Хадаг ба хадагны бэлгэдэл

Хадаг анх Энэтхэгт үүсч, Хятад, Түвдээр дамжин Монголд нэвтэрсэн бололтой. Монголчууд хадгийг эртнээс эдийн дээд эрхэм зүйл хэмээн хүндэлж үзсээр иржээ. Ертөнцийн гурав хэмээх хэллэгт “Идээний эх цай, эдийн эх хадаг, амьтны эх загас” хэмээдэг. Хадгийг мяндсан утсаар нэхэж хийдэг бөгөөд янз бүрийн хэмжээтэй байдаг. Хадгийн хамгийн анхных нь самбай, түүнээс дээш даш, сэрж, ходоод, вандан, баранзад, намжвандан, соном, аюуш гэх мэт олон төрөл байдаг. Хадагны хээнд түвд, манж, хятад, монгол ланз үсэг, өгүүлбэр, өсөн дэвжиж арвижихыг бэлгэдсэн зүйлс, Аюуш, Авид, арван зургаан Найдан зэрэг бурхадын хөрөг, түмэн наст хээ, хаан бугуйвч, хатан сүйх, алхан хээ, өлзий хас, долоон эрдэнэ, найман тахил, хүслийн таван эрдэнэ, гал, дүг, бойпор, ваар, цэцэг, эрвээхэй, луу, арслан, бар, хангарьд, очир, хөө хуяг, хий салхи, морь, ямаа, хонь, үхэр, уул, үүл, ус зэргийг дүрсэлсэн байдаг.

Хадгийг эцэг эхдээ золгох, унага уургалах, хурдан морь мялаах, элч зарах, мал тоолох, баярын мэнд асуух, бэлэг сэлт өгөх, албан тушаалтан ирэх буцах, шагнал урамшуулал өгөх, эмч домчид бараалхах, шавь орох, оршуулга үйлдэх зэрэгт хэрэглэдэг. Бурхантай хадгийг эцэг эхдээ, тахилтай хадгийг бусад хүндэтгэх хүнд, нанжвандан хадгийг хүн нутаглуулах, газар гуйх өргөлд өргөдөг байжээ. Хадаг тогтвол мөнгө тогтоно гэж үздэг. Хадгийг угаах, огтлох, дээгүүр нь гарах, гишгэхийг цээрлэдэг.

Монголчуудын эдийн манлай болсон аливаа баяр ёслол, элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн хүндэтгэлийн эд нь хадаг билээ. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ, мөн түүнчлэн өнгөөрөө 5 төрөлд хуваагддаг бөгөөд урт богиноороо харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг, эх, ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг оршуулгын ёслолд хэрэглэнэ.

Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлгэдэлтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадагныхаа тухай дараах үгсийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна. Цаглашгүй урт наст ариун хадаг…., Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн хадаг …..,  Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг……, Идээний дээж элгэн цагаан хадаг……, Эдийн дээж ариун цагаан хадаг….. гэх мэт үгнүүдээс сонгож хэлнэ.

Хадаг барьж золгох ёс: Хадаг барьж золгох ёс өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно.

Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгосон ч болно. Хадаг тавьж өгсөн хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаар бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй, хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Хадагтай золгох ёс: Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд хадаг барьж золгох ёсноос ялгаатай. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүр мөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёсонд хадгаа тухайн хүндээ өгдөггүй ямагт өөртөө авч үлддэг онцлогтой. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарыхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгож байх үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавилгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгож буй хүн хадагтай таньтай золгох тохиолдол байдаг. Энэ нь мөн л тухайн хүн таныг ихэд хүндэтгэж байна гэсэн үг ажээ.

Таван өнгийн хадгийг аливаа юманд хадгалах, эсвэл эвхэж тавих нь айл гэрт буян хишиг авчирдаг. Тэлгээрийг дараалуулан тавихдаа цэнхэр, шар, цагаан, улаан, ногоон гэсэн дарааллаар тавина. Түүнчлэн хадаг нь Аюуш, Даш, Сэрш, Соном, Самбай, Нанзад, Нанжвандан, Дашвандан гэх мэт нэртэй байдаг.

Цагаан хадаг: Сүү болон сэвгүй сайхан сэтгэлийг бэлэгддэг. Мөн хамгийн сайн сайхан, маш том хүндэтгэлийн бэлэгдэл. Ийм хадгийг бурхандаа өргөж, их хүндтэй хамгийн ахмад хүндээ барьдаг.

Шар хадаг: Шашны болон эрдэм номын бэлгэдэл. Тиймээс зөвхөн багшдаа барьдаг бөгөөд өөр хүнд барьдаггүй.

Цэнхэр хадаг: Тэнгэрийг бэлэгддэг бөгөөд ерөнхийдөө хүндэтгэлийн бэлэгдэл болдог учир түгээмэл хэрэглэгдэж өөр хоорондоо, ах, дүүсдээ барьж золгодог.

Улаан, ногоон хадаг: Улаан нь галыг, ногоон нь газар дэлхийг бэлэгддэг. Энэ хоёр өнгийн хадгийг хүмүүст барьж золгодоггүй. Харин бурхан шашны таван махбодийг бэлгэдсэн тусгай үйлд хэрэглэнэ.

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*