Ж.Болдбаатар: Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэж, цахимжуулна

Баяр наадмын бэлтгэл ажлын талаар Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатараас тодрууллаа.
-Наадмын бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Салбар хорооноос долоодугаар сарын 9-ний өдөр хурдан морьдыг бүртгэхээр тогтлоо. Энэ жил 21 аймаг, Улаанбаатар хотод зохион байгуулагдах наадмуудад уралдах унаач хүүхдүүдийн хурууны хээг цахим бүртгэлээр бүртгэнэ.
Өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлж, насанд хүрээгүй хүүхэд уралддаг байдлыг таслан зогсоох зорилготой. Мөн хүүхдийн эрх зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэнэ. Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн морь унаж уралдахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг бичгээр авах болно. Хурдан морь уралдааны зохион байгуулалтад 2,500-3,000 төрийн албан хаагч ажиллана.
-Унаач хүүхдийн аюулгүй байдал хэрхэн анхаарах вэ?
-Унаач хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг бүртгэлжүүлж, зөвшөөрөл авсан 11 компани байна. Өнөөдрийн байдлаар уралдаанд оролцож буй хүүхдүүдийн даатгалын хураамжийг нэмэгдүүлснээр нөхөн олговрыг нэмэгдүүлэх боломжтойгоо илэрхийлсэн есөн компани байна. Бид хариуцлагатайгаар хүүхдийн нөхөн төлбөрийг гаргаж чаддаг компанитай хамтран ажиллана. Нэг удаагийн хураамжийг 100 мянган төгрөг болговол нөхөн олговрыг 20 сая хүргэж болно гэж даатгалын компаниуд хэлж байна.
О.Уранбилэг

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*