Улс төр

Ерөнхий сайд дахин татгалзах эрхгүй

Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш хоёр cap гаруй хугацаанд Улаанбаатар хот албан ёсны захирагчгүй байна. С.Батболдыг чөлөөлнө гэдэг асуудал яригдсаны дараагаас эрх баригч нам дотор хотын даргын сунгаа эхэлсэн гэхэд болно. МАН-ын удирдах зөвлөл өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд хуралдаж, одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханыг Хотын даргад дэвшүүлэн дэмжсэн байдаг. Гэвч нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон НИТХ-ын хуралдаанд НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэрээ дэвшүүлснээр олонхын санал авсан. Өөрөөр хэлбэл, Удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжээгүй бөгөөд заалнаас нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулууныг дэмжсэн юм.
Түүнийг НИТХ Хотын даргад дэмжсэн ч гэлээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлах учиртай байв.
НИТХ-аас Ерөнхий сайдад нэгдүгээр сарын 21-ний өдөр батламжлуулахаар бичгээ өгсөн ч өнгөрсөн баасан гаригт хариугаа өглөө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар ажиллахыг батламжлахаас татгалзсан албан бичгийг НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн юм. Албан бичигт “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас “Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.
Харин С.Мөнхчулууныг ямар шалтгаанаар хотын Засаг даргаар томилохоос татгалзсанаа албан бичигт дурдсангүй.
Одоо Хотын даргыг томилох процесс хуулийн хүрээнд дараах байдлаар үргэлжилнэ. Ерөнхий сайд нэр дэвшигчийг томилохоос татгалзсан хариу мэдэгдвэл 15 хоногийн дотор НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг даргыг санал хураалтаар тодруулна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хоёр дахь нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор татгалзахгүйгээр батлах заалттай юм байна. Тэгэхээр Ерөнхий сайдад дахин татгалзах эрх байхгүй учраас Хотын даргыг томилох НИТХ-ын хуралдаан нэлээд ширүүн болох бололтой.
Хоёрдугаар сарын 22-нд НИТХ хуралдахаар товложээ.
Т.Батсайхан
Tags

Related Articles

Back to top button
Close