Нийслэлийн удирдах ажилтнуудын Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт боллоо

Нийслэлийн гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний иж бүрэн сургалт өнөөдөр боллоо. Гамшгаас хамгаалах тухай хууль, тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах, удирдах албан тушаалтнуудын мэдлэгийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах талаар мэдээлэл хүргэх зорилготой уг сургалтын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож үг хэллээ.

Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахаар тусгасны дагуу хэрэгжилтийг хангах чиглэлээр шат дараатай ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Засаг дарга нээлтэд хэлсэн үгэндээ “Бид гамшиг осол хэзээ тохиолдохыг хүлээх биш, урьдчилан сэргийлж гэнэтийн болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд хэрэгжүүлэх ажил үүргээ тодорхой, ойлгомжтой, алба хаагчдын бааз суурь, бэлтгэл ажил, бэлэн байдлыг хангасан байх ёстой. Цаашдаа гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын түншлэл хамтын ажиллагаа, иргэд олон нийтийн оролцоог хангах, ард иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг чадвар олгох, бэлтгэл сургуулилтыг бүх түвшинд тогтмол хийх хэрэгтэй юм. Мөн энэ чиглэлд төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нэгдсэн удирдлага зохион байгуулалтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэн ажиллах зарчмыг тасалдалгүй хэрэгжүүлж байх нь чухал байна. Ослоос нийслэлийн иргэдийг урьдчилан сэргийлэх байгууллагын хувьд та бүхэн ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж, сургалт болон бусад ажилдаа идэвх зүтгэлтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Нийслэл хотын хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах үед газар хөдлөлтийн гамшиг болсон гэх цагийн байдал өгөгдөж, холбогдох бүхий л албан байгууллагууд “яаралтай цуглар” дохиогоор цуглаж бэлэн байдлаа шалгуулах юм.

Газар хөдлөлтийн гамшгийн улмаас нурсан барилга байгууламжид эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн байгууллага, сайн дурын хэсэг, аж ахуй нэгж хамтран 6 дүүрэгт зохион байгуулах бөгөөд Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгүүд нэрвэгдэгчдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаа зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэлээ оруулах
Нэрээ орулна уу

*