Танин мэдэхүй

Монголд шуудангийн харилцаа холбоо үүсч хөгжсөн баримт түүх

ХҮННҮГИЙН ӨРТӨӨ НОЁН

 

Эртний нүүдэлчдийн харилцаа холбооны анхдагч хэрэглүүр нь морьт элч, галын дохио, дарцаг зэрэг байжээ. Хүннү Улсад Оато ван буюу Өртөө ноён хэмээх өндөр албан тушаалтан байсан талаар баримт бичгүүд бий. Хүннүгийн вангууд яаралтай бичиг, мэдээлэл, хэл сургийг эзэн хаандаа хүргэхдээ уургын улаа хэрэглэн буухиа элч довтолгодог байжээ.

Мөн манай эриний 523 онд Жужаны хаан Анахуань өртөөний морь, хонь, үхэр туулгаж явсан тухай түүхэнд тэмдэглэсэн байдаг. Түүнээс хойно манай эриний Х зууны үед Кидан улсад хааны зарлигаар томилсон элчид унаа дайчлах зар бичиг, пайз буюу гэрэгэ олгон зам зуураа өртөө улаа хэрэглүүлдэг байжээ.

 

ӨГӨӨДЭЙН ӨРТӨӨ УЛААЧИД

Харин Монголын эзэнт гүрний үед буюу 1228-1240 оны хооронд Монголын эзэнт гүрний хаан ширээнд суусан Өгөдэйн үед мэдээлэгч, захирагч нарыг бий болгон өртөө байгуулсан нь харилцаа холбооны уургын улааг халсан томоохон дэвшил байсан талаар түүхчид тэмдэглэсэн нь нэн анхаарал татна. Өгөдэй хаан анх 37 суурь өртөө байгуулж,мянгат бүрээс суурь тутамд улаач, унааны морь,шүүсний хонь,саалийн гүү,хөллөх үхэр тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр гаргах үүрэг ноогдуулж байжээ. Улмаар Өгөдэй хааны зарлигаар Цагаадайн улс, Батын улс тус тусдаа салбар өртөөдийг залгуулан байгуулснаар өргөн уудам нутагтай эзэнт гүрнийг нэгтгэн захирах гэсэн Монголын хаадын бодлогод морин өртөө-шуудан ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

 

МАРКОГИЙН ИНЭЭДЭМ

Зөвхөн бид ч бус Монголд амьдарч, тэдний амьдралын хэв маяг, зан заншилыг судалж байсан эрдэмтэн мэргэд, туршуулуудын үлдээсэн баримт бичгүүдэд ч энэ талаар хангалттай баримт бий. Тухайн үедээ өрнө дахины мэл гайхаж, цэл хөхрөн хожмоо Маркогийн инээдэм гэгдэх болсон тэмдэглэлд дурдсан монголчуудын мэдээлэл солилцох арга хэрэгсэл юутай ч зүйрлэшгүй хурдан байсныг дурджээ. Хубилай хааны дэргэд 17 жил алба хашсан Италийн жуулчин Марко Поло морин өртөө шуудангаар явуулах зүйлийн ачааны хүнд 70 жин буюу 42 килограмм, урт нь 13 ямх, өргөн нь 7 ямх, өндөр нь 6 ямх (1 ямх нь 3,2 см) байхаар овор хэмжээ тогтоогдсон талаар үлдээж. Мөн яаралтай шуудангийн гадна талд жигүүр агуулан явуулахаас гадна “Нис нис” гэсэн үг бичих, шувууны өд, морин туурай зэрэг тусгалсан товъёо тэмдэг зурдаг байжээ. Эзэнт гүрний нийслэлээс дөрвөн зүг, найман зовхист муж бүр рүү зорьсон зам зурайж, тэр зам хаа хүрэхийг бичсэн байх тул төөрөх, саатах зүйл огт гардаггүй байсан гэнэ. Иранд сууж байсан Монголын их хаан Аргунаас Францын хаан гоо Филиппэд явуулж байсан бичиг тэр үеийн аль ч улсад байгаагүй хурдаар хүрсэн жигүүрт захиа болж байсан юм.

 

ИЛҮҮ БОЛОВСРОНГУЙ БОЛСОН НЬ

Монголын их гүрний аль нэг хэсэгт самуун гарсан, дайсан халдсан болон хэн нэгэн ноёноос их хаанд яаралтай айлтгал өргөх хэрэг гарвал онц яаралтай элч мордуулна. Ийм элч тусгай таних тэмдэг бүхий шонхор шувууны дүрстэй пайз, гэрэгэ зүүн, морин өртөөгөөр нэг өдөрт 250-300 бээр /бээр 500 м/ газар довтолгох бөгөөд нэг өртөөгөөс нөгөөд ирэхэд түүний хоол унд бүгд бэлэн байдаг байна. Хубилай хааны үед бүх өртөөний морь 5 бум гаруй, өртөөний өргөө 1 түм гаруй хүрч байсан. Мориор хүрч боломгүй бартаатай газруудад явган элч алба гүйцэтгэдэг байв.

 

АНХНЫ МАРК БУЮУ ЯЛГАХ ТЭМДЭГ

Монголчууд морин өртөө, шууданг анх бий болгосон төдийгүй өдгөөгийн шуудангийн маркийг мөн анх хэрэглэжээ. Эзэнт гүрний үед шуудангийн бичиг захидлын үнийг лан пунгаар тогтоож, зохих үнэ төлбөрийг авч, албан шууданд ялгах тэмдэг хэрэглэдэг байжээ. Энэ тэмдэг нь одоогийн шуудангийн марк, тэмдэгтүүдийн эхлэл байж. Анхны шуудангийн марк гаргах тухай 1923 оны 11-р сарын 15-нд хуралдсан Ардын засгийн гишүүдийн хурлаар хэлэлцэж Нацагдорж,Мөнхбат нар угалзтай анхны монгол маркийг хэвлүүлэхээр болж, 1924 оноос монголчуудын эрт дээр цагаас дийлдэшгүй бат бэхийн бэлгэдэл болгон дээдлэн шүтэж, эрхэмлэж ирсэн “Элдэв-Очир” хэмээх дүрс зургийг анхны маркан дээр залж, тухайн үед үндэсний мөнгөн тэмдэгт хараахан гараагүй байсан тул америк мөнгөний нэгжээр үнэлсэн ажээ. Харин 1926 онд ил захидлын хуудас анх худалдаанд гарчээ.

Эдүгээгээс 2200 жилийн тэртээ талын нүүдэлчид харилцаа холбооны шалгарсан хэлбэрийг эрэлхийлж, 800 гаад жилийн өмнө Их Монгол Улс хүчирхэгжин мандах үедээ мэдээллийн хурд, үнэ цэнийг ухаарч байсан нь гайхамшигтай. Чингис хааныг мянганы хүнээр “Washington post” Чингис хааныг тодруулсан гол үндэслэл нь дэлхийг хавтгай болгосон өнөөгийн интернетийн анхны санааг олсон хэмээн өргөмжилсөн явдал байлаа…

Хэдэн мянганаар тооцогдох түүхийн нугачаанд хөгжин цэцэглэж, холыг ойртуулж, хоёрыг учруулж ирсэн Монголын шинэ цагийн шууданчид 97 жилийнхээ ой тэмдэглэж буй бол албан ёсоор анхны маркаа гаргаад 90 гаруй жилийг үлджээ.

Related Articles

Back to top button
Close