Ярилцлага

“Би ахлагч цолтой, урлаг, цэргийн мэргэжлийг давхар эзэмшдэг”

15 настай ансамблийн бүжигчин
Энэ удаагийн “Залуус” булангийн зочноор ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, ахлах ахлагч Х.Юүлэхоролыг урьсан юм. Тэрээр “Намайг  урлагийн замд хөтөлсөн хүн бол тэр үед цэргийн ансамблийн бүжигчин байсан Соёлын тэргүүний ажилтан н.Оюунбилэг багш. Хоёрдугаар ангид байхдаа багшаараа бүжиг заалгаж, олон тэмцээн уралдаанд оролцож байлаа. Багадаа үеийнхээ хүүхдүүдээс том биетэй байсан. Нэг удаа багш нарын баярт зориулсан РЦНК-гийн тоглолтод сургуулиа төлөөлж анх оролцож байсан. Намайг  очиход ансамблийн бүжигчид ирчихсэн “Адуучин чуулбар” бүжгийн бэлтгэлээ хийж байлаа. Тэр үед би IX ангийн хүүхэд байсан болохоор биеэ халаана, нүүрээ будна гэж мэддэггүй, уруулаа будаад л гарчихдаг байлаа. Тэнд байгаа бүжигчид энд тэнд биеэ халаагаад үзүүлбэртээ гарч байна.
Тэгээд хоёр үзүүлбэрийн дараа миний гарах ээлж боллоо. Миний үзүүлбэрийн дараа ансамблийн хоёр дахь номер нь гарах гээд намайг  харж байсан юм байна лээ. Маргааш  нь хичээлдээ сууж байсан чинь хичээлийн эрхлэгч дуудаад “За хүү минь Цэргийн  дуу, бүжгийн эрдмийн чуулгаас чамайг гэрээт бүжигчнээр авъя гэнэ” гэв. Тэр үед эмэгтэй бүжигчин ховор байсан юм байна лээ. Тэгээд юугаа ч мэдэхгүй охин сурагч хувцастайгаа ансамбль дээр очиход Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх  даргатай  уулзахад “Дөнгөж 15 нас хүрч байгаа юм байна шүү дээ болох юм уу” гэхэд Ганчимэг багш маань ганц хоёр бүжгэнд сайн бэлдээд оруулж болох байхаа гэж хэлж байсан нь одоо хүртэл тод санагддаг. Ер нь сонирхол минь намайг цэргийн бүжигчин болох хувь заяанд хөтөлсөн юм болов уу” хэмээн ЦДБЭЧ-тай хэрхэн холбогдсон талаараа ярьсан юм. Мөн Ази номхон далайн бүс нутгуудын уралдаанаас анх удаа Гранпри шагналыг Монголдоо авчирсан бөгөөд Монгол, Солонгост зохиосон тэмцээнээс тэргүүн, дэд байр болон тусгай шагналуудыг хүртсэн байна.
Цэргийн хүмүүс бие биеэ цолны эрэмбээр хүндэтгэж харьцдаг
Х.Юүлэхорол энэ том айлын  гишүүн болоод 13  жил болж байгаа аж.  Анх анагаахад орно хэмээн химийн сонгонд явдаг байсан ч ансамбльд орсноосоо хойш  хичээлээ бага зэрэг орхиж,  бүжигт илүү сонирхолтой болжээ. Мөн ансамблиас дуудахыг нь хүлээж, утас дуугарахад нь бөөн баяр цүнхээ шүүрээд гардаг болсон байна. Хүний сонирхол, хүсэл мөрөөдөл, хувь тавилан гэж байдаг юм байна. Тэрээр цэргийн бүжигчин болсондоо хэзээ ч харамсаж байгаагүй. Харин ч бүжигчин гэх нэрийнх нь өмнөх энэ алдартаа хайртай. Учир нь бүх улс өөрийгөө хамгаалах Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчинтэй байдаг. Би ахлагч цолтой,  урлаг, цэргийн мэргэжлийг давхар эзэмшдэг. Цэргийн ахлагчийн сургуульд сураад энэ цолыг авсан. Тэгэхээр бүжиглэхийн хажуугаар ахин нэг үүрэг нэмэгдэж байна гэв.
Дэлхий дээр Монгол, Хойд Солонгос, Хятад, Орос гэсэн дөрвөн улс “Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга”-тай аж. Чуулгынхан зөвхөн цэргийн бүжиг бүжиглэдэггүй, улс үндэстний, ардын болон монгол бүжиг, бусад төрлийн модерн бүжгийг туурвидаг аж. Ер нь балетаас бусад төрлийн бүжгийг хийнэ. Уран бүтээлчдийн 70 хувь нь залуучууд байдаг ажээ. Түүнээс цэргийн албанд ажиллаж байгаа залуусыг энгийн залуустай харьцуулахад хүнтэй харилцахдаа арай өөр байдаг талаар асуухад “Цэргийн хүмүүс бие биеэ цолны эрэмбээр хүн­дэтгэж харьц­даг. Нас чацуу ч надаас дээр цолтой бол эрхэм гэж хүндэтгэнэ. Надаас “Эрхэм ахлах ахлагч сайхан амарсан уу” гэж асуудаг. Бид энгийн хүмүүсийг бодвол шударга, түс  тас яриатай.  Аливаа асуудалд “Хэцүү юмаа” гэх эрхгүй. Бид тангараг өргөсөн хүмүүс шүү дээ гэсэн юм.
Миний ээж намайг хөтлөөд л явдаг байлаа
Х.Юүлэхорол нэг удаа тэмцээнд ороод яаж дуусгаснаа санадаггүй гэсэн. Учир нь бүжиглэж дууссаныхаа дараа хөлөө шалбарсныг мэджээ. Тухайн үед өвдөлт мэдрээгүй. Хэрэв зааланд бэлтгэл хийж байсан бол бөөн юм болох байсан. Тэгэхээр тэмцээнд ороход их төвлөрдөг юм байна. ЦДБЭЧ залуучуудаа сур хэмээн цалинтай чөлөө олгодог нь хамгийн том боломж. Тиймээс СУИС-ийн магистрантурт сурч байгаа ажээ. Мөн тэрээр энэ жил 27 настай ч цэргийн дүрмээр 38-тайдаа тэтгэвэрт гарна гэж байв. Түүний хувьд одоо ажил, сургууль, тоглолт гээд  ямар ч чөлөөт цаг байдаггүй. Тийм болохоор заримдаа албаар зав гаргаж кино үзэх, найз нартайгаа уулзаж хоолонд орох. Ганц өдөр гэртээ амрах нь хүртэл сайхан байдаг гэв.
Мөн мэргэжилдээ дуртай болохоор ямар ч саад бэрхшээлийг тоолгүй явдаг. Нөхөр хүүхэдгүй, ар гэрийн  асуудалгүй байгаа  дээрээ цаг хугацааг өөртөө зарцуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Ансамбльд ороход миний ээж намайг хөтлөөд л дагуулаад явдаг байлаа. Миний өдий зэрэгтэй яваа ээжийн минь буян. Ээж минь Хүндэт харуулын 032 дугаар ангид кино механикчаар 20 гаруй гаруй жил ажилласан. Аав маань ч гэсэн залуудаа ансамблийн тайзны ажилчнаар ажилладаг байсан гэж сүүлд л мэдсэн. Ер нь цаанаасаа хувь тавилан минь намайг аавын минь ажиллаж байсан газарт ажиллах боломжийг олгож байгаа болов уу гэж баярладаг гэж байлаа.
Р.ОЮУН, П.АМГАЛАНБАЯР
Tags

Related Articles

Back to top button
Close