Ярилцлага

Б.Баатарсүх: Эцэг эхчүүдийн анхаарал халамж суларснаас хатгаа хүндэрч байна

Сүүлийн өдрүүдэд амьсгалын замын цочмог халдвар буюу томуу эрс нэмэгдэж байна. Тэр дундаа бага насны хүүхдүүд олноор өвчилж, нийслэлийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа юм. Тиймээс томуу, томуу төст өвчний дэгдэлт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүхээс дараах мэдээллийг тодруулав.

-Он гарсаар томуу, томуу төст өвчний тохиолдол буурахгүй байна. Өмнөх жилийнхтэй харьцуулбал ямар байна вэ?

– Улирлын томуугийн өвчлөл 12, 1 дүгээр сард эрс нэмэгддэг. Нэгдүгээр сард өвчний оргил үе нь тохиодог. Үүсгэгчийн хувьд олон төрөл. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр томуугийн А хүрээний Н1И1, Н3И2 гэсэн вирус тархсан. Н1И1 вирус нь маш богино хугацаанд олон хүнд халдварлах эрсдэлтэй. Энэ томуугаар бага насны хүүхэд өвдөж, хүндрэх аюултай байна. Ялангуяа нэг хүртэлх насны хүүхдүүд нэлээн хүндэрч байна. Энэ жил хэдийгээр үзлэгийн хувь, хэмжээ бага байгаа ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо их байна. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэгсдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 50-60 тохиолдлоор олон байгаа.

-Энэ томуугийн вирусын гол хүндрэл юу юугаар илэрч байна вэ?

-Хүүхдүүд өндөр халуурч, богино хугацаанд хатгалгаа тусаж байна. Гэхдээ үүнд эцэг эхийн арчилгаа сувилгаа дутагдсанаас хүндэрсэн тохиолдол цөөнгүй байна. Ес хүртэлх насны хүүхдүүд зонхилон хатгалгаагаар өвдөж байна.

-Дэгдээд буй вирусээр өвчилсөн тохиолдолд ямар эмчилгээ шаардлагатай вэ?

-Томуугийн өвчлөлийн үе, амьсгалын замын хурц үрэвслийн үед эмчлэх ЭХЭМҮТ-өөс боловсруулсан нэгдсэн удирдамж бий. Энэ аргачлал зааврын дагуу хүүхдийг оношлон эмчилж байна.

-Эмнэлгүүдийн ачаалал үнэхээр их байна. Одоогийн байдлаар эмнэлгүүдэд хүүхдийн орыг нэмэх нөөц бололцоо хэр байна вэ?

-Нийслэлийн эмнэлгүүд нийт 970 хүүхдийн ортой. Өнөөдрийн байдлаар, нэгдсэн эмнэлгүүдийн орны ачаалал нэмэгдсэн. Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд нийт 850 ор нэмэхээр ажиллаж байна. Эмнэлгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан 340 ор дэлгээд байна. Мөн насанд хүрэгчдийн орыг хүүхдийн тасаг руу шилжүүлж байгаа. Өнөөгийн байдлаар, 480 орыг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлсэн. Цаана нь тодорхой хэмжээний нөөц бий. Хэрэв өвчлөл нэмэгдвэл дараагийн арга хэмжээг  авна.

-Эм тарианы хангамж хэр байгаа вэ?

-Вирусын эсрэг эмийн 2-3 сарын нөөц бий. Тамифлю эмийн нөөцийг ЭМЯ-наас эхний ээлжинд 1200 хүн тун, дараа нь 600 хүн тунг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилсан. Тухайн эмийг эрсдэлтэй хүмүүст өгч байгаа. Эрүүл мэндийн төвүүдэд эм тариа дутагдсан зүйлгүй.

-Хатгаа туссан хүүхэд 5-10 хоноод эмнэлгээс гардаг ч, эргээд хүндрээд ирж байна. Үүний шалтгаан нь юу вэ, бүрэн эмчилж чадахгүй байна уу?

-Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эмнэлгүүд өндөр халуурсан, хатгаа нь хүндэрсэн тохиолдолд хурц үеийг нь дарж намжаадаг. Түүний дараагийн шатанд эцэг эхчүүд гэр орондоо хүүхдээ асарч, өрхийн эмчийн хяналтад оруулах ёстой. Гэтэл эцэг эхчүүд хурц үе нь намдахаар анхаарлаа сулруулчихдаг. Эмнэлгээс гаргаад 5-7 хоног сайн асарч, амин дэмээр баялаг хоол ундаар тордох хэрэгтэй байдаг. Анхаарал халамж суларснаас л эргээд өөр халдвар авах, хатгаа хүндрэх тохиолдол гарч байна. Мөн томуу баяр ёслолын үеэр голдуу ихэсч байгаа нь ажиглагддаг. Эцэг эхчүүд хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явснаас халдвар тархдаг. Удахгүй цагаан сарын баяр эхэлнэ. Шинэ жилийн баярын үеэр томуугийн дэгдэлт ихэсч, одоо буурлаа ч, цагаан сарын үеэр дахин дэгдэх магадлалтай. Тиймээс урьдчилан сэргийлэх үүднээс олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, амны хаалт заавал хэрэглэх, амин дэмээр баяжуулсан хоол хүнс хэрэглэх, гэрээ агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийхэд анхаарах хэрэгтэй байна.

Tags

Related Articles

Back to top button
Close