Утаа ба шахмал түлш…

Нийслэлийн нэгэн гэр хороололд С.Болдынх амьдардаг. Утааны гол буруутан болдог гэр хорооллын оршин суугч учраас тэрбээр гэртээ халаалт тавьсан аж. Гэрийн эзэн С.Болд “Г эртээ цахилгаанаар бас гал түлдэг халаалт тавьсан. Хэдийгээр төрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэж, цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлсөн гэсэн ч бодит амьдрал дээр тогны төлбөр өндөр гардаг. Мөн нүүрсээ түлсэн хэвээр байгаа” гэсэн юм.
Тэр айлын сүүлийн хоёр сарын тогны төлбөр нь 197-219 мянган төгрөг гарчээ. Үүнээс хөнгөлөлт нь 74-80 мянган төгрөг болж. Үндсэндээ тог, нүүрс хослуулан хэрэглэж байгаа өрхөд энэхүү зардал нь өндөр тусч байгааг гэрийн эзэн хэлсэн юм. Хэрэв-зөвхөн нүүрс түлж байсан бол сардаа 170-185 мянган төгрөг зарцуулах аж.
Өөрөөр хэлбэл, нэг портер нүүрс 140-150 мянган төгрөг, сарын тогны хэрэглээ нь 30-35 мянган төгрөг болдог байна. Тэгэхээр халаалт тавьсан ч утаа үйлдвэрлэдэг хэвээр байх нь. Цахилгаанаар халаана гэвэл, өрхөд ногдох зардал өндөр байхын зэрэгцээ нийслэлийн цахилгаан түгээх сүлжээ хүчрэхгүй гэдгийг албаныхан ярьдаг. Тэгвэл агаарын “бохирдол… утаа…”-наас хэрхэн салах вэ. Ингэхдээ өрхөд тусах зардлыг одоогийнхоос өсгөхгүйгээр бууруулах боломж бий юү гэх асуулт хариултаа хүлээж байна.
ШАХМАЛ ТҮЛШ УТААГ БУУРУУЛНА…
Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний  хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг  эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг  багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх аж.
Ингэснээр агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоог ч мөн гаргасан байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн болоод хувьсгалын 10 гаруй компани бий. Сайжруулсан түлш үйлдвэрлэгч 11 компани нэгдэж, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”-ийг  байгуулсан.
Мөн “Тавантолгой  түлш” ХХК төрийн нэрийн өмнөөс шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Эдгээр компаниуд бүгд MNS-5679-2014 стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх учиртай. Ингэхдээ ухаа худгийн угааж баяжуулсан эмээн гэрээнд заажээ. Гэрээний хүрээнд компаниуд нэг тонн шахмал түлшийг 150 мянган төгрөгөөр борлуулахаар тохиролцжээ. Харин Засгийн газраас тонн тутамд 50 мянган ^төгрөгийн татаас өгөх юм байна.
Дөнгөж өвөл эхлэх тэр цагаас өнгөрсөн сарын эхэн хүртэл тодорхой цэг буюу Сонгинохайрхан дүүргийн хоёр хороон дээр шахмал түлшээ борлуулж байсан. Гэтэл нөөц бэлтгэх гэсэн шалтгаанаар борлуулалтаа зогсоосон нь олон хэрэглэгчийн дургүйцлийг төрүүлсэн байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Жаргалсайхан “Шахмал түлш илч сайтай, дулаанаа удаан хадгалдаг болохоор нүүрснээс хамаагүй дээр байсан. Гэтэл гэнэт л борлуулахаа больчихлоо. Хэрэв утааг бууруулна гэж байгаа бол шахмал түлшээ хавар биш одоо л борлуулах хэрэгтэй” гэж байв.
Харин энэ талаар албаныхнаас тодруулахад “Ирэх тавдугаар сард түүхий нүүрсийг нийслэлд борлуулахгүй. Тиймээс гэр хорооллын өрхүүдэд дор хаяж нэг тонн шахмал түлш нийлүүлэхийн тулд борлуулалтаа зогсоосон” гэв. Нөгөөтэйгүүр сайн юманд садаа мундахгүй гэж асалт муутай, асуудал ихтэй түлш борлуулагдах эрсдэлээс хамгаалж байгаагаа дуулгаж байлаа.
ГАР БАРИАД БУГУЙ БАРИХ УУ?
Шахмал түлш үйлдвэрлэгч “Усу коал”, “Дэрст тохой”, “Ширээтийн хурд”, “Дуулгант Өлзийт Оргил”, “Эм Си Ар Ти” зэрэг хувийн компаниудаар орж үйлдвэрлэлийн явцтай танилцсан. Хэдийгээр төрөөс хувийн хэвшлээ дэмжих учиртай гэдэг ч заримдаа алгаа тосоод суугаад байхыг хэлдэггүй гэмээр болдог үе ч байх л юм. Компаниуд гэрээ байгуулахдаа хүлээсэн үүрэгтэй. Тухайн үедээ нөхцөл байдлаа ярилцан, харилцан тохиролцсон байна.
Гэвч ажил эхлээд явц дундаа хувийн хэвшлийнхэн янз бүрийн тайлбар тавьдаг зуршил байгааг салбарын сайд нь хэлж байлаа. Санхүүжилт хэрэгтэй, тонн тутмыг нь 150 мянгаар борлуулж болно хэмээн тохиролцсоноосоо илт бултахгүй ч тойруу замаар ямар нэг тайлбар тавьдаг аж. “Усу коал” компанийн захирал Х.Халиун “Манай компани бүхий л хучин чадлаа дайчлан ажиллаж байна. Гэхдээ холын тээвэрлэлт хийж байгаа учраас тээврийн зардал хүндрэл учруулж байна” хэмээн салбарын сайддаа учирлаж байх.
Гэтэл энэ бүх асуудлыг гэрээнд тусгасан. Урьдчилгаа төлбөрөө ч өгсөн учраас ямар нэг шалтаг тоочихгүйгээр ажлаа явуулахыг Н.Цэрэнбат сайд сануулав. Түүний дараагаар Ширээтийн хурд компанийн захирал Ч.Хуягбаатар “Засгийн газартай байгуулсан гэрээгээ биелүүлэхийг бусад компаниуддаа уриалж байна” гэж ярьсан ч түүнд бас л бэрхшээл хулгарч буйг онцолсон. Шахмал түлш борлуулах цэг дээр нүүрсээ хүргэж өгөхөд нэг шуудай нүүрсний үнийг нэмж борлуулах хандлага байгааг тайлбарлав. Энэ тал дээр хариуцлага, хяналт хэрэгтэй гэсэн юм.
Нөгөөтэйгүүр стандартын бус байдлаар үйлдвэрлэсэн түлш ч байгаа аж. “Дэрст тохой” компани 25 кг-аар савласан 10,600 шуудай шахмал түлш нөөцөлжээ. Гэхдээ түүнийг нь хэрэглэгчдэд борлуулахгүй гэдгээ салбарын сайд хэлэв. Учир нь одоогийн барьж байгаа стандартын дагуу үйлдвэрлээгүй байна. Түүхий эд нь Ухаа худгаас ирээгүй байхаас гадна антракцидтай нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэжээ. Тиймээс асалт удаан байгаа учраас шахмал түлшний борлуулалт болоод төрөөс явуулж буй бодлогод харшилж буй.
Эрх мэдэлтэн, албан тушаалтан хэн байхаас үл хамааран хүн бүрийн хүсэл нь утааг бууруулах. Учир нь баян ядуугаас хамаарахгүйгээр хорт утаатай агаараар амьсгалж байгаа. Тиймээс ямар нэг арга саам, аян шалтаг хайлгүйгээр гарц, гаргалгаа олох хэрэгтэй. Магадгүй одоогийн нөхцөлд сайжруулсан шахмал түлш оновчтой шийдэл байж болох юм. Гэхдээ төрөөс баримталж байгаа бодлогынхоо хүрээнд хүн бүр хичээл зүтгэл гаргаж ажиллах учиртайсан. Бид гар бариад бугуй барих муу зуршлаасаа салах цаг болж. Тэгэхээр үйлдвэрлэгчид нь сайн түлш үйлдвэрлэж, борлуулагчид ашиг харалгүй борлуулбал эцсийн хэрэглэгч нь илч сайтай утаа багатай түлшээ л хэрэглэх биз ээ.
Д.Оюунчимэг

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*