Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлиг гаргав

Монгол Улсын Хаан наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн түүхт ой энэ онд тохиож буй юм. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байна. Зарлигийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад гардуулан өгөх ёслолын ажиллагаа өнөөдөр Богд хааны ордон музейд боллоо.

Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МУ-ын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг тэргүүлэн удирдсан, манлайлан оролцсон, амь биеийг үл хайрлан зүтгэсэн баатарлаг эх орончид, төр нийгэм, шашны зүтгэлтнүүд, хүнд цаг үед зориг, ухаан, тэсвэр, хатуужил, эв санааны хүчийг үзүүлэн нэгдэж, тууштай тэмцсэн эгэл ард иргэдийн түүхэн гавьяаг мөнхжүүлж, хойч үеэ үндэсний бахархалт үзэл санаанд хөтлөн тусгаар тогтнолын үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулж, хайрлан хамгаалах ухамсрыг цэгцлэн төлөвшүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй хэмээн үзэж наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны ордон музейн орчимд байгуулах, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хутагтын дурсгалд зориулсан кино бүтээх, амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхтгэл бүтээх зэрэг чиглэлийг Засгийн газар, БСШУСЯ, НЗДТГ, Архивын ерөнхий газар, Монголын Үндэсний номын сан зэрэг холбогдох байгууллагуудад өглөө.

Зарлигийг:

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
  4. Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,
  5. Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар,
  6. Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,
  7. Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо,
  8. Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нат гардуулж өгөв гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*