Шар мэдээ

Далай ламын үйл хэргийг залгамжлагчаар тодорсон Жалван Гармапа ламын янаг амрагийн явдал дэлхийгээр нэг цацагдав

Түвдийн лам нарын дунд бэлгийн ёс бусын харилцааны талаар янз бүрийн яриа их сонсогддог ч энэ талаар тодорхой баримт олддоггүй байлаа. Түвд лам нарын хувийн амьдрал, тэр дундаа ор хөнжлийн ажил мэт нь эрт дээр үеэс чандын чанд нууцлагдаж ирсэн болхоор арга ч үгүй биз. Харин өнгөрсөн онд Дээрхийн гэгээн 14-р Далай лам Европоор аялан, шашныхаа сургааль номыг айлдах үеэр Нидерландын телевизийн сурвалжлагч түүнтэй зориуд уулзан өөрийн орны буддын шашинтай дөрвөн лам Түвдэд суралцаж байхдаа бэлгийн дарамтанд өртсөн тухай мэдэгдээд “ Та ер нь багш лам нарынхаа бэлгийн дарамтыг таслан зогсоож чадах уу?” хэмээн палхийтэл асууж дэлхий нийтийн анхаарлыг түвд лам нарын дотоод амьдрал руу хандуулсан юм. Энэ “эвгүй” асуултанд Далай лам барьц алдсан боловч “Ийм асуудлыг бид нээлттэй авч үзнэ” гэсхийгээд өнгөрсөн.

Гэтэл энэхүү ярилцлагын дараа тун удалгүй Түвдийн лам нарын дунд банди шуумрын гаж харьцаа гүн бат тогтсон, багш ламтандаа байнга хүчиндүүлдэг, бэлгийн хүчирхийллийн элдэв дарамт шахалтанд орсон гэх мянга шахам лам нэгдэж Далай ламд хандан бэлгийн гаж донтой лам нарыг эрүүгийн хуулийн дагуу нэн даруй шийтгэхийг хүссэн байв. Тэр бүү хэл Дарамсалад болдог Түвдийн буддистуудын чуулганаар лам нарын булгийн хүчирхийллийг юун түрүүнд хэлэлцэх асуудлынхаа нэг гол сэдэв болгохыг шаардсан байлаа. Гэвч Далай лам энэ талаар одоо болтол юу ч хийлгүй яваа бөгөөд бэлгийн гаж донтой лам нараа далдуур хамгааллаа гэсэн хатуу шүүмжлэлд өртөөд байгаа.

Түвд лам нарын бэлгийн амьдралын талаарх ийм таагүй мэдээллийг улам “чимэх” мэт саяханаас бас нэг шуугиан дэгдэжээ. Дээрхийн гэгээний шашны үйл хэргийг залгамжлагчаар тодроод таван жил болж байгаа 17-р Жалван Гармапа гэгч залуу ламын нууц янаг амрагийн явдлын дуулиан дэлхий нийтэд цацагдсан байна. Арвандолоодугаар Жалван Гармапа Үржинпрэнлэйдорж нь 10 гаруй насандаа Түвдээс оргон Хималайн уулыг давж, Энэтхэг дэх Түвдийн цагаач засгийн газар болоод Далай ламыг бараадан ирсэн цагаасаа “Далай ламын дараагийн залгамжлагч” гэгдэх болсон. Далай лам ч “Би дахиж хувилахгүй” хэмээн зарлан түүхийн үүднээс Түвдийн оюун санааны хоёр дахь удирдагч 17-р Жалван Гармапаг өөрийн шашны үйл хэргийн залгамжлагчаар тодруулсан юм. Дээрхийн гэгээний хамгийн ойрын хүн гэгдэж, шашны үйл хэргийг нь залгамжлагчаар тодорсоноосоо хойш 17-р Жалван Гармапа дэлхийн олон улс орноор аялан, бурханы шашны сургаалийг айлдан өөрийгөө таниулахыг хичээж яваа. Далай лам өөрийн гараар сургаж хүмүүжүүлсэн гэх түүнийг хүндлэн шүтэх хүн ч өдрөөс өдөрт олширч байгаа. Гэтэл лам залуу маань сахиул санваараа ном ёсоор нь сахиж чаддаггүй, садар самуун явдалд толгойгоо мэдүүлсэн болохыг ил задгай харуулсан дүрс бичлэг, зургууд өөрийнх нь цахим хуудаснаас алдагдаж дэлхийгээр нэг таржээ.

Жалван Гармапа нь Тайвань гаралтай залуухан бүсгүйтэй таван жилийн өмнөөс янаг амрагийн харьцаа тогтоосон нь тодорхой болсон байна. Энэ мэдээлэл Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд их л хүндээр туссан бололтой. Хүчингийн хэрэгт холбогдсон лам нараа журамлаж чадаагүй байтал өөрийнхөө залгамжлагчаар тодруулсан Жалван Гармапагийнх нь садар самуун явдал дэвэн дэлхийгээр нэг цацагдсанд хямран бачуурч цагаан сараа ч олигтой тэмдэглэж чадаагүй аж.

Далай ламын талынхан эхлээд Жалван Гармапагийн садар самуун явдлын талаарх мэдээлэл худал цуурхал, гүтгэлэг хэмээн мэлзсэн боловч залуу ламтны амраг бүсгүй хоорондоо бичилцсэн мэссэж, дуу хоолойн бичлэг, шалдан нүцгэн хамт байгаа зураг хөргөө дэлгэж яалт ч үгүй байдалд оруулсан байна. Жалван Гармапагийн садар самун явдал баримтаар нотлогдож буй тул Далай ламын залгамжлагчийн байр сууринаас хасагдаж магадгүй юм. Хэрвээ тэгвэл Далай ламын залгамжлагч хэн болох вэ гэдэг асуулт Түвдүүдийн дунд хүчтэй яригдаж эхэлжээ. Энэ үеэр БНХАУ-ын  Түвдийн бурхны шашныг толгойлж буй Банчин богдын нэр их л чанга сонсогдож байгаа аж. Банчин богд нь сахил санваараа ном ёсоор нь сахидаг төдийгүй нэр хүнд нь Ази дахь бурханы шашинтнуудын дунд өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа нь Түвдүүдэд ч нөлөөлж байгаа бололтой.

Tags

Related Articles

Back to top button
Close