Т.Энхтайван: “Жанжин” гэх тодотголтой малгайг Д.Сүхбаатар нэг ч удаа өмсөж үзээгүй юм билээ

Ардын хувьсгалын удирдагч, жанжин Д.Сүхбаатарын ойрын садан төрлийн хүн, бэлтгэл офицер Хайсу Овогт Төгөөганжуурын Энхтайвантай ярилцлаа.
-Юуны өмнө Д.Сүхбаатарын ойрын садан төрлийн хүний хувьд Монголын хувьсгалчдын баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Бидний үед Монголын хувьсгалчдын баярыг өргөн тэмдэглэдэг байсан. Би чинь 1952 онд Сэлэнгэ аймагт төрсөн, эцэг эхээсээ олуулаа хүн шүү дээ. Намайг үрчилж авсан аав Төгөөгийн Ганжуур маань их жанжны орон нутаг дахь хамгийн ойрын садан төрлийн хүн буюу жанжны аав, Төгөөгийн Дамдины төрсөн эгч Тамзавын хүү “Хар тостой” Самдангийн ганц хүү юм. Ингэхлээр аав жанжин хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж таарна. Аав маань 1952 онд улсын баяр наадамд хурдан морь уяж ирээд хүрэн морь нь гуравт хурдлахад жанжны хүү С.Галсангийн нэр дээр цоллуулж, хамт ирсэн нөхдөөсөө хоцорч жанжны гэргий С.Янжмаа, хүү С.Галсан нарт хүүхэд үрчлэн авах гэж зорьж ирснээ ярьсан байдаг. Миний ээж Х.Чойжинзав “Нэг өдөр С.Янжмаа дарга манайд ирж хүүг маань өвгөнийхөө ойрын садан төрлийн хүн Т.Ганжуурт үрчлэн авч өгөх тухай ярилцаад долоо хоногийн дараа бэлэг сэлт, нэг том эр хонь авчирч өгөөд хүүг маань аваад явсан даа. Би чинь хүүгээ нэг эр хониноос өгчихсөн юм” гээд хөхөрч суудагсан. Нутгийн зон олон, үеийн нөхөд, зарим ном хэвлэлд “Жанжны голомтод үрчлэгдсэн хүн”, “С.Янжмаагийн өргөмөл хүү” гэх мэтээр ярьсан бичсэн л байдаг юм.
-Аавынхаа тухай жаахан тодруулаач…
-Миний аав орон нутагтаа мал эмнэлгийн салбарт 30 гаруй жил ажилласан, “Мал аж ахуйн тэргүүний мэргэжилтний зөвлөгөөн”-д оролцсон, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн хүндэт жуух бичиг, түүхт ойн болон Халх голын дайны медалиар энгэрээ мялаасан буурал байлаа. Аав минь нутгийн зон олны дунд “Гайхамшигт уургач, эмнэг сургагч” гэж алдаршсан нэгэн байлаа. Энд нэг зүйлийг тодотгоход, жанжин Д.Сүхбаатар 1922 онд зүүн хязгаарыг эргэх явцдаа манай өвөө, хошуу ноёны хүүгийнд хоноглож зээр агнаж, найр хөгжөөж нутгийн ардуудтай уулзах үедээ аавынхаа голомтны тулгыг манай өвөөд өгсөн нь надад уламжлагдсан ирснийг би музейд өвөг дээдсийн тахин шүтэж байсан бурхан тахилын хамт хадгалуулсан.
-Жанжны садан төрлийн хүний хувьд аавынхаа хамт олон үйл ажиллагаанд оролцож явсан биз?
 -Хамгийн анх 1961 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын төв Гүнбулагт босгосон жанжны цээж баримал хөшөөний суурийг тавихад аавынхаа хамт оролцож, дугуй булантай цай хадгийг сууринд нь хийж байсныг тод санадаг юм. Энэ хөшөө манай аймагт баригдсан анхны хөшөө. Энэ хөшөөний өмнө авахуулсан бага насны маань зураг ч байдаг юм. Нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд 1993 онд Д.Сүхбаатарын 100 жилийн ойгоор орон нутаг дахь аавынхаа төрөл төрөгсөд болох 200 гаруй хүний төлөөлөл 20 орчим хүнийг Улаанбаатар хотод авчирч ойн арга хэмжээнд оролцуулж баярын хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүд, төрөл төрөгсдийн хамт Төрийн ордонд болсон хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож явлаа. Энэ үед би Соёлын яаманд ажиллаж байсан. Улмаар жанжны хүү С.Галсан, доктор О.Пүрэв, МУГЖ Ц.Дашнамжил нарын хамт олон албан байгууллагын түүхт ойн арга хэмжээнд урилгаар оролцож байлаа.
-Та хэдэн онд нэгдүгээр ангид орж байсан билээ?
-1959 онд их жанжны нэрэмжит сумын бага сургуульд албадуулан орж байлаа.
-Албадуулсан гэсэн чинь юу гэсэн үг вэ?
-Нэг өглөө сургуулийн орчимд оготнын анд явж байтал ээжийн маань төрсөн дуу МАХН-ын XIV их хурлын төлөөлөгч, багш В.Дулмаа намайг дуудаад чавхыг маань хурааж аваад дэвтэр харандаа хоёр өгч ширээнд суулгачихваа. Энэ өдрөөс үеийн нөхөдтэйгөө мөр зэрэгцэн суралцаж “Таван онцын эзэн” болтлоо өсөн дэвжлээ шүү. 1959 онд Ардын хувьсгалтай тэнцэхүйц ач тустай нэгдэлжих хөдөлгөөн өрнөсөн юм. Аавынхаа хамт малаа нийгэмчилж нэгдэлжих хөдөлгөөн /хувьсгал/-д оролцсон партизан байгаа биз. Цаашид бүрэн дунд боловсрол эзэмшиж, МУИС төгсөөд орон нутгийн боловсрол, соёл, залуучуудын байгууллага, НАХЯ-ны ЦДЭС /одоогийн ХСИС/, Соёлын яам зэрэг газар ажиллаж одоо гавьяаныхаа амралтыг эдэлж сууна. Би МУИС-д суралцаж байхдаа С.Галсан, түүний хүргэн ГЯЯ-ны сайд асан М.Дүгэрсүрэн ахындаа сууж оюутан насаа өнгөрүүлсэн хүн шүү дээ.
-Тэгвэл та чинь жанжны хүү С.Галсан гуайгаас аавынх нь тухай сонирхолтой зүйл олныг сонсч байж дээ?
-Ах маань аавынхаа нэрэмжит сургуулийг төгсөж Монгол ардын хувьсгалт цэргийн их бууны хороонд салааны захирагч, эх зохиогч, морин дивизийн сумангийн дарга, Цэргийн явдлын яаманд хэлтсийн туслах, дарга, жанжин штабын тавдугаар хэлтсийн дарга, есдүгээр морьт хорооны дарга, офицерийн сургуулийн захирал, Цэргийн яамны сайдын даалгавар гүйцэтгэгч зэрэг хариуцлагатай алба хашиж явсан. Ховдын Булган, Үенчид гарсан хувьсгалын эсэргүү хөдөлгөөн, 1945 оны чөлөөлөх дайнд хороо командлан Долнуур хотыг чөлөөлж явсан юм билээ. Харин ээж В.Янжмаа нь одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Хүрлүүд овгийн хүн. Тэрбээр МАХН-ын III-V, IX-XIV их хурлаас Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн газрын орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан, Монголын эмэгтэйчүүдийн хороог олон жил удирдсан төр нийгмийн зүтгэлтэн, Ардын хувьсгалын партизан хүн билээ. Ах маань бага байсан болохоор аавынхаа тухай гойд сайн мэддэггүй юм билээ. Гэхдээ аавынхаа ах дүүс, ээж С.Янжмаа, хамт тулалдаж явсан партизануудаас сонссон олон сонирхолтой зүйл ярьдаг байлаа. Манайхаар партизан Цолмон, Чимэд, морин жолооч Д.Дашзэвэг, улсын баатар Л.Дандар, Дампил, Намын Төв хорооны Улстөрийн товчооны гишүүн Д.Моломжамц, Б.Алтангэрэл, Б.Ширэндэв, БХЯ, ЦНДС-ийн удирдлагууд байнга зочилж хууч хөөрцгөөдөг байлаа. Ахынх маань Б.Алтангэрэл, Б.Ширэндэв, генерал Бавуу зэрэг нөхдийн хамт тэр үеийн “ямбатны ягаан” нэртэй байранд амьдарч байв даа. Би чинь тэдгээр айлуудаар орж гарч, яриа хөөрөөг нь сонсч байсан зүйлээс зарим нь ойн тойнд хадгалагдан үлдэж дээ. Тэр үеийн оюутан ахуйн найз МУГЖ Д.Оюунтүлхүүрийн аав Т.Дамдинсүрэн, ангийн анд доктор Ш.Болдбаатар зэрэг нөхөд, нутгийн ахан дүүс, төрөл төрөгсөд маань манайхаар байнга зочилж С.Галсан ахын яриа, Д.Сүхбаатар, С.Янжмаа нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйл, одон медаль, хувцас хунарыг их сонирхдог байж билээ. Оюутны сүүлийн гурван жилд ахынхаа охин С.Нарангийн байранд гэр бүл, том хүү Э.Мөнхтөрийн хамт амьдарч байсан болохоор одоо ч очиж Наран эгчтэйгээ өдөржин хууч хөөрдөг юм. С.Наран эгч маань өндөр боловсрол мэдлэгтэй, ой тогтоомж сайтай, нутаг орноо байнга дурсдаг, нутгийн зөвлөлөөс зохиодог арга хэмжээнд байнга оролцдог, манай ах дүүсийн хамгийн өндөр  настан бидний бурхан мэт шүтдэг, хүндэлдэг эгч минь байгаа юм.
-С.Галсан гуай ер нь хэдэн хүүхэдтэй хүн бэ?
-Ах маань Наран, Амгалан гэсэн хоёр охин Сүхбат, Алтансүх гэж хоёр хүүтэй хүн. Би чинь хамт амьдарч байсан болохоор Наран, Алтансүх нартайгаа арай дотно харьцаатай  байдаг. Намайг С.Галсан ахынд сууж байхад хүү Алтансүх нь цэцэрлэгт явдаг, би өглөө оройд  хүргэж авдаг байв. Дүү маань угж их хөхнө. Аав ээж хоёр нь “уруул нь ёровгор болно” гээд хориглодог байлаа. Нэг өглөө хичээлдээ явахдаа угжийг нь аваад пальтоныхоо хармаанд хийчихлээ. Өдөр хичээл тараад өлгүүрээс хувцсаа авч өмсөхдөө нөгөө угжийг нь шалан дээр унагачихжээ. Гэтэл дугаарлаж зогсож байсан олон оюутан дундаас нэг нөхөр “Найзаа угжаа ав” гэж чанга хэлээд хөхөрдөг байгаа. Их сургуулийн том оюутан угж хөхөхдөө яахав дээ, ёстой шараа болохгүй юу. Дүү бид хоёр энэ тухай дурсаад хөхрөлддөг юм.
-Ахмадуудаасаа сонссон сонин хачнаас хуучлаач..
-Одооны бөхчүүд, харваачдын өмсөөд байгаа “жанжин малгай”-г мэднэ дээ. Энэ малгайг жанжин хэзээ ч толгой дээрээ тавиагүй малгай юм. Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн зурсан жанжны их гоё зураг байдаг даа. Тэр зурагны л малгай байхгүй юу даа. Зураач маань жанжнаа гоё харагдуулах гээд л тийм малгай өмсүүлээд зурсан нь “жанжны малгай” болчихгүй юу. Жанжин бол Оросын саравчтай, отго жинстэй, улаач байхдаа тоорцог хэлбэрийн цэмбэн малгай өмсөж байсан юм билээ.
-Манай аймагт Хандын худаг гэж нэг худаг байдаг юм. Хүн сонсоход жанжны ээж Ханд гэдэг хүн ухаж гаргасан юм шиг сонсогдож байгаа биз.
-Манай нутгийнхан ч ийм ойлголттой баяр ёслолоор нам, эвлэл пионерт гишүүн элсүүлэхдээ тэнд очиж арга хэмжээ зохион байгуулаад л гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд үзүүлдэг юм. Гэтэл энэ худгийг манай өвөө Самдан ухаж, усаар нь цай чанаж, малаа ундаалдаг байсан юм билээ. Энэ тухай доктор Ө.Пүрэв гуай 1993 онд надтай хамт аймагт очихдоо хөдөлмөрчдийн цуглаан дээр энэ тухай хэлж байсан юм. Д.Сүхбаатар зүүн хязгаарт явахдаа ардуудтай уулзсан газар босгосон дурсгалын багана байдаг юм. Жанжин маань тэр үед ноён хүүгийнд хонож шөнөжин нутгийн ардуудтай яриа хөөрөө өрнүүлж, найр цэнгээн зохиох үед нь дуулсан уртын дууч Ваанчиг, бүжиглэсэн саальчин Минжүүр эмээ нартай уулзаж, дурсамжийг нь яриулж л байлаа. Эдгээр хүмүүс тэр үед жанжны л үе тэнгийн залуус байсан гэсэн.
-Энэ багананы ойролцоо “19-ийн хонхор” нэртэй газар байдаг. Тэр ямар учиртай юм бэ?
-Жанжны өвөг дээдэс тэмцэгч 19 нөхөд хошуу ноёны шоронд дарагдаж насан өөд болсон билээ. Жанжны аав Т.Дамдин ч тэр шоронг нурсны дараа баригдаж хоригдох нөхцөл үүссэн учир “Майдар эргэх ёслол”-д оролцоно гэж нутгаасаа оргож, Нийслэл хүрээнд ирж хүү Сүх нь Амгаланбаатар хотод 1893 онд төрсөн түүхтэй. Түүний төрсөн гэрийн буурин дээр 1993 онд шав тавьж дурсгалын багана босгосныг та нөхөд мэднэ биз дээ. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Нийслэл хотын төв талбай дахь жанжны хөшөөг хүрэл болгох хүсэлтийг би тэр үеийн Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр дээр төрөл төрөгсдийн төлөөлөл өргөдөл бичиж, 800 сая төгрөгийг нийслэлийн төсөвт суулгуулсны хүчинд хөшөө маань хүрэл болон сүндэрлэсэн юм. Сүхбаатар аймаг дахь хөшөө нь хүрэл болчихоод байхад нийслэлийнх шавар л байлаа шүү дээ. Харин энэ хөшөөг хүрэлдэх ажил манай төрөл төрөгсөд болох уран барималч А.Очирболд тэргүүтэй ах дүүс маань оролцож, Бээжин хотод цутгуулсан юм. Нээлтэд нь манай дүү Г.Алтансүх үг хэлж, бид бүгд оролцож байлаа. Харамсалтай нь, хуучин хөшөөний морины хөл нь хугархай хот тохижуулахын хашаанд, 14 арслан нь Амгаланд их удсан. Харин саяхнаас Дундговь аймгийн нэг сүмийн хашаанд хуучин хэв маягаараа сүндэрлэж байх шив дээ.
-Их жанжны дүрийг бүтээсэн МУГЖ Ц Дашнамжил гуайтай нэлээд дотно харилцаатай байсан гэж сонссон. Энэ тухай хуучлавал сонин байх болов уу?
-Дашка гавьяат чинь Монголын уран сайхны долоон кино, гурван дуурьт жанжны дүрийг бүтээсэн аугаа жүжигчин. Миний төрсөн дүү ДБЭТ-д ажилладаг байсан учир хөдөө бригадаар явахдаа манай Ардын жүжигчин Хавлааш, УГЖ Дашнамжил, Түвшинтөгс, Эрдэнэбат зэрэг нөхөд их очно. Тэр үеэс л бид хоёрын дотно харилцаа эхэлсэн дээ. Намайг Соёлын яаманд ажиллаж байхад бид хоёр жанжны 100 жилийн өмнө манай нутагт очсон юм. “Өглөө” киноны жанжны хувцсаа өмсөөд хөдөлмөрчдийн цуглаан дээр орж ирдэг байсан юм. Орой нь зочид буудалд амарч байхдаа “Та ч жанжны дүрийг сайн бүтээсэн гавьяат даа” гэхэд “Би Сүхбаатарын дүрийг сайн бүтээсэн гэж хэлж зүрхэлдэггүй юм. Тэр аугаа хүний дүрийг муу бүтээсэн гэж зэмлэх хүн таарах вий гэж санаа зовдог юм” гэж ярьж байсан шүү. Би гавьяатыг бурхан болоход ах С.Галсангийнхаа даалгавраар буяны ажилд оролцохдоо гэр бүлийнхэнтэй нь зөвлөлдөөд “Жанжны дүрээр тань ард түмэн мэднэ” гэдэг үгсийг сийлүүлж байснаа санаж байна.
Би энэ тухай өөрийн бичсэн “Жанжны нутгийн урлаг, соёлын авьяастнууд” номондоо тодорхой дурдсан.
-Та гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Хөгшин маань Асгат сумын уугуул, хуульч хүн байлаа. Бид дөрвөн хүүхэдтэй. Том хүү Э.Мөнх маань ШУТИС, Тээврийн дээд сургууль төгссөн, одоо төмөр замын Чойр өртөөнд, хүү Э.Мөнх-Оргил БХИС, академи төгссөн ЗХЖШ-т, хүү Э.Баянмөнх санхүүч Шүүхийн шинжилгээний ажилтан офицер, охин Э.Мөнхзул гадаад хэлний сургууль, Удирдлагын академи төгссөн боловсролын байгууллагад удирдах ажил хийж байна даа. Ач, зээ нар маань эрвэлзэж дэрвэлзэх насан дээрээ эрдэм номонд шамдсан эгдүүтэй хөөрхөн “амьтад” байх шив дээ.
Өвгөн миний бие нутгийн зөвлөлийн захиалгаар “Их жанжны бэлгийн сургууль”, “Жанжны нутгийн “Онцгойгийнхон”, “Сэтгэл зүрхний гэгээ сурагч ахуйн ангийнхан минь” зэрэг 10 шахам ном бичиж өөрийгөө баярлуулж явна. Ном бичих бол их буянтай ажил шүү дээ. Би Сүхбаатар аймгийн Соёлын хэлтэст ажиллаж байхдаа Д.Сүхбаатар, С.Янжмаа нарын отго жинс, малгайтай бодит гэрэл зургаар нь нэрт барималч жанжны хөшөөний морины хөлийг урласан Дандиймаа гуайгаар гантиг баримал хийлгэж аймгийн музейд байрлуулсан. Энэ баримал бол манай орны ямар ч музейд байхгүй унэт үзмэр болсон.
Манайхан чинь ургийн овог нь Хайсу юм шүү дээ. Жанжны өвөг дээдэс Сүхбаатар суманд ургадаг “Хайлаас” гэдэг модтой хавцал уруу зээр хөөж оруулаад агнаж амь зуулгандаа хэрэглэдэг байснаас хайлаас гэдэг үг нь “Хайсу” болсон юм билээ. Эцэст нь, Д.Сүхбаатарын цэргийн эрдэмд гарамгай байсныг “Модон морин дээгүүр харайх, годройтох, морин дээрээс явуут бууж мордох, чулуу мөнгө шүүрэх, морин дээр босоогоор зогсож давхих, сэлмээр цавчих зэрэг зүйл бүрийн цэргийн сургуулийг олон цэргийн өмнө өөрөө манлайлан хийж байсан” гэж олон номноос уншсан. Нам төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал өөрийн нэгэн ботьдоо “Манай нам, ардын төрийн шалгарсан удирдагч Д.Сүхбаатарын бадрангуй хувьсгалч үйл ажиллагаа, халуун эх оронч үзэл нь манай орны хөдөлмөрчин бүрт ямагт зоригжуулагч үлгэр дуурайл болж байх болно” гэсэн бол зарим ном хэвлэлд “Монголын ард түмний аугаа их хүү, цогт эх оронч, ээж Сүхбаатар” зэргээр бичсэн байдаг юм билээ. Цэргүүддээ их хайртай байсан учир цэргүүд нь “ээж” гэж нэрлэсэн юм гэдэг. Өөрийнх нь хэлсэн үгс ч залуу үед сургаал болохоор “Баатар хүн уулыг давж усыг гатлах чадалтай гэхэд эрдэмтэн хүн уулыг эргүүлж, усыг өөрчлөх увидастай тул эрдэм номд шимтэн сурах хэрэгтэй” зэрэг одоо ч ач холбогдлоо алдаагүй үгс зөндөө байна.
Ярилцсанд баярлалаа.
О.Ариунцэцэг

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*