НийгэмОнцлох мэдээ

Зам ашигласны төлбөрийг нэмэх эсэхийг судалж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар  “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох” талаар хэлэлцээд авто зам ашигласны төлбөрийг нэмэх боломжтой эсэхийг судлахаар боллоо.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж буй тул автомашины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрийг өөрчлөх нь зөв гэж Тэргүүлэгчид үзэж байв. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү төлбөрийн хэмжээг нэмэх боломжтой гэсэн юм. “Орон нутгаас нийслэл рүү зорчигч тээвэрлэж буй бага, дунд, том оврын автобус шалган нэвтрүүлэх товчоонд хураамж төлдөггүй. Орон нутгаас нийслэлд ирж буй хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлж, төлбөр хураамжийг давхардуулахгүй байхаар зохицуулсан. Гэвч үр дүн гарахгүй байгаа тул болиулах хэрэгтэй” гэж олонх Тэргүүлэгч санал нэгдэж байв. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх талаар судалгаа хийж, танилцуулах үүрэг өгөв.

Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн 21 дүгээр заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн билээ. Өдгөө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй. Харин орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү орохдоо 1000-5000 төгрөг төлж эхэлсэн юм.

Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулсан тул төлбөр авах замын чиглэл, хувь хэмжээг орон нутгийн Засаг дарга бус, ИТХ-аас тогтоож байхаар болсон. Тиймээс 2015 онд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлж өөрчлөх шаардлага гарчээ. Холбогдох албаныхан төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээгээр НИТХ-аар хэлэлцүүлэн батлахаар Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тэргүүлэгчид уг асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжсэн юм. Ингэхдээ төлбөрийн хэмжээг өөрчлөх шаардлагатай байгааг хэлж байв.

Tags

Related Articles

Back to top button
Close