М.Болдбаатар: Хүүхдүүд могойд хатгуулж амиа алдах тохиолдол гарч байна

Сүүлийн үед ирж буй дуудлагуудын талаар ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн эмч М.Болдбаатараас тодрууллаа.
-Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүд могойд хатгуулах тохиолдол нэмэгдсэн гэж сонслоо?
-Зуны улиралд хүүхдийн бүх төрлийн осол гэмтэл нэмэгдэх хандлагатай байдаг. Бидэнд тодорхой анзаарагддаггүй хэр нь аюултай зүйл бол хөдөө орон нутагт амарч яваа хүүхдүүд амьтан, шавьжинд хазуулах, хатгуулж байна. Тэр дундаа өнгөрсөн сард могойд хатгуулсан олон дуудлага ирсэн. Ихэвчлэн ирж буй хүмүүсийн хөл, гуя, шилбэ хавиар гэмтэл авч ирдэг бол нярай хүүхдийн гар, биеийн эмзэг хэсгээр хатгасан тохиолдол гардаг.
-Могойд хатгуулснаар биед учирч болох эрсдэл ямар байдаг вэ. Хүнд бэртсэн, амь насанд нь аюул учирсан тохиолдол гарсан уу?
-Хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай тусламж дуудаж, тайван байж, хөдөлгөөнөө хязгаарлаж эмчилгээг шуурхай хийлгэх хэрэгтэй. Могойд хатгуулж хүндэрсэн үед эд эрхтнээ тайруулах, анхны тусламж зөв үзүүлээгүйгээс болж хүндрэх цаашлаад амь насаа алдсан хүүхэд бий.
-Танайд тусламж авч буй хүүхдүүдийн бэртэл, гэмтлийн тэргүүлэх шалтгаанууд юу байна вэ?
-ГССҮТ-д жилд нийтдээ 84 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас ирж тусламж авдаг. Үүний 30 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байдаг. Эдгээр хүүхдүүдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь нэгдүгээрт унаж бэртэх үзэгдэл юм. Орноос унах, мөсөн дээр халтирах, биет гадаргууд унах зэрэг нь бүх осол гэмтлийн 30 хувийг эзэлж байна.
Үүний дараа зам тээврийн осол 20-иод хувийг эзэлнэ. 5-9 насны хүүхдүүдийн нас баралтын 50 гаруй хувь нь зам тээврийн ослоос шууд хамааралтай. Энэ насны хүүхдүүд тогтворгүй, хөдөлгөөн ихтэй нөгөө талаас эцэг эхийн хараа хяналтаас холдож эхэлдэг. Харин 0-4 насныхны хувьд түлэгдэлтийн шалтгаантай их ирж байна.
О.Уранбилэг

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*