Онцлох мэдээЯрилцлага

Миний эх орон ч сайхан даа

Яг өдийд холын газар энхийн үйлсэд хүчин зүтгэж, яг өдийд нүд цавчихгүй шахам хараа бэлчээж, сэрэмж алдалгүй үүргээ гүйцэтгэн нойргүй хонож байгаа цэнхэр дуулгатнууд маань хүний нутгийн тэнгэр дор юуг эргэцүүлэн байдаг бол. Мэдээж эх орон, ээж аав, эхнэр хүүхэд гээд элгэнд хамгийн ойрхон бүхнээ санадаг байх. Энэ торгон мөчийг уншигч тантай хуваалцах гэнэтийн хүслээ биелүүлэхээр БНӨСУ-д энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяртай холбогдсон юм. Урьдчилан тохиролцож ярилцлага өгөх хэн нэгнийг бэлдүүлэхээс илүү гэнэтийн бөгөөд бодит байдал хүний сэтгэлд хүрнэ гэж бодсон хэрэг л дээ. Холын Африк тивийн Өмнөд Судан улсад нар мандаж үүр цайх цагийг тооцоолон утас цохиж, амарч байхад нь “үймүүлэх” нь дээ гэж эмээнгүй холбогдтол хурандаа харин “Бололгүй яах вэ. Сайхан санал байна. Би бялдаржуулах танхимд байна. Өрөөндөө очоод холбогдъё” гэж уриалгахан хүлээж авав. “Өглөөний 5 цаг ч болоогүй байна. Та чинь унтаж амардаггүй юм уу” гэхэд “Энэ цагт бэлтгэл хийгээд сурчихсан юм аа. Ер нь ч тэгээд нойр хүрэхгүй талдаа шүү дээ. Эх орондоо очоод л нам тайван амрах байх даа” гэж хариулав. Энэ үг мэдээж асар их үүрэг хариуцлага хүлээсэн хүнээс л гарах нь ойлгомжтой. Ингээд захирагчаар нь дамжуулан эл өдөр энэ цагт харуулын цэгт үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Төгсбаяртай холбогдсон юм. Тэрээр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид 9 дэх жилдээ алба хааж байгаа аж.
Амрыг эрье. Алба тавтай юу?
-Амрыг эрье. Тавтай байна аа. Харуулд гараад одоо буух гэж байна.
Төгсбаяр аль нутгийнх вэ?
-Дорноговийнх.
Нутагтаа алба хааж байгаа юм байна. 
-Тийм ээ, төрж өссөн нутагтаа ажиллаж, амьдарч явна. Манай нутаг ч сайхан шүү.
Өдийд…
-Өө, хаврын урь орчихсон. Салхи нь хүртэл бүлээхэн үлээгээд цаанаа л нэг сайхан байгаа. Ялангуяа яг өдийд малчны хотонд мал төллөж, ид бужигнаж байгаа даа.
Гүйгээд очмоор болж байна уу?
-Морь унаад салхи исгэрүүлэн давхимаар санагдаж байна шүү. Сайхан даа, миний эх орон.
Өмнө нь эх орныхоо талаар ийм мэдрэмж, санаашрал, санахын хэцүүг авч байв уу?
-Анх удаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Хүний нутагт очоод эх орныхоо сайхныг илүүтэй мэдэрдэг тухай яриаг сонсдог л байсан. Үнэхээр л тийм сэтгэл эрхгүй төрдөг юм байна. Бүх зүйлийг нь харьцуулахаар ямар сайхан, ямар тайван нутагт төрсөн юм бэ гэж бодогддог. Бас энэ улсын хэцүү хөтүү амьдралыг хараад улс орон минь ийм болчих вий гэх айдас, болгоомжлол илүү ихээр хайрлаж хамгаалах сэтгэлтэй давхцаад. Ямар нэг юм хийх ёстой, үүрэгтэй ч юм шиг бодогдоод. Ёстой л илүү ухаан нэмнэ гэдэг нь л энэ байх даа.
Нээрээ л тэгдэг байх даа. Харуулд гарах шөнө бүр ч илүү эргэцүүлдэг биз…
-Сонор сэрэмж алдалгүй үүргээ сайн гүйцэтгэх гэж л хичээдэг. Гэхдээ хажуугаар нь түмэн бодол орж ирнэ ээ. Ээж, хань ижил, үр хүүхдээ яаж байгаа бол гэж бодно, эндэхийн ядуу зүдүү амьдрал, нутаг усных нь онцлог, ахуй амьдрал гээд олон зүйлийн тухай эргэцүүлнэ. Ийм орчинд өсч буй хүүхдүүдийнх нь ирээдүйг бодож өрөвдөнө.
Одоо наана чинь хэдэн цаг болж байна вэ? 
-Зургаан цаг. Яг нар мандаж байна даа.
Нар гэснээс танай нутагт, Дорнын говьд нар мандах ч гайхамшигтай үзэсгэлэнтэй харагддаг даа.
-Тэгэлгүй яах вэ. Улбар шар туяа хаяаруулаад нэлийгээд л гараад ирнэ шүү дээ. Энэ улсад нар тээр хол жижигхэн ч гэмээр. Орой жаргахдаа хэдэн сарвагар модны араар ороод л алга болчихдог юм. Манай нутагт бол намхан бор толгодын араар аажимхан доошилж талдаа шингэдэг. Хүний аминчхан л бодол байх даа. Ижил зүйлийг хоёр өөр болгож өөрийнхийгөө илүү юм шиг санадаг нь. Нутгийн минь бүх юм илүү гоё, сайхан санагддаг юм байна.
Суданд анх хөл тавихад төсөөлснөөс чинь хэр өөр байв…
-Пээ, ямар бүгчим юм бэ л гэж бодогдсон. Ядуу гэдэг ойлголтыг жинхэнэ утгаар нь ойлгосон.
Та хэд маань цэргийн баяртаа бэлдээд завгүй байна уу?
-Өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна баярын үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, уралдаан тэмцээн, хичээл сургалт гээд нэг л мэдэхэд өдөр өнгөрчих юм. Ялангуяа ажиллагаанд анх удаа удаа үүрэг гүйцэтгэж байгаа болохоор бүх л зүйл шинэ содон байна даа.
Одоо ч юу байх вэ, нэг л мэдэхэд эх орондоо ирчихнэ.
-Тийм ээ, хамгийн сайхан тэр мөчийг хүлээгээд л байна. Үүргээ сайн гүйцэтгэчихээд яваад очно доо.
Энэхүү боломжийг ашиглан хэн нэгэнд мэндчилгээ илгээх боломж байгаа шүү…
-Баярлалаа. Гэр бүл, хамт олондоо мэнд дамжуулж, сайн сайхан бүхнийг хүсье. Нийт цэргийн алба хаагчдадаа цэргийн баярын мэнд дэвшүүлье.
Чамд ч бас амжилт хүсье. Үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирээрэй.
Бидний хооронд эгэл жирийн ийм яриа болж өнгөрлөө. Албаны бас албан ёсны ярилцлага биш хэдий ч жирийн нэгэн цэргийн алба хаагчийн энэ ярианаас эх орноо гэх сэтгэл, цэргийн хүний үүрэг хариуцлага, ажил мэргэжлийнх нь онцлог, тэсвэр тэвчээр, ухаарал гээд олон зүйлийг мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна. Ийм олон монгол цэрэг, эх орон, эх дэлхийнхээ амар амгалангийн төлөө зүтгэж буй. Эдний маань сэтгэлд л эх орон, элгэн түмэн нь хамгийн ойр оршин байгаа.
Эх сурвалж: “Соёмбо” сонин
Tags

Related Articles

Back to top button
Close