Технологи

Хувьцааны ханш ухаалаг утсанд “багтах” цаг хэзээ вэ?

Өнөөгийн залуус учиргүй сайхан цагт амьдарч байна гэж хөгшид маань ам булаалдах юм. Хуруугаараа “мааждаг” утастай хүн хэтэвчгүй, тэр бүү хэл банкны картгүй байлаа ч ханатлаа шоппинг хийж, хүссэнээрээ зээл авах нөхцөл бүрдчихсэнд тэд ийн олзуурхаж байна.
“Лэнд.мн”-ээс мөнгө зээлэх гэж, энэ компанийн хувьцааг л авах гэж гар утастай болж байгаа хүн олон. Хувьцаа, мөнгө хоёрыг алгын чинээхэн дэлгэцэнд зэрэгцүүлэн багтаах технологийн энэ шинэчлэл хувийн компаниудынх.
Та биднийг мэдээ гарчиглаж суух зуур хилийн чанадад хэн нэгэн шар толгойтны халаасан дахь жижигхэн харилцуурт жингэнэх чимээнээр хувьцааных нь үнэ өсч, буурсныг “ховлож” байгаа. Харин бид заавал цахим хуудас руу хандаж, бас нэлээн хэдэн товч дарж байж энэ мэдээллийг авч байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн захын хөгжил нойрноосоо багахан сэрсэн ч, нүдээ олигтой нээгээгүй хүнээс ялгарах зүйлгүй хэвээр.
Сүүлийн найман жил Монголын хөрөнгийн биржийн хувьчлалын асуудал яригдлаа. Хувийн компаниуд банкнаас биш иргэдээсээ хөрөнгө татан төвлөрүүлэхэд анхаарч томоохон алхмуудыг ээлж дараалан хийгээд эхэллээ. Компаниуд эрчтэйгээр хөрөнгийн захын өрсөлдөөнийг манлайлахаар шинэчлэлийн эрэлд “шуурч” байна. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга “Лэнд.мн”-ийн хувьд нийлүүлэлтээсээ 16.5 дахин их, “Монголбазальт” гурав дахин, Торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн хувьд 1.6 дахин, “Мандал даатгал”-ын хувьд 1.2 дахин их байсан нь үүний тод жишээ биз. Удахгүй хоёрдогч зах зээлийн арилжаа хийгээд эхлэхээр дээрх компаниудын хувьцааны ханш өсч, дагаад хүмүүсийн хөрөнгийн захад   тавих анхаарал сэргэх учиртай. Цаашлаад энэ сонирхол нь цаг агаарын мэдээ шиг чухалд тооцогдох тэр цагт хөгжлийн талаар хэлэлцэж болох юм.
Долоон буудлын Дулмаа гуай үнэт цаасны ханшийн уналт, өсөлт нь өөрт нь ямар өгөөжтэйг талхны таван төгрөг шигээ мэддэг болсон болов уу. “Түмэн шувуут”-ын хувьцааг авчихсан бол ханш нь тэд болж өслөө гээд Дулмаа гуайд “хов” хүргэх хүн бий болов уу. Тэтгэврийн зээл хүлээж суухын оронд найдвартай хэдэн компанийн хувьцаа атгачихаад, ногдол ашгаараа Цагаан сарын бэлгээ цуглуулна гэдэгтээ эргэлздэггүй болсон цагт хөрөнгийн зах сэргэлээ гэж хэлж болох л байх.
Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр ““Лэнд.мн”-ээс зээл авах гэж утастай болж байна гэдэг чинь бидний үйлчилгээ утсан дээр очих шаардлагатайг харуулж байгаа юм. Бидний үйлчилгээ гар утсанд хүрэх ёстой. Хүмүүс надаас “Хэзээ брокерууд цахимжих юм бэ. Утсаараа ормоор байна шүү дээ” гэж асуудаг” хэмээснийг энд дурдах хэрэгтэй. Лондоны металлын биржийн ханшийн самбарыг мэдээллийн агентлагууд шүүрч аваад зэсийн үнийн уналт, өсөлтийг хөрөнгө оруулагчдад цаг алдалгүй дуулгаж байна. Тэгвэл бид “Түмэн шувуут”-ын хувьцааны ханшийн өсөлт, “Монголбазальт”-ын өндөр цэгийг мэдчихвэл хэдэн үнэт цаас аваад хаашаа хураахаа мэддэг болох нь лавтай. Уг нь Лондоны талтай хамтран Монголын хөрөнгийн биржийн хөгжлийг шинэ шатанд гаргах “Миллениум Ай Ти” систем арваад жилийн өмнөөс эхэлсэн түүхтэй. Гэхдээ өнөөг хүртэл энэ систем олигтой “нутагшаад” биржийн үйл ажиллагаа нуруугаа даахтайгаа болсон гээд хэлээд өгөх хүн гарахгүй л байна.
Энэ системийг Лондонгийн хөрөнгийн бирж групптэй хамтын ажиллагааны хүрээнд 2012 оноос эхлэн өдөр тутмын арилжаанд хэрэглэж байгаа юм. Дэлхийн 10 гаруй улсын 26 хөрөнгийн бирж, банк санхүүгийн байгууллагууд энэ системийг ашигладаг. Санхүүгийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг төрөл бүрийн аргаар арилжих боломжтой, захиалгыг нэг секундэд гүйцэтгэх хүчин чадалтай, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өндөр төвшинд хангасан, найдвартай ажиллагаатай гэсэн давуу талыг дээрх систем олгодог аж. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид онлайнаар арилжаанд оролцох боломжтой учраас үнэт цаасны ханшийн өөрчлөлт секундээр хэмжигдэж, үнэ тогтож байгаа нь шударга, жигд оролцоог хангадаг хэмээн мэргэжлийн хүмүүс нь тайлбарладаг.
Дэлхийн биржүүдийн стандарт Монголын зах зээлд ийнхүү нэгэнт нэвтэрчихсэн юм бол түүний үр дүнг илүү хялбар, энгийн байдлаар хөрөнгө оруулагчиддаа хүргээд эхэлбэл хот, хөдөө гэлтгүй үнэт цаасны эрэлт огцом өсөхөд эргэлзэх зүйлгүй. Банкнаас 18 хувийн хүүтэй зээл авч байхаар 15 хувийн хүүтэй бондод хөрөнгө оруулах, түүнээсээ өгөөж, ашгаа хүртээд суух боломж байна. Тэгш дүүрэн боломжийг хүүхэд, хөгшид ялгаагүй мэддэг, мэдэрдэг болох нууц нь биржийн шинэчлэл, дамжлагын хурдаас л шалтгаалах нь.
Ханшийн мэдээгээр “хов” хүргэдэг утастай болоод авбал хэтэвчин дэх мөнгөө хувьцаанд шингээх хүн Монголоор нэг байна даа.
Ж.Цогзолмаа
Tags

Related Articles

Back to top button
Close