Онцлох мэдээУул уурхай

Д.Сумьяабазар: “Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа

Гэрэл зургийг Б.Чадраабал

УУХҮЯ-наас сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр болов.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар энэ оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 124 тэрбум төгрөг буюу 35.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг салбарын сайд Д.Сумьяабазар мэдээлэв.

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 400.3 тэрбум төгрөгөөр буюу 19.3 хувиар өсжээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 331.9 тэрбум төгрөгөөр буюу 22.5 хувиар, үүнээс нүүрс олборлолт 338.5 тэрбум төгрөгөөр буюу 71.9 хувиар, металлын хүдэр олборлолт 12.8 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар өссөн нь голлон нөлөөлснийг мэдээлэв.

УУХҮ-ийн Д.Сумьяабазар дөрвөн хүний амь үрэгдсэн “Эко Алтан Заамар” ХХК-д болсон хэрэг явдал ослын талаар хэлэхдээ, “Манай салбарт ийм явдал гарч буйд үнэхээр харамсаж гүнээ эмгэнэж байна. Энэ бол уул уурхайн төлөвлөлт, мэргэжлийн үйл ажиллагаа байхгүй, хаана алт байна түүн рүү сорьчлон дайрч орж байгаа, мэргэжлий бус хүмүүсийг оролцуулж буй, жинхэнэ инженер техникийн хүмүүсийнхээ үгийг сонсдоггүй, зөвхөн олзны хойноос явж буй эздийн хариуцлагагүй уул уурхайн гай өнөөдөр ийнхүү хүний амь насанд хүргэж байна” гэв.

“Заамарт гарсан осол нь уул уурхайтай холбоотой төрийн дээд, доод шатны болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрхийг тармадаж, хэрэгжүүлэх үүргүүдийг салгасны нэг жишээ болж байна. Тиймээс энд эрхзүйг шинэчлэх зайлшгүй шаардлага байна”.

Тэрээр уул уурхайг хариуцлаггүй болгож буй энэ тал дээр тусгаар зөвшөөрлийг угаасаа цуцлах ёстойг мэдэгдээд, “Эко Алтан Заамар”-ын бүх лицензийг (тус компани уул уурхайн 4 лицензтэй аж) цуцлахаар шийдвэрлэснээ мэдэгдэж, МХЕГ-аас дүгнэлт гарахыг хүлээж байна гэв.

Гэрэл зургийг Б.Чадраабал

“Дээрх явдал нь уул уурхайтай холбоотой төрийн дээд, доод шатны болон орон нутгийн байгууллагуудын бүрэн эрхийг тармадаж, хэрэгжүүлэх үүргүүдийг салгасны нэг жишээ болж байна гээд энд эрхзүйг шинэчлэх зайлшгүй шаардлага байна. Жишээ нь, манай яам лиценз зөвшөөрлийг өгдөг хэрнээ буцааагаад цуцлах эрх нь өнөөдөр манайд байхгүй МХЕГ-т оччихоод байгаа”-г хэлж өмнө нь уул уурхайн салбарын яаманд дархан эрхтэй улсын байцаагч, онцгой байдлын улсын байцаагч ажиллаж байсны хэлж байв.

Тодруулга: Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 3022 тусгай зөшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс хайгуулынх 1342, ашиглалтын 1680 лиценз байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 5.4 хувийг эзэлж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Tags

Related Articles

Back to top button
Close