Зул өргөх ёсон

Зулыг өргөх, зулын гол ороох, зул цутгах зэрэгт та гараа ариутгасан байхаас гадна зулаа бэлтгэж байхдаа амьсгалаа оруулахгүй байх үүднээс амны хаалт зүүж болох ба бусад хэрэглэгдэх зүйлсэд ч аль болох хир халдаалгүй, цэвэр гүйцэтгэх ёстой. Зулын галд өөрийн болон өрөөлийн амьсгааг ойртуулахыг хатуу цээрлэж, нэгэнт бадраасан зулыг байрнаас нь хөдөлгөх, жаргахаас нь өмнө үлээн унтрааж огт болохгүй. Дээрх зүйлийн аль нэгийг нь үйлдвээс зул өргөж буян үйлдэгч танд буян эс хурах ба зул нь дэнгийн гэрэл төдий болж хувирна.
Зул өргөхөд ашиглагдах тосны өнгө, үнэр, амт зэрэг нь чанартай хайлсан тос буюу шар тос байх хийгээд цөгц нь алт, мөнгө, зэс, гууль зэрэг эрдэнийн зүйл байх тусам буяныг төгсгөхүйд үлэмж чухал.
Цэвэр сайхан хөвөнгөөр тухайн цөгцнийхөө амсраас 5-7 мм орчим илүү байхаар голыг ороож бэлтгэнэ. “Ум аа хум” хэмээх тарнийг сэтгэлдээ урин зулын голыг орооно. Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй учраас бүх зүйл ариун байх ёстой. Мөн голыг нь ороох үедээ Бурханы өмнө наминчлан, хүмүүстэй ярилгүй, сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж, эрхэм гурван эрдэнэд залбиран бодох хэрэгтэй.
Ороон имэрсэн голоо цөгцний голд шигтгэн тосоо цутгана. Цөгцөнд тос цутгахдаа хэт бялхааваас санваар ёс цалгардах, хэт дундуур бол эд эдлэл хомсдох гэм гарах тул тосыг цөгцний амсраас амуу тарианы хэмжээ хүртэл хийнэ.
Зулыг асаахдаа хүжиндээ гал дүрэлзүүлээд хүжнээсээ асаана. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй. Зулыг салхи цохихооргүй нам дор бус байрлалд, бурхан номын өмнө өргөвөл зохимжтой.
Зулыг бадраахдаа үнэн сүжиг бишрэлээр лам гурван эрдэнэд залбирч өргөхөөс гадна муйхарын 3000 түнэр харанхуйг зайлуулан гэгээн буяныг арвижуулж, гэмт нүглийг нимгэрүүлэхийн сацуу бурхан шүтээн бүгдийг баясгаж, улмаар хүний сэтгэл зүрхийг ариусгах болтугай хэмээн чин сүжгийг ургуулан бодох учиртай. Мөн олон бурхадад залбирахын зэрэгцээ эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд хэмээн сэтгэн өргөвөл буян тань мянга, түм болж арвидан ирэх болно.
ЗУЛ ӨРГӨХДӨӨ УНШИХ ТАРНИ: “Ум бана варэ суухаа”

Эх сурвалж: Мамба дацан хийд

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*