхүүтэй ярилцлаа
-Та “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах ажилд хэрхэн оролцож, ямар замаар холбогдох болсон түүхээсээ хуваалцана уу?
-Эрт дээр үеэс таван хошуу малаа өсгөн үржүүлж, үр шимээр нь амьдрал ахуйгаа залгуулж ирсэн түүхэн уламжлалтай Монголчуудыг үйлдвэржилтэд даллан дуудсан “Эрдэнэт” үйлдвэрийг бүтээн босгох үндэс суурийг тавихад эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа томоохон чухал үүргийг гүйцэтгэсэн нь тодорхой. Миний бие БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн референтээр ажиллаж байсан үүргийнхээ дагуу энэ ажилд анхнаас нь биечлэн оролцсон хүн. Эрдэнэтийн овооны орд газрын ашигт малтмалын нөөцийг Монгол-Чехословакийн геологийн хамтарсан экспедиц албан ёсоор урьдчилан тогтоосон байдаг. 1963 онд манай улс ,Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж тухайн үеийн социапист орнуудын интеграцид элсэн орсноос хойш улс ардын аж ахуй, эдийн засаг, нийгмээ таван жилийн шатлалтайгаар төлөвлөн хөгжүүлэх явцад тус зөвлөлийн гишүүн орнуудын зээл, буцалтгүй тусламжаар аж үйлдвэр, хөдөө аж ахуйн олон үйлдвэр байгууламжийг барьж босгосны хамгийн том нь “Эрдэнэт” үйлдвэр, түүнийг дагалдуулж байгуулсан Эрдэнэт хот байсан юм. “Эрдэнэт” үйлдвэрийг иж бүрнээр нь нийт 595 сая шилжих рубль (тухайн үеийн ханшаар)-ийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. Энэ тооцоог БНМАУ-ын Сангийн сайд, Сайд нарын Зөвлөлийн дарга асан Д.Содном, Улсын төлөвлөлтийн комиссын орлогч дарга Д.Салдан нарын манай урдаа барьдаг эдийн засагчид хийсэн юм.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хүчин чадлыг анх ямар хэмжээнд тооцож байсан юм бэ. Мөн Эрдэнэт хотыг барьж босгоход багагүй хөрөнгө зарцуулсан байх?
-Эдийн засаг, шинжлэх ухаан техникийн талаар 1971-1975 онд хамтран ажиллах тухай Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хоёр тал хамтран боловсруулж, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, ЗСБНХОУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, ЗХУКН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны гишүүн А.Н.Косыгин нар Москва хотноо гарын үсэг зурсан байдаг. Энэ хэлэлцээрийн хүрээнд жилдээ 20 саяас доошгүй тонн хүдэр олборлож боловсруулах хүчин чадалтай, Монгол-Зөвлөлтийн хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрийг 1973 оны арваннэгдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотноо үзэглэжээ. Улмаар 1975 онд үйлдвэрийн шавыг тавьж, бүтээн байгуулалт эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш гуравхан жилийн дараа үйлдвэрийн эхний ээлжийг ашиглалтад хүлээж авах баярын цуглаан, ёслол хүндэтгэлийн бүх арга хэмжээг зохион байгуулах эрх, үүрэг бүхий Засгийн газрын төлөөлөгчөөр ажилласнаа их хувь заяа гэж бодож явдаг. Эхний ээлжийг хүлээн авахад жилд дөрвен сая тонн хүдэр олборлож, баяжуулах хүчин чадалтай байсан бол II, III ээлжийг ашиглалтад оруулж 1989 онд өргөтгөл шинэчлэл хийснээр жилд 20 саяас дээш тонн хүчин чадалтай болж өргөжсөн. Одоо жилдээ 36 сая тонн хүдэр олборлон баяжуулж байна шүү дээ. Тус үйлдвэрийг түшиглэн барьж босгосон Эрдэнэт хот өдгөө 100 мянга орчим хүн амтай, боловсрол, соёл, үйлдвэрлэлийн томоохон төв болж, өдрөөс өдөрт хаяагаа тэлж байна. Хотын бүтээн байгуулаптад дээр дурдсан 600 сая орчим шилжих рублийн 40-өөд хувийг зарцуулсан гэх тоо байдаг юм.
-Зууны манлай болсон Эрдэнэтийн их бүтээн байгуулалтад оролцогсдоос хөдөлмөрийн алдар цуутнууд олноороо төрсөн байдаг. Энэ талаар товчхон танилцуулна уу?
-“Эрдэнэт” үйлдвэрийн Монгол талын анхны захирал асан Ш.Отгонбилэг, тус үйлдвэрийг барьж байгуулах ажлыг гарамгай удирдсан ОХУ-ын иргэн А.В.Чакашов нараас эхлээд Хөдөлмөрийн баатар, гавьяат уурхайчин хэдэн арваараа төрөн гарсан. Тэдний дотор “Белаз”-ын жолооч, эксковаторын машинч, өрмийн машины оператор гээд хүнд хүчир хөдөлмөрийн салбараас төрсөн баатрууд олонх нь бий. Мөн нам, засгийн даалгавар, өөрийн итгэл үнэмшлээр Эрдэнэт хотын захиргааг удирдаж явсан С.Цэвээн, Д.Тогооч, С.Банзрагч, Г.Мянганбаяр нарын хөдөлмөр зүггэлийг дурдахгүй байхын аргагүй юм.
-Та Азидаа томд орох энэ их бүтээн байгуулалтыг нүдээр харж, зохион байгуулапцаж явсан хүний хувьд өнөөгийн Оюутолгой болон бусад томоохон төсөл хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Оюутолгойн ил, далд уурхайн хөрөнгө оруулалтыг анх 2.5 тэрбум ам.доллараар тооцож байснаа 2-3 дахин нэмэгдүүлсэн. Улмаар 10 тэрбумд хүргэх юм ярьж байгаа бололтой. Үүнд манай эрдэмтэн судлаач, төр засгийн удирдлага, УИХ-ын гишүүд, тэр байтугай ард иргэд шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэг байна. Аливаа хамтын ажиллагаа үнэнч шударга зарчимд үндэслэж, оролцогч талуудад харилцан ашигтай, үр өгөөжтэй байх учиртай. Саяхан Майамид зохион байуулсан “Bank of America Merrill Lynch”-ийн хурал дээр “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал, ноён Жан Себастьян Жак уул уурхайн компаниуд дээр үндсэрхэг үзэл газар авч, Монгол тэргүүлж байгаа мэтээр ярьж, мэдэгдэл хийсэн байна билээ. Ийм байж таарахгүй л дээ. “Эрдэнэт” үйлдвэрээс хэд дахин их нөөцтэй “Оюутолгой” ХХК өнгөрсөн онд гэхэд тэднээс тав дахин бага татварыг улсын төсөвт төлснийг юу гэж ойлгох вэ гээд асуудал их байна. Сүүлийн жилүүдэд зөвхөн Оюутолгой ч биш уул уурхай, ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай байгуулсан гэрээнд төрийн эрх бүхий байгууллагын өндөр албан тушаалтнууд маш хариуцлагагүй хандаж байсныг ойрын хэдэн сард баривчлагдаж саатуулагдсан эрх мэдэлтнүүдээс харж болохоор байна. Энэ бүхний хариуцлагыг АТГ, УПЕГ, Улсын дээд шүүх зэрэг хууль хяналт, хүчний байгууллага шударгаар шийдвэрлэх шаардлагатайн дээр үе үеийн Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч ч үүрэлцэх ёстой гэж төр болон төрийн тусгай дипломат албанд 50 шахам жил хоёргүй сэтгэлээр хүчин зүтгэсэн төлөвлөгч инженер-эдийн засагч, судлаач хүний хувьд үздэг юм. Учир нь, дээрх хариуцлагагүй үйлдлийн горыг Монголын 3.2 сая иргэн бүгд эдэлж, нийт хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч, улсын гадаад өр 30 тэрбум ам.долларт хүрч, эхийн хэвлийгээс өнөөдөр мэндэлж буй нярай хүртэл 22.5 сая төгрөг (10 мянга орчим ам.доллар)-ийн өртэй болчихоод байна.
-“Эрдэнэт”-ийг дагуулж, хоёр дахь том хотыг байгуулсан байтал үүнээс хэд дахин том, асар их нөөцтэй Оюутолгойн ордын дэргэд томоохон суурин ч барьж босгохгүй байгаад олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Энэ тухайд та ямар санал бодолтой явдаг вэ?
-Оюутолгой, Тавантолгой шиг ямар ч дэд бүтэцгүй уул уурхайн үйлдвэр барьж байгуулахыг цаашид зогсоож, “Эрдэнэт” үйлдвэрийн туршлагаар эхлээд дэд бүтцийг цогцоор нь төлөвлөж шийдсэний дараа орд газрын ашиглалтыг хэрэгжүүлдэг эдийн засгийн загвартай болмоор байгаа юм. Өнөөдөр Монголын ард түмэнд олон арван жил үр өгөөжөө хүртээж, тогтвортой үйл ажиллагаандаа техник технологийн өргөтгөл шинэчлэл хийх замаар инноваци нэвтрүүлж буй “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн арвин баялаг туршлага, гадаад хамтын ажиллагааны бэлээхэн загвар байна. Гэтэл Оюутолгойн хэлэлцээр, Дубайн гэрээ төлөвлөгөө болон Тавантолгойн асуудлаар ч “ниргэсэн хойно нь хашгирав” гэгч болж, биенийхээ мууг үзэх гэж байгаа мэт тэмцэлдэж, намчирхан улстөржиж байдгаа болих хэрэгтэй. Хэдийгээр нийгэм, эдийн засгийн системийн ялгаа байсан ч цаашид стратегийн томоохон орд газарт гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, хамтран ашиглахдаа Монгол-Оросын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьж байгуулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр, гэрээ протокол, баримт бичгийг загвар болгож хэрэглэхэд болохгүй гэх газаргүй гэж боддог. Мэдээж цаг үе, нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөн нь үнэн боловч суурь концепцыг нь ашиглахад ер буруудах юмгүй гэж харж байна.
Д.Мөнхжаргал

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*