Шар мэдээ

Адууны эрэлд яваад төөрч хил давсан байлдагчийг оргож яваад амиа хорлосон хэмээн гөрдөж байгаа аж

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дахь хилийн цэргийн 311-р ангиас байлдааны 50 сумтай АКА буу агссан хилийн цэрэг морьтойгоо оргон зайлж алга болсон гэдэг мэдээлэл зэвсэгт хүчнийг тойрсон хэл амыг улам бүр дэврээсэн билээ. Тухайн үед Зүүнбаянгийн цэргийн ангид нэгэн байлдагч зодуурын улмаас амиа алдсан хэрэг гарч улс даяар шуугиан тариад байсан юм. Энэ хэрэг намжаагүй байтал хилийн цэрэг буутайгаа оргож хил давлаа гэсэн мэдээлэл гарч ард олон армийг үзэн ядах хандлагатай болсон. Үүнийг анзаарсан БХЯ-ны сайд Н.Энхболд ч “Маньд ямар ч хүртээлгүй Ц.Нямдоржид л хамаатай зүйл” гэж хурдхан шиг арьсаа хамгаалж байсан билээ. Хилийн цэрэг нь Хууль зүй дотоод хэргийн яаманд хамаардаг болохоор ингэж хэлсэн байх. Гэхдээ л бүхэл бүтэн Монгол улсын Батлан хамгаалах яамыг хариуцдаг хүнд хил хамгаалах салбарын цэргийн амь нас ч гэсэн хамаатай юм шүү дээ. Хилийн цэрэг алга болсон талаар мэдээлэл цацагдсаны дараа учир мэдэх хүмүүс “Хилийн манааны хайчинд ганцаараа явна гэж байхгүй. Тэгэхээр оргосон нь үнэн байж таарах нь” хэмээн дүгнэж байсан билээ. Харин нэг хоногийн дараа оргосон цэрэг ОХУ-ын нутаг дэвсгэр лүү хил давж ороод осгож нас барсан байдалтай олдлоо. Уг хэргийг олон улсын хэлэлцээрийн дагуу Оросын тал шалгаж байгаа гэсэн мэдээллийг ХЗДХ-ын сайд Ц.Нямдорж өгсөн юм. Тэгвэл бодитой эх сурвалжийн мэдээлсэнээр бол манай цэрэг армид бугшсан сарын ялгаа буюу нөгөө л дэг дарамтаас болоод арван есхөн настай аав ээжийн алдрай хүү харамсалтайгаар амиа алдсан бололтой. Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан В-г тухайн үед ээлжийн манааны ахлах нь “Агтны нэг морь алга болсон байна. Түүнийг даруй олж ир” хэмээн харанхуй шөнөөр хөөгөөд явуулсан юм байх. Хилийн манаанд гарч байсан цэрэг мэдээж буу зэвсэгтэй байж таарна. Тэгээд ч манай улсын хилийн тэр бүсэд малын хулгайн хэрэг их гардаг учраас талийгаач байлдагч буу зэвсэгтэйгээ алга болсон морио хайж ганцаар бэдэрч явсаар төөрч ОХУ-ын хил даван ороод амиа алджээ. Түүнийг Оросын хилчдэд бүслэгдсэн үедээ амиа егүүтгэсэн гэдэг мэдээлэл тараад байгаа. Санаатайгаар хил даваагүй, санаандгүй төөрч очсон цэрэг юу боллоо гэж амиа хорлох билээ. Түүнээс гадна зэвсэг хэрэглэх шаардлага ч байхгүй. Тиймээс түүнийг Оросын хилийн цэргүүд буудаж хороочихоод өөрийгөө буудсан болгохоор мэлзэж, тэрийг нь манай хилийн цэргийнхэн дэвэргэж байгаа хэмээн талийгаачийн ар гэрийнхэн үзэж байгаа юмсанж. Оросын нутагт болсон уг хэргийг Оросын тал шалгаж байгаа болохоор өөрийн цэргүүдэд ямар ч хал балгүй монгол цэрэг өөрийгөө хөнөөсөн гэдэг дүгнэлт гаргаж ирэх байх. Энэ хэргийг лавшруулан шалгавал харанхуй шөнө ч байсан хамаагүй морь олж ир хэмээн хөөж явуулсан хүмүүс давхар хариуцлага хүлээх ёстой. Гэвч Зүүнбаянгийн дуулиан намжаагүй байхад ахиад л цэрэг цуух дарамталсан хэрэгт холбогдохгүйн тулд Хилийн цэргийнхэн уг хэрэг явдлыг нуун дарагдуулж, цэрэг оргож яваад Оросын нутагт өөрийнхөө амийг хороосон гэдэг “үлгэр”-ээ ярьсаар оросуудтай хуйвалдаад өнгөрөөх нь тодорхой.

Tags

Related Articles

Back to top button
Close