Ярилцлага

О.Нямдаваа: Агреманы хариу иртэл Элчин сайдын нэрийг нууцлах хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин “Элчин сайд ярьж байна” буландаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор, профессор О.Нямдавааг урилаа.
-Сүүлийн үед Монголыг төлөөлж буй зарим Элчин сайд базаахгүй асуудалд холбогдож дипломат алба, цаашлаад улс орны нэр хүнд хөндөгдөж байна. Элчин сайдын  албыг олон жил хашсан мэргэжлийн дипломатч хүний хувьд энэ бүхнийг юү гэж харж байна вэ? 
-Монгол Улсын Элчин сайд гэдэг хүн бол Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, яамд, Монголын гурван сая хүнийг төлөөлдөг. Бүр тодорхой хэлбэл, гурван сая иргэнийг төлөөлж байгаа хүний хэлж байгаа үг, үйлдэл Дорж, Дондогийнх биш. Монгол Улсын Засгийн газраас тухайн улс орны Засгийн газарт илэрхийлж байгаа албан ёсны байр суурь, хүсэлт болж хувирдаг.
Элчин сайдын үг, үйлдэл бүр маш чухал, хариуцлагатай байх учиртай. Тиймээс мэргэжлийн хүмүүсийг Элчин сайдаар явуулах нь илүү ач холбогдолтой. Мэргэжлийн сургуулийг нь дүүргэж, харьяа яаманд нь олон жил ажилласан хүмүүст хэлэлцээ явуулах урлаг  заадаг. Бусад улс орны хүмүүстэй хэлэлцээ хийхэд хэрхэн ярих талаар заадаг. Тухайлбал, хэлэлцээ хийх хүн юунд дуртай, ямар үед уурладаг зэргээр хүнээ заавал судалсан байх ёстой. Мөн уулзалтын аль үед ямар асуудал тавих вэ гэсэн дэс дарааллаа мэддэг байхаас эхлээд тухайн агшинд хүсэлтээ тавьж, хэрэгжүүлэх зэргээр хэлэлцээний урлагийг нарийн эзэмшсэн байх ёстой. Бас нэг зайлшгүй эзэмшсэн байх зүйл бол тухайн улсынхаа гадаад, дотоод бодлогыг судлахаас гадна соёл, зан заншил, хэлийг мэддэг байх юм. Ингэж байж Элчин сайд Монгол Улсын бодлогыг хэрэгжүүлж чадна. Яахав сүүлийн үед харж байхад мундаг сайн, бас тааруухан Элчин сайдууд ч байна. Элчин сайд нэг зүйлийг ойлгох ёстой. Дорж, Дондог биш Монгол Улсын Элчин сайд гэж ярих учраас биеэ зөв авч явах нь чухал. Саяхан  зурагтаар харж байхад манай нэг Элчин сайд Ерөнхийлөгчийн уулзалтад оролцохдоо үсээ самнаагүй, нүүрээ янзлаагүй, зузаан ноосон цамц өмчихсөн харагдана лээ. Ийм байдалтай Ерөнхийлөгчийн дэргэд сууж байгаа нь мэргэжлийн бус, эвгүй харагдаж байсан. Уг нь Гадаад хэргийн яаманд бэлтгэгдсэн жинхэнэ дипломатууд ямар ч үед таагүй  байдал гаргахгүй. Ганцхан минутад биеэ цэгцлээд уулзалтад ордог мэргэжлийн хүмүүс байдаг. Төрийн ёслолын албанаас алхаа, гишгээ биеэ авч явах байдал гээд бүх зүйлийг хэлж өгдөг. Гадаад хэргийн яаманд гэсэн ч ёслолын алба, хэлтэс бий. Нэгэнт төрийн өндөр дээд алба хашихаар болсон бол зан заншил, ёс журмыг дагах үүрэгтэй. Энэ бүхнийг  Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байхдаа нэг бүрчлэн хэлж өгдөг байсан. Зарим нь ч сайхан хүлээж авна. “За” гээд мартчихдаг хүмүүс ч байдаг. Биеэ яаж авч явах, хувцсаа хэрхэн өмсөх, зоог барихыг нарийвчлан сурах ёстой. Ядаж л зочноо аль талдаа суулгах, Ерөнхийлөгчийн айлчлалын үед хаана нь суух ёстой гээд нарийн дэг журамтай. Элчин сайд хүн дэлхийн хэмжээнд тогтсон дэг журмыг мэдэж, ягштал баримталж байх ёстой.
-Элчин сайдын суудлыг улстөрчдийн гавьяаны амралтад гарсны шагнал, албан тушаалын “бялуу” зэргээр шүүмжилж, баалдаг. Мэргэжлийн бус  хүний тохиромжгүй үйлдэл хоёр улсын харилцаанд сэв суулгах вий гэх болгоомжлол ч байна?
-Элчин сайд хүн Монголын төр, Засгийн газрыг төлөөлж байгаа учраас амнаас нь гарч байгаа үг болгон хариуцлага хүлээх хэмжээний үнэ цэнэтэй. Түүнээс гадна ямар үг сонгож хэлэх вэ гэдгээ сайтар бодох хэрэгтэй. Тухайлбал, англи үг болгон олон янзын утгатай байдаг учраас хатуу, зөөлөн үг хэрэглэх үү гэдгээ хүртэл нарийн бодож төлөвлөж сонгох учиртай. Хэтэрхий хатуу үг сонговол улс орныхоо байр суурийг буруу ойлгуулна. Зөөлөн үг сонговол санаагаа оновчтой илэрхийлж чадахгүйд хүрэх учраас цэгцтэй, нягт илэрхийлэх нь чухал.
Мэргэжлийн байхаас гадна дэлхийн хэмжээнд орчуулагчтай Элчин сайд гэсэн ойлголт хаана ч байхгүй. Хойд Солонгос хүртэл шууд ярьдаг болчихсон. Хэл, ёс заншил, дипломат ёс мэдэхгүй мэргэжлийн бус хүнийг Элчин сайдаар томилох зохимжгүй. Хариуцлагатай ажлыг хариуцлага дааж чадах хүнээр хийлгэх ёстой. Танил тал, нам харж томилох асуудал Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зарчимд нийцэхгүй.
-Томилогдсоныхоо дараа итгэмжлэх жуух бичгээ хүлээх, өргөн барилгүй буцах тохиолдол гарч байна. Итгэмжлэх жуух бичгийг хэр хугацаанд өргөн барих, ямар утга учиртай бичиг вэ?
-Манайд тогтсон буруу жишиг байна. Элчин сайдаар томилж явуулахаас өмнө “Доржийг Англид суух Элчин сайдаар томилох гэж байна” гэж Гадаад харилцааны яамнаас нэрийг нь дэвшүүлээд Засгийн газар, Байнгын хороо, чуулганы хуралдаанаар оруулж батлуулдаг. Энэ тогтолцоо буруу.
Зөвхөн Элчин сайдад асуудаг агреман гэж бий. Тодруулбал, энэ хүнийг Элчин сайдаар танай улсад томилох гэж байгаа учраас агреманы хариуг өгнө үү гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн улс хүнийг нь хүлээж авахгүй гэвэл агреманы хариу өгөхгүй байж болно. Агреманы хариуг нэг сарын дотор өгөхгүй бол хүлээж авахгүй, дургүйцэж байна гэсэн үг. Манай улсад хариуг нь шаардах эрх байхгүй. Дэлхийн хэмжээнд тогтсон ийм жишиг бий.
Гэтэл манай улс агреманы хариу  авахгүйгээр дотоод хууль журмаараа оруулж бүх хүнд нэрийг нь ил болгодог.  Агреманы хариу ирэхгүй нөхцөлд Элчин сайдад нэр дэвшиж, томилогдсон хүн эвгүй байдалд орж, нэр хүнд унах эрсдэлтэй. Байнгын хороо, чуулганы хуралдаанаар Элчин сайдаар томилох гэж байгаа хүнийхээ хамаг булхайг дэлгэчихээр цаад улс нь хүлээж авахгүй байх магадлалтай. Эсвэл хаалттай хуралдаанаар хэлэлцэх хэрэгтэй.
Тиймээс хууль дүрэмдээ өөрчлөлт оруулж Элчин сайдуудыг Их хурлаар томилдгийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа, агреманы хариуг авсныхаа дараа Элчин сайдын нэрийг ил болгох хэрэгтэй. Хариуг нь ирэх хүртэл нэр нь нууц байж, хариуг нь авсны дараа хууль журмын хүрээнд шийдвэрлэдэг байвал зүгээр. Тэгэхгүйгээр шууд тулгах нь олон улсын хэм хэмжээнд зохицохгүй. Дэлхий дахины бодлого явуулдаг том улсын хувьд бол өөр л байх. Манайх шиг цөөхөн хүн амтай улсын хувьд энэ процедур нийцтэй бус. Үүнийг яваандаа өөрчлөх байх.
Агреманы хариун дээр үндэслээд Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичгийг Элчин сайдад гардуулдаг. Тодруулбал, энэ хүний хэлсэн үгийг Монгол Улсын төр, засгийн албан ёсны байр суурь гэж ойлгож хүлээж авна уу. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ үү гэсэн  жуух бичгийг өгч явуулдаг. Тухайн улс орны ёс заншил, хууль дүрмийн дагуу Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, албан ёсоор үйл ажиллагаандаа ордог.
-Элчин сайдын нэр Ерөнхийлөгч дээр гацдаг тохиолдол бий. Хувийн эрх ашиг байна гэж хардах нь бий?
-Элчин сайдтай холбоотой асуудлыг төрийн гурван өндөрлөгт тавьдаг үндсэн байгууллага нь Гадаад хэргийн яам. Яамнаас санал оруулахдаа эхлээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад аман байдлаар танилцуулна. Бүгд л өөр өөр хүний нэр хэлэх аюултай. Гадаад хэргийн сайд гурвуулантай нь зөвшилцөх ёстой. Гэхдээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэн тэргүүнд Монгол Улсын үндэсний эрх ашгийг  бодох учиртай. Хоёр орны харилцааг хэн хөгжүүлж чадах вэ гэдгийг бодож, судлах ёстой юм. Түүнээс нам, хувийн эрх ашиг эсвэл хэн нэгний захиас даалгаврын хүрээнд  байх нь зохимжгүй. Улс орнуудын онцлогийг дээд төвшинд мэдэрч чаддаг хүмүүсээ явуулбал Монголын үндэсний эрх ашиг хожиж, тэр хэрээр ажил эрчимтэй явна.
Манайд нэг буруу зуршил байгаа нь бие бие рүүгээ утасдаж дэмжлэг хүсдэг, мөнгө өгдөг, бүлэг фракц хардаг байдал. Энэ бол Монголд тогтсон буруу систем. Сүүлийн үед ийм буруу соёл  их дэлгэрч гинжин урвалтай болж байна. Захисан хүнийг нь дэмжихгүй бол юм бодож санадаг, гомддог. Монгол төрийн бодлогод ийм зүйл байх ёсгүй. Утасдуулж байгаа хүн нь ч ичих хэрэгтэй. Нийгэмд бий болсон энэ гаж үзэгдлийг арилгаж зогсоох хэрэгтэй. Чаддаг нь л ажлаа  хийдэг байх нь шударга шүү дээ.
-Зарим улс оронд дараагийн Элчин сайдаа томилж чадахгүй жил тойрлоо. Солонгос улсад  гэхэд одоо хүртэл Элчин сайдаа явуулж чадаагүй байна. Хоёр орны харилцааны төвшнөөс шалтгаалж дараагийн Элчин  сайдыг шуурхай томилох ёстой гэсэн дипломат ёс жаяг байдаг уу?
-Олон улсын хэмжээнд тогтсон зан заншил, хэм хэмжээ бий. Зарим үед хуучин Элчин сайд нь ажлаа өгөхөөсөө өмнө дараагийн сайдынхаа агреманыг гардуулж өгдөг. Ер нь бол үйл ажиллагаа  тасралтгүй явагдаж байх ёстой.
Харилцаа холбоо өргөн хөгжсөн улс оронд  Элчин сайдыг тасралтгүй байлгах нь манай улсын үндэсний эрх ашигт хэрэгтэй. Элчин сайдын яамны хоёр дахь хүн буюу түр хамаарагчаас мөн шалтгаална. Тухайлбал, Солонгост томилох гэж байгаа Элчин сайд ямар хүн гэдгийг хурлын шат дамжлагаар оруулаад сайн, муу бүх мэдээллийг нь ил болгож байна. Парламентаар шүүмжилж сайн, мууг нь ярьчихаад агреман асууж болохгүйг харуулж байна. Ер нь Элчин сайдын асуудлыг парламентаар хэлэлцэнэ гэдэг бол манайх шиг жижиг улс оронд дэмий юм шиг санагддаг. Ерөнхийлөгчтэй зөвлөлдөж, Засгийн газар, Байнгын хорооны хурлаар оруулахад л хангалттай.
-Аудитын байгууллагаас дипломат төлөөлөгчдийн газ­руу­дад шалгалт хийж багагүй зөрчил илрүүлсэн байна лээ. Дийлэнх нь санхүүгийн баримттай холбоотой  байсан. Ер нь дипломат байгууллагын төсөв мөнгө хэр хангалттай байдаг вэ?
-Элчин сайдын яамдын төсөв маш хэцүү. Их бага. Төсөвт тохируулж ажиллаж, амьдрах хүндрэлтэй. Зарим үед хүрэлцэхгүйгээс эхлээд зовлон их. Элчин сайдын яамны хэн нэгэн өвдлөө, яаралтай хагалгаанд орлоо гэхэд мөнгөгүй гацна. Төсөвт  цалин, шатахуун, ганц нэг удаагийн хүлээн авалтын зардал л багтдаг. Өөрөөр хязгаарлагдмал. Ажил бүтээе гээд нэг хүнийг аятайхан хоолонд уръя гэхээр боломж хомс. Өвчин зовлон тохиолдсон хүнд мөнгө өгчихөөр цалингаа тавьж чадахгүй. Цалингаа тавьчихаар илүүчилсэнгүй гэж шүүмжилнэ. Янз бүрийн шалтгаанаар Монголоос очсон хүмүүс тусламж гуйна. Монгол Улсын иргэн учраас асуудлыг нь шийдвэрлэхээс өөр аргагүй.
Түүнээс Элчин сайдын яамдад идэж уугаад байх мөнгө байхгүй дээ. Дипломатуудын цалинг яамнаас тогтоодог. Техникийн хэдэн ажилтны цалин их бага. Энэ системд ажиллаж байсны хувьд жаргал, зовлонг нь мэднэ. Харин сүүлийн үед ажилтнуудын цалинг нэмсэн гэж дуулдсан нь сайшаалтай.
-Элчин сайд тухайн улс оронд амьдарч байгаа бүх иргэнд  хүрч үйлчлэх үүрэгтэй   байх. Монголчуудад хамаатай шийдвэрийг цаг тухайд нь мэдээлэхээс эхлээд хэрэгцээтэй бичиг цаас гээд хүнд суртал багагүй яригддаг юм билээ?
-Элчин сайдын яамд хүн цөөтэй. Сайндаа л 2-3 хүн ажилладаг. Тэдний хамгийн гол үүрэг зорилго нь хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайн орны талаарх судалгааг хийж Монголд ашигтай хөрөнгө оруулалтыг эрэлхийлж, өөр шинэ зүйлийг судлах юм. Энэ гол зангилаа ажлаа хийхийн хажуугаар тухайн оронд амьдарч байгаа Монгол иргэдтэй харилцах ажил их чухал.
Монголчууд Элчин сайдын яамандаа очиж бүртгүүлээд харилцаа холбоо тогтоох хэрэгтэй. Түүнээс хүн болгонд хүрч үйлчлэх орон тоо, чадалгүй жижиг Элчин сайдын яамд бий. Гэхдээ монголчуудынхаа талаарх сайн, муу бүх мэдээллийг Элчин сайдын яам мэдэж, мэдэрч туслах үүрэгтэй. Хүний нутагт иргэнээ түлхэх эрхгүй. Ямар нэг байдлаар туслах хэрэгтэй. Мөн Үндэсний баяр ёслолын өдрөөр сайхан уулзалт хийдэг уламжлал бий. Хувь хүний туршлага, мэдрэмж хандлагаас л шалтгаална даа. Үүний зэрэгцээ Монголын соёл, зан заншил, түүхийг авч явах ёстой.
С.Уянга
Tags

Related Articles

Back to top button
Close