Б.Батболд эмч: Галт тэрэгтэй зүйрлэвэл, замаасаа гарч, онхолдсон эрүүл мэндийн салбар

Монголын анхны олон нийтийн цахим телевиз болох “Control TV”-ийн “Комментатор” нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониндоо буулган уншигч Танд хүргэж байна. Энэ дугаарт Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Монгол Улсын зөвлөх эмч, УНТЭ-ийн Зүрх судасны тасгийн эрхлэгч Б.Батболдтой эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл, хөгжлийн талаар ярилцжээ.
–Мэдээллийн технологи хурдтай хөгжиж байна. Таны хувьд интернэт ухсан, түүнээс зүүгдсэн суух нь олонтаа?
-Зах зээлд орсны ололттой тал байна. Монголын эмч нар гадагшаа их явж, нүд тайлж, мэдлэг нэмж, туршлага судалж, түүнийгээ Монголдоо нэвтрүүлж байна. Дэлхийг таньж мэдэж, хөл нийлүүлэхийг хичээж байна. Анагаахын шинжлэх ухаан цаг, минутаар өөрчлөгдөн хөгжиж байна. Анагаах ухааны нэг онцлог нь хэн нэгний нээлтийг бусад нь чөлөөтэй хэрэглэх давуу эрхийг эдэлдэг. Мэдээлэл, технологитой хөл нийлүүлж чадвал Америкийн эрдэмтдийн нээсэн эмчилгээ оношилгоо, судалгаанууд дээр тулгуурлан, яг л Америкт буй юм шиг, тэр америк эмч яаж эмчилж байна, бид яг түүн шиг эмчлэх боломжтой.
–Зохиогчийн эрхийн зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн үг үү?
-Дэлхийн анагаах ухааны нээлт, ололтыг тухайн эрдэмтний нэр дээр бүртгэх ч, түүнийг өмчлөх эрхийг нь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, бусдад нээлттэй үлдээдэг . Энэ утгаараа арилжаанаас ялгаатай, агуулгын хувьд хүнлэг энэрэнгүй.
–Нээлтээрээ аль улс тэргүүлж байна вэ?
-Цөөхөн. АНУ нийт нээлтийн 70 орчим, 20 гаруй хувийг Европын улс орон, үлдсэн таван хувийг Ази тивээс Япон улс нээсэн байдаг.
–Шинжлэх ухаанд тулгуурласан хөгжил бол хамгийн алсын хараатай, зөв хөгжил гэж ойлгогдоно. Харин манайд энэ асуудал ямар байгаа вэ?
-Миний хамгийн их харамсч яваа юм энэ. Манайд шинжлэх ухаанч байдал, шинжлэх ухаанч сэтгэлгээ  байхгүй болж. Соронзоор даралт бууруулна, сахар багасгана ч гэх шиг. Сүлжээний, тодорхойгүй нэг компанийн, худалдаа арилжааны зориулалттай эм бэлдмэл, хэрэгслүүд газар авсан. Монголын ард түмэн шинжлэх ухаанч биш болж, боловсрол мэдлэгийн төвшин нь доройтож буйн л шинж. Моод Монголоор дуусдаг гэгчээр бусад газар ахиц дэвшилгүй цаашаа явахаа больсон зүйлсийг манайхан оруулж ирэх юм. Тэр нь эхний нэг хоёр жилдээ цэцэглэдэг. Энэ бол эмч хүний сэтгэлийг эмзэглүүлдэг сэдэв. Шинжлэх ухаан гэж яг юу юм бэ гэдгийг бодитоор нь, мөн чанараар нь ойлгох, түүний оргил өөд мацдаг, мэдэрдэг сэтгэлгээг Монголын эрүүл мэндийн салбарын ирээдүй болсон залуу халаадаа бид өвлүүлж, өгмөөр байна.
–Мэс заслын давалгаа өнөө цагт ид өндрөө авч байх шиг. Энэ тийм ч зөв хандлага биш гэж нэг мэргэжлийн хүн хэлэхийг сонссон?
-Мэс заслыг аль болох зайлшгүй тохиолдолд хийх учиртай. Цөсний чулуу харангуут, тэнд нь нэг уйланхай үзэгдэнгүүт огтолж, авах гэдэг хандлага маш буруу. Тухайлбал, бамбай булчирхайн өвчний үед хордлого өгөөд, бамбайны үйл ажиллагаа өөрчлөгдчихсөн бол тэрийг түр зуур дардаг эм бий. Төгс эмчилгээ нь бамбайны үйл ажиллагааг зогсоох. Изотопийн иодоор эмчилнэ. Эсвэл мэс засал хийнэ. Илүүдэл бамбайг нь авчихна гэсэн үг. Бамбайг 10 см гэж бодоход таван см авчихаар үйл ажиллагаа нь 50 хувиар буурчихна. Гэтэл манайхан хагалуулахыг өмнөө тавьдаг. “Иод 131” гээд зүгээр эм уугаад дарчихдаг юмыг “огтлуулах” гээд байдаг. Энэ эмийг барууны орнууд өргөн хэрэглэдэг. Ер нь л хоолойг “огтлох” асуудал байхгүй болсон шүү дээ.
–Эмч нартай холбоотой асуудал дээр харгис маягийн хууль гарсан. Тэр хууль хэвээрээ мөрдөгдөж байгаа юу. Гомдол гаргавал эмчийг нэлээд хатуу шийтгэнэ гэсэн хууль яригдаж байсан?
-Хэн нэгнийг чулуугаар санаатайгаар цохиж хүнд гэмтээвэл найман жил ял авна. Эмч хүн бусдын төлөө зүтгэж яваад санамсаргүй алдаа гаргавал бас найман жилийн ял авна гээд бодоод, харьцуулчих даа. Маш харгис сонсогдож байгаа биз. Гэтэл эмчийн мэргэжил 50 хувийн эрсдэл дагуулдаг онцлогтой. Мэргэжлийн онцлогыг үл тооцсон хууль. Ийм түүхий, шүүрхий, дутуу дулимаг, харгис хууль нь эмч нар, эмнэлгийн ажилтны итгэл зүтгэлийг үгүй хийж байна. Хичээх биш, аль болох амиа хоохойлох, хэрэгт холбогдохгүйг боддог болгож байна. Бэртэгчин болгох л хууль. Сэтгэл, зүтгэл, хандлага хазайх болно. Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн ийм харгис, хор холбогдол бүхий орчныг шинэчлэх нь салбарын залуур дээр сууж буй хүний нэн тэргүүнд хийх ажил.
–Хууль эрхзүйн орчин гэхээс гадна ер нь эрүүл мэндийн салбарын тогтолцоо доголдсон. Социалист, капиталист системийн аль алины үнэр ханхалсан ч, амьдрал дээр аль нь ч биш байна гэж ярьдаг?
-Сүүлийн 20 жил эрүүл мэндийн системийг “булшилчихлаа”. Миний үеийн эмч нар бол коммунизмын маш сайн системээр бэлтгэгдсэн. Би 1981 онд сургуулиа төгссөн. 1990 оноос хойш социализм ч биш, капитализм ч биш, зах зээлийн ч биш албан хүчээр явж байна. Дээр нь баахан дарамттай. Эрүүл мэндийн салбар бүхэлдээ харлаж харагдах болсон. Эрүүл мэнд рүү зүглэх эмч, сайн мэргэжилтэн ховордсон. Байгалиасаа өгөгдсөн генийн чадвартай, онц сурдаг чадварлаг оюутныг л анагаахын дээд сургуульд бодлогоор элсүүлдэг байсан тогтолцоо алдагдсан. Одоо тийшээ зүглэснээс зүглэхгүй байсан нь дээр гэж бодох болсон. Зургаан жил дээд сургуульд сурна. Үргэлжлүүлээд 5-10 жил мэргэшинэ. Нийт 10 гаруй жил суралцсаны эцэст сая нэг эмч болдог. Ажил олдохгүй. Ажилд орсон ч авах цалин бага, нийгмийн шахалт их. Хариуцлага өндөр. Нэр хүндгүй, эрсдэлтэй учраас зориглож орох хүн ховор болсон. Энэ нь цаанаа юунд хүргэх вэ гэвэл ирээдүйд, хол явахгүй, хөгжихгүй болгож байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын хөгжлийг боосон, тахир дутуу болгосон энэ харгис, амьдралгүй хуулийг өөрчлөх нь улстөрчид, хууль тогтоогчдын нэн даруй хийх ажил.
Бид Оюутолгой, Тавантолгой, хичнээн алт, мөнгө ам.доллар яриад яах билээ. Эрүүл мэндээ алдсан хүн, эрүүл биш нийгэм тэр доллараар яах юм бэ. Юуны өмнө эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх ёстой. Даатгалын зөв сонгодог системийг нэвтрүүлье. Зах зээлийн систем рүү нь оруулъя. Маргаашаа харъя, төлөвлөе. Сайн эмч, муу эмч гэж ярих бол жижиг , өнөөдрийн л цар хүрээний асуудал. Цалин бага байна гэдэг ч өчүүхэн асуудал. Эрүүл мэндийн салбар доголдоход ард түмэн л хохирдог. Үүнийг л засах шаардлагатай.
Ингэж чадвал эрүүл мэндийн системийн асуудал ч цэгцэрнэ гэж харж байна. Үүний зэрэгцээ сургалтын асуудлаа ч эргэж харах хэрэгтэй. Эмч, эмнэлгийн ажилтан бэлддэг арван хэдэн хувийн сургууль бий болсон. Төгссөн нэгэнд ажлын байрны баталгаа байхгүй. Дээр нь манай улс сувилагчгүй болчихсон. Гэтэл диплом барьсан, ажилгүй эмчээр улс дүүрсэн байдаг. Эрүүл мэндийн систем өөрөө гажуудалд орсон учир түүнээс улбаалах хор хохирлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төвшинд ярих ёстой гэж би бодож байна.
–Биднийг хүүхэд байх үед эмнэлгийн тусламж гэж их ярьдаг байсан. Одоо эмнэлгийн үйлчилгээ гэдэг боллоо. Өөрөөр хэлбэл, бизнес гэдэг утга агуулга руу хэлбийж байна.
-Өрнөдийн эрүүл мэндийн систем арилжааны маягаар хөгжиж буй. Гэхдээ тэр нь зөв ёс суртахуун, зөв эрдэм мэдлэг дээр үндэслэсэн байдаг. Харин бид тэгж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сайн эмч сайн бараа бүтээгдэхүүнтэй ижил утгатай. Таалагдсан бол дахин сонгоно. Энэ бол үйлчилгээний алтан дүрэм. Монголд энэ алтан дүрэм гүйцэд хэрэгжихгүй байна. Эмч нараа ч гүйцэд ашиглаж чадахгүй байна.
–Бэлдсэн чадварлаг мэргэжилтнээ гадагшаа алдаж байна. Сувилагч байхгүй боллоо гэж та дурдсан. Америк, Канад, Европын орон руу тэднийг бодлогоор гаргасан байна. Залуу эмч нар ч мөн гадагшлахыг зорих болсон. Залуу эмч гэхэд л сардаа 6-8 мянган еврогийн цалин буюу жилийнхээ цалинг сардаа авч байна?
-Бидний л алдаа, урагшгүй байдал. Амьдрах, ажиллах ахуй нөхцөл нь дордохоор хүмүүс гадагшаа “дүрвэх” шийдвэр гаргаж байна. Солонгос руу сайн сайн эмч зөндөө явсан. Тэнд очоод хар бор ажил хийдэг. Энд авдаг жилийнхээ цалинг гурван сарын дотор олчихож байгаа тэр сонголтыг хэн буруутгаж чадах вэ. Энэ мэт сэтгэдэг, чадвартай хэсэг нь гараад явчихаар салбар улам доголдож байна. Хууль эрхзүйн орчин маш муу, чадвартай нь яваад, тааруу нь үлдлээ. Монголын төр гэж байдаг бол үүнийг л бодлогын төвшинд хэлэлцэж, нэн даруй засч залруулаасай. Улс төрийн шоу хийж, улстөрчийн хувьд оноо халааслах маягаар эмч нарын цалинг 50 хувиар нэмнэ, таван аппарат авч өгнө ч гэх шиг хандвал буруу.
Эрүүл мэндийн салбарт бас авлигал байна. Түүнийг таслан зогсооё. Хэлбэр нь сонин. Энэ тухай АТГ-аас хийсэн нэг өдрийн сургалтад онцоллоо. Суманд төсөл нэрийн дор рентген аппарат, эхо, зүрхний цахилгаан машин аваачаад тавьчихсан. Зүгээр л өрчихсөн. Ямар ч ажиллагаа байхгүй. Хэн ч ашигладаггүй. Аргагүй шүү дээ. Нарийн мэргэжлийн эмч нар л түүнийг ашиглана. Тийм эмч тэнд байхгүй. Ийм л үргүй зардал гаргачихсан байх юм. Энэ үнэтэй, нарийн мэргэжил шаардсан өндөр үнэ өртөг бүхий төхөөрөмжийг сумын эмч авъя гэж хүсээгүй л байгаа юм. Наанаас нь аваачаад тараачихдаг юм билээ. Буруу систем, буруу бодлогын гай энэ. Эрдэнэт хотод гэхэд л Японы үйлдвэрийн том оношилгооны төв нээгдсэн. Тэнд ачаалал байхгүй, боловсон хүчин ч байхгүй. Эндээс хоёр гурван эмчийг ирээч гэж уриад, байр орон сууц өгье гэж амлаад дийлдэггүй. Тэр олон сая долларын үнэтэй орчин үеийн тоног төхөөрөмж сул хэвтэж байна. Ер нь Монгол шиг гуравхан сая хүн амтай улсад хоёр MRI аппарат байхад л хангалттай. Түүнийгээ л 24 цаг ажиллуулчих хэрэгтэй. Гэтэл нэг л их аппарат ярьсан улсууд болчихсон байна. Аппарат чухал биш. Түүний бичиж гаргаж ирсэнийг нь зөв тайлж унших чадвартай нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй. Эмч нарынхаа мэргэжлийн төвшинг тогтоож, мэргэжил мэдлэгийг нь байнга дээшлүүлэх шаардлагатай.Энэ бол аппаратаас илүү чухал. Эмчийн мэргэжлийн стандартын шалгалтаар шалгалтад оролцогчдын 80 хувь нь тэнцэхгүй гэсэн дүн гарч ирсэн байдаг. Энэ бол аюулын, ослын дохио. Алдаагаа шалгалт авсан Анагаах ухааны хөгжлийн төв рүү чихэх буруу хандлага ажиглагдсан. Энэ ажилтнуудыг тэнцүүлэхийн тулд 80-аас дээш байх ёстой босго оноог 70 руу буулгаж байж тэнцүүлж байна. Энэ чинь л эрүүл бус байгаа юм. Явж явж энэ бүхэн аюулд хүргэх вий гэж болгоомжилж байна. Эмчийн шалгуур өндөр байх ёстой.
–Гажуудал их байна. Түүнийг яаж өөрчлөх ёстой юм бэ?
-Ерөөсөө л зах зээлийн харилцаанд шилжүүлэх. Өөрийнх нь жам ёсны хөгжлийн гольдролд оруулах. Эмчийн үнэ цэнийг мэдрүүлэх. Эрүүл мэндийнх нь үнэ цэнийг өөрсдөд нь ойлгуулах.
–Гажуудалтай ч гэсэн эрүүл мэндийн салбарт нэрлэчих сайн эмч нар бий. Тухайлбал, шүдний, нүдний, бөөрний, зүрхний, эхоний гээд. Хэн нэгнийг нэрлэ гэвэл?
-Улаанбаатарт 50 гаруй зүрхний нарийн мэргэжлийн эмч байна. Тэднээс хуруу дарвал тав нь өнөөдрийн төвшинд миний сэтгэлд сайн гэж бодогдож байна. Найдвартай сайн гээд үзүүлэх эмч байхгүй биш байна. Гэхдээ тэдэнд ямар ч өрсөлдөөн, дэмжлэг байхгүй.
Манайд байгаа системийн аюул нь ийм чадалтай улсуудаа дэмждэггүй юм байна. Тэд нь чадалтай, өөрийн гэсэн мэдлэгтэй болоод ирэхээрээ дарга нарын аясаар хөдлөхгүй болдог. Дарга аль болохоор өөрийг нь дагаж намирдаг улсуудад дуртай. Эмч нь наадах чинь буруу байна, ингэдэггүй юм гээд дуугарвал “Энэ нөхөр яршиг удах нь байна” гэх хандлагаар сайн, үнэтэй эмчийг бодох юмгүй ажлаас нь халж байна. Үүнд л харамсдаг. Байгалиасаа өгөгдсөн сайн эмч гэдэг бол бидэнд ирсэн бэлэг шүү дээ. Тэр бэлгийг өөртэй нь тохирохгүй байна гэдгээр халж байгаа нь эмгэнэл.
Нэгдүгээр төрөхийн чадалтай сайн эмч “Манай тасгийнхан намайг явна гэсэн чинь их гомдож байна. Бид таныг явахаар яана аа гэж байна. Би үлдэе гэхээр даргатай тохирохгүй юм. Дарга намайг үзэхгүй юм. Тэгээд аргагүйн эрхэнд ажлаа өгөөд Солонгост ажиллаж байна” гэж ярьсан. Нэрийг нь хэлээд яахав.
Ийм өчүүхэн атаа хорслын хор хохирол нь иргэдэд л тусч байна. Сайн эмчээсээ үйлчилгээ авч чадахаа больж хохирсон. Тэгэхээр ийм бурангуй системийг бүхэлд нь задлах ёстой. Миний бодлоор эмнэлгийн байгууллагын удирдлагыг дотроос нь эмч, ажилтнаар сонгуулдаг тогтолцоонд нэн даруй шилжих цаг болсон. Хэнээр эмнэлгээ удирдуулах гэж байгаагаа бид өөрсдөө мэдэж буй цагт учир бий. Өнөөдрийн нөхцөлд, нам, засаг солигдох бүрт бүх эмнэлгийн дарга дагаад солигддог. Улс төрийн нам нь яамныхаа сайдыг л мэдэг, эмч нар эмнэлгийн даргаа өөрсдөө мэддэг болдог тогтооцоонд хүрчихвэл эмнэлгээ аятайхан авч явахыг бодно шүү дээ. Одоо бол сайдад сайхан харагдахыг л бодно уу гэхээс өөр юм байхгүй. Гажуудал бүх эрэг шургандаа байна. Эрүүл мэндийн салбар нурчихлаа. Өөрийнх нь хөгжил, жам руу ойртуулъя. Тэгж байж 10 жилийн дотор эрүүл мэнд дахин өндийнө.
–Оюутолгой Монголын хөгжил гэж ярьж байгаа шиг эрүүл мэндийн салбарын асуудлыг тэр хэмжээнд ярих ёстой болж байна?
-Эрүүл мэнд, боловсрол хоёр Үндэсний аюулгүй байдлын үндэс нь. Монголын ард түмний сайн сайхан байх асуудал учраас Оюутолгойтой ч харьцуулашгүй. Өнөөгийн систем тэр шаардлагыг хангахгүй байна. Ард түмэн гэдэг бол баялаг, өөрийгөө цэвэршүүлэх чадвартай, өөрийгөө хөгжүүлэх механизмтай. Улс төрийн нам болохоор үүнийг хийдэггүй юм байна. Нам ард түмнээс зүгээр оноо авахыг л боддог. Хүн үнэгүй сул байгаа юманд дуртай учраас нам ард түмнийг үнэгүй юманд дуртай болгож, хөгжүүлэх, хуучин буурин дээр хоосон эргэлдүүлж байна. Манайд клиникийн таван том эмнэлэг бий. Энэ эмнэлгийн ядаж гурвыг нь ил тодоор шударга, зөв хувьчлах хэрэгтэй. Хувьчилбал өрсөлдөөд, сайн мэргэжилтэн хайж, сургаад эхэлнэ. Эрүүлжээд ирнэ шүү дээ.
–Орчин үед шинжлэх ухаан хөгжөөд эмч нар чагнуур зүүхээ больсон гэж ярьж байна?
-Зүрхний эхо гэхэд бүх урсгалыг, эзлэхүүнийг, агшиж байгаа чадварыг нь гээд үйлдлээр нь гаргадаг болсон. Гэтэл үүний хажууд чагнуураар түг, түг гэхийг чагнаад үзэх бол бараг 10 хувьд нь ч хүрэхгүй. Шинжлэх ухаан өндөр хөгжчихөөд байна. Судсан дотор юм гүйлгээд хаана ямар хатуурал байгааг, хаана ямар шархлаа үүссэн, нарийсал байна уу гэхчилэн харж болдог болсон. Нанотехнологи, электроникийг дагаад техник технологи хөгжиж байна. Үүний дэргэд бидний төвшин болоогүй. Үүнд л би харамсдаг. Би яахав ээ, дараа үедээ хийсэн бүтээснээ шилжүүлж өгөх байх. Харин залгамж маань надаас илүү хөгжиж, мундаг болоосой гэж хүсдэг ч өнөөдрийн нийгмийн нөхцөл байдлыг хараад эд нар маань яана даа гэж эмзэглэдэг.
–Боловсрол, эрүүл мэндийн салбарт чадвартай чадалтай хүмүүсээ тэтгэвэрт гаргадаггүй, улам ашигладаг улс орнууд байдаг?
-Систем нь зөв байвал тэгнэ шүү дээ. Гэтэл сайн мэргэжилтнийг дарга л баллаж байна. Хэрэв би хувийн эмнэлгийн дарга байсан бол тийм хүмүүсийг алтаар үнэлээд ч болов байлгана. Боломжийн цалин өгөхийг бодъё гээд үлдээнэ. Гэтэл улсын эмнэлгийнх болохоор цалин нэмэх ч үгүй.Даргынхаа өөдөөс юм хэлэхээр буруудаад явахаас аргагүйд хүрээд байна. Хувийн эмнэлгийн эзэн бол “Миний энэ эмнэлэгт олон үйлчлүүлэгч ирэхэд сайн эмч ажиллах хэрэгтэй” гээд гуйгаад үлдээнэ. Олон үйлчлүүлэгч ирнэ гэдэг нь арилжааны юм шиг сонсогдовч, цаанаа Монголын ард түмэнд тустай. Гэтэл бид өдөрт 40 хүн үздэг. Барууны өндөр нарийн мэргэжлийн эмч нар 100 гаруйг үзэж байгаа. Тэр хэрээр цалин нь нэмэгддэг. Бидэнд уг нь тийм чинээний нөөц байгаа юм. Гэтэл бодит байдал дээр 40 хувь дээр нь л ажиллаж байна гэсэн үг. Барууны эмч нар өдөрт 100 гаруй хүн үзэхэд цалин өндөр учраас үзүүлж байгаа хүмүүст ч баталгаатай нотолгоотой оношилгоог хэлж өгөх ёстой болдог. Ерөөсөө дэлхийн хүлээн зөвшөөрсөн систем ингэж явдаг.
–Таны яриаг сонсоод байхад Монголын эрүүл мэндийн салбар сүйрчээ. Галт тэргээр бол замаасаа гарчихсан дүр зураг харагдаад байх юм?
-Юун замаасаа гарах. Гараад онхолдчихсон. Тоноогүй дээр нь буцааж, зам дээр нь тавихыг хичээх хэрэгтэй.  Яг одоо хөлбөмбөгийн ДАШТ болж байна, 32 баг тоглож байгаа. Баг болгон өөрийн эмчтэй. Эмч нь хамгийн өндөр цалин авч байна. Тоглогч нар үнэ цэнэтэй учраас ийм хүмүүсийг эмчлэх, зөв оношлох ёстой. Зөвхөн хөлбөмбөгийн баг дээр л ийм байна. Багийн хамгийн үнэ цэнтэй зүйл бол хөлбөмбөгчид. Тэр багууд тамирчныхаа эрүүл мэндийн баталгаа болгож, гаднаас хамгийн сайн эмчийг хамгийн өндөр үнээр авч байна.
Ард түмэн ухаалаг. Сайн эмчтэй таарвал хэн ч алдахыг хүсэхгүй шүү дээ. Эмч, иргэний хооронд итгэлцлийн харьцаа үүсдэг. Америкийн зохиолч Теодор Драйзерийн хамгийн үнэ цэнэтэй хүн нь түүний хувийн эмч байсан тухай намтраас нь уншсан. Тиймээс сайн эмч гэдэг өөрөө нийгмийн үнэ цэнэ юм. Зах зээл хөгжсөн оронд хамгийн сайхан, хангалуун амьдрал олгодог мэргэжил бол эмч, хамгийн хангалуун амьдардаг хүмүүс бол эмч. Монголд сайн эмч үнэ цэнээ мэдрэх нь бүү хэл байна шүү дээ. Тиймээс л хөгжлийн зүй ёсны гольдролд оруулах нь зөв гэсэн байр суурийг би баримталдаг.
Угаасаа хамгийн үнэтэй  капитал бол эрүүл мэнд шүү дээ. Стиб Жобс нас барахынхаа өмнө  “Эрүүл байх асуудал ямар ч зүйлээс илүү юм байна. Би маш их бизнес хийсэн. Өөр хүнээр машинаа жолоодуулж болох ч өөр хүнээр өвчнөө үүрүүлж болдоггүй юм байна” гэж хэлсэн байсан. Тэгэхээр эрүүл мэнд гэдэг тийм үнэ цэнэтэй.
–Эмч хүний тухай тодорхойлолт хэлбэл?
-Эмч хүн бол байга­лиасаа өгөгдсөн хамгийн ухаалаг, сэргэлэн, зөв сэтгэлтэй, хүний төлөө гэсэн хүмүүс байх ёстой. Гэтэл ийм сайхан улсуудыг өнөөдрийн байдалд оруулж байгаа улс төр гэдэг юм хурдан өөрчлөгдөөсэй л гэж хүсч байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*