МАН гурав хуваагдлаа

32+32+нийслэл= МАН. Ийм нэг шинэ  нэр томъёо улс төрд орж ирлээ. Эрх баригч нам нэгэн  цул байж чадахаасаа нэгэнт өнгөрлөө.  Тэдний хагарал хэтийдэж, бие бие рүүгээ  улс төрийн аргаар дайрч эхлэв.  Энэ хуваагдлын эхлэлийг одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх тавьсан гэчихвэл нэг их хол зөрөхгүй байх.  МАН-ын хагарал ерөнхийдөө 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн гэж хэлж болно.  МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж, 65 суудал авсан ч гэлээ олон эрх ашиг нэгэн танхимд нэгдэж чадсангүй.  2016 оны  сүүлч гэхэд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах дүр зураг гарчихсан байв.   2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын хуваагдал илт мэдрэгдэж, олонд дэлгэгдэв. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь ялагдал хүлээсэн.  Энэ ялагдалд намын эв түнжингүй байдал нөлөөлсөн гэх нь ч бий.  Нөгөө талаар энэ ялагдал, МАН-ын хагаралыг улам дэвэргэж  орхисон байдаг.  Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан  МАН  Ж.Эрдэнэбатын Засгийн газраар туг дахиж,  32, 33 бүлэгтэй болсноо албан ёсоор зарласан юм.  Харин үүний  гол зохион байгуулагч нь  У.Хүрэлсүх байсан  нь гайхал түрүүлсэн.  Учир нь  У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын Засгийн газарт  Шадар сайдаар ажиллаж байв. Шадар сайд бол  Засгийн газрын гол баганын нэг. Тэр багана ганхаж эхэлсэн нь гүйцэтгэх засаглалыг унагах төлөвлөгөө их дээрээс шидсэн чулуу гэдгийг тухайн үед харуулж байсан юм.  Ингэж У.Хүрэлсүх 33-ын бүлгийнхээ дэмжлэгтэйгээр Засгийн газрыг унагаж,  өөрөө  гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон.   Түүний дараахан  МАН-ын  Их хурал болж, хурлаар У.Хүрэлсүх эрх баригч намын дарга боллоо.  Тэр авах ёстой  бүх эрх мэдлийг авсан.  Намынхаа хурал дээр эв нэгдлийг эрхэмлэн ажиллана хэмээн мэдэгдэж,  бүлгийн дарга Д.Хаянхярваатай их л  нялуурч байсан сан.  Гэсэн ч намаа зангидаж чадсангүй,одоо нэгэнт МАН-ын бүлэг 32, 32-ын харьцаатай, хүч тэнцүү болчихсон.   Аливаа асуудал яригдахад, өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж, хоорондоо үзэлцдэг болсон.  Харин саяхнаас энэ хоёр бүлэг дээр нийслэл гээд нэмэгдчихлээ.  У.Хүрэлсүхийн ажлыг  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тун чадмаг үргэлжүүлж байна.  Нийслэлийн МАН-ын хурал өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч дотоод зөрчлийн улмаас хуралдаагүй, одоог хүртэл албан ёсны даргагүй байна. Гишүүд нь Сүхбаатарын талбай дээр жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсэн.   Ийм олон эрх ашиг Нийслэлийн МАН-ын даргын төлөө үзэлцээд дийлэхгүй, сүүлдээ хэдэн тийшээ хараад суучихлаа.  32+32+нийслэл= МАН ийм л ороо бусгай байдал эрх баригч намын дотоодод өрнөж байна.  Намын дотоод зөрчил тулаан  ийм байхад саяхан болсон намын бүлгийн хурал дээр МАН-ын дарга У.Хүрэлсүх “2020 оны  сонгуульд ялчих юм шиг сэтгэгдэл төрөөд байна.  Ёндоорох юм шиг санагдаад байна” гэж хэлсэн байгаа.  Аль хэдийнэ шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болчихсон нам нь ёндоорох нь юу л бол доо.
Т.Батсайхан

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*